ӨМИС-ийн Монгол судлалын дээд сургууль болон ӨМИС-ийн “Жангар” судлалын төвөөс анх удаагаа зохион байгуулж буй олон улсын “Жангар” судлалын залуу эрдэмтдийн зуны сургууль 2018 оны 08-р сарын 12-ноос 13-ны өдрүүдэд ӨМӨЗО-ы Хөххотод болж байна. Зуны сургууль нь “Жангар” судлалын залуу судлаачдын эрдэм шинжилгээний харааг өргөтгөх, олон улсын “Жангар” судлалын ирээдүйд залуу судлаачдыг бэлдэх зорилготой юм.

Энэ удаагийн залуу эрдэмтдийн зуны сургуульд Монгол, ОХУ, Унгар, Японы эрдэмтэн судлаач, дотоодын 13 их дээд сургууль, дунд сургуулийн 30 гаруй залуу судлаач, албан байгууллага, хэвлэл мэдээллийн нийт 60 гаруй төлөөлөгч оролцов.

Олон улсын монгол судлалын холбооны ерөнхийлөгч, Унгарын Өтвөш Лоранд нэрэмжит их сургуулийн профессор Бирталан Агнеш, Японы аман уламжлал судлалын нийгэмлэгийн дарга асан Чибагийн их сургуулийн профессор, доктор Огихара Шинко, Оросын холбооны Халимаг улсын их сургуулийн “Хамаг монголын соёлын өв” олон улсын эрдэм шинжилгээний төвийн захирал, профессор, доктор Хабунова Евдокиа Еренженовна, ӨМИС-ийн монгол судлалын дээд сургуулийн профессор, “Жангар” судлалын төвийн эрхлэгч Д.Таяа нарын судлаачид 12-ны өдөр лекц уншив. 13-ны өдрийн эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт 34 өгүүлэл дэвшүүлсэн бөгөөд хоёр хэсэгт хуваагдан хэлэлцүүлэг өрнүүлж, тусгай мэргэжлийн лекц хийсэн 4 багш нар өгүүллийг дүгнэж, шүүмж хийх болно.

Олон улсын “Жангар” судлалын залуу эрдэмтдийн зуны сургууль нь залуу эрдэмтдэд олон улсын “Жангар” судлалын өнгөрсөн ба өнөөгийн байдал, ололт амжилт, оршиж буй асуудал зэргийг танилцуулж, залуу судлаачдыг улам илүү сонирхон судлахад эрч хүч нэмж, урам зориг хайрлах болно.

