solongonews
Ингэж болохгүй шүү, охид оо
2015-12-28 18:21
Ажлынхаа цайны цагаар үеийн бүсгүй бас нэгэн өсвөр насны охинтой өөд өөдөөсөө харан цайлж суулаа. Элдвийг л ярьсан. Төд удалгүй зэрэгцэж суусан үеийн бүсгүй маань уулга алдан “Чиний наад нүүр чинь, ямар аймаар юм бэ” гэж дуу алдах нь тэр.
Хөгжилтэй нь аргагүй инээж, ярьж суусан охины нүүр улаа бутарч, хавь орчмынхоо хүмүүсээс ичиж байгаа нь илт. Харц доогуур хэсэг сууснаа ”Харин тийм ээ, шилжилтийн насны онцлог гэсэн. Сайн гэсэн болгоныг нь л хэрэглэж үзлээ, нэмэр болохгүй л юм.
 
Санаа зовмоор. Тэртээ тэргүй надад хэцүү байхад зарим хүмүүс “Наад нүүр чинь гэж ирээд л уулга алдаад байхаар бүр их хямраад байдаг юм. Ядаж байхад ичихээрээ амархан улайдгийг ч хэлэх үү? Нүүр улайхаар энэ жижиг гарсан юмнууд бүр тодороод, уйлмаар санагдаж байгаа юм чинь. Энэ нүүрнээсээ ичээд байж суух газраа олж ядаж байна аа, хүний нүүр рүү эгцэлж харж ч чадахаа байлаа” гэсэн юм. Өсвөр насныхан илүүтэй өртдөг батгашил жижиг асуудал мэт боловч, охид хөвгүүдгүй эмзэглэдэг. Хэн нэгэнд хамгийн сайхнаараа харагдмаар байхад, нүүрээр нь дүүрэн арсайж барсайсан зүйлс гарчихвал сэтгэл гонсойх нь хэнд ч ойлгомжтой.
 
Тиймээс охид оо, та нарын маань хэнд нь ч тохиолдож болох энэ асуудалд хайнга хандаж болохгүй. “Яанаа, ямар аймаар юм бэ?, Паахх, Юу вэ наадах чинь, Арай ч дээ” гэдэг үгс найзын чинь зүрх сэтгэлийг юу юунаас ч илүү эмзэглүүлдэг юм байна шүү. Ийм үгс хэлэхийн оронд найздаа чимээгүйхэн туслаарай. 
 
Магадгүй энэ бүгд амьдралд тохиолддог энгийн нэг үзэгдэл шиг санагдаж болох юм. Гэхдээ чиний найз урам зоригоор дүүрэн байсан бол ямар их ажил амжуулж, ойр тойрондоо хичнээн их гэрэл гэгээ цацруулах байсныг төсөөлөөд нэг үзээрэй. Хэн нэгэнд энгийн жижиг санагдах зүйлс өөр нэгний хувьд хүндхэн тусдгийг санаарай. Тиймээс охидоо хэн нэгнийхээ сэтгэлийг эмзэглүүлэх үг үйлдэл бүү гаргаарай.
 
Нархан
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл