Жяньсү мужийн Наньжин нутагтай, энэ жил 68 настай уран дархан Ван Бишэн 1973 онд Наньжин хотын “Алтан цаас” үйлдвэрээс ажлын гараагаа эхлүүлжээ. Тухайн үйлдвэрийн ажилтан Танжүшид гарын шавиар орж алтан цаас үйлдвэрлэх уламжлалт болон орчин үеийн ур мэргэжлээр хичээнгүйлэн суралцав. Мэргэшин дархан болсноор 2009 онд БНХАУ-ын үндэсний "Алтан цаасны уран дархан" хэмээх биет бус соёлын өвийн залгамжлагч болжээ.

Өмнөд нийслэл Наньжин хотын урчууд алтан цаас давтах гар хийцийн маш эртний уламжлалтай агаад орчин үеийн техник технологийг хослуулан ашигладаг аж. Мөн алт, мөнгө, зэс, хөнгөн цагаан цаасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж гадаад улс оронд борлуулдаг.

Ахмад уран дархан Ван Бишэн тэтгэвэртээ гарсан ч насан туршдаа эрхэлсэн ажил мэргэжилдээ хайртай нэгэн билээ. Тэрбээр одоо үйлдвэртээ дахин уригдан ажиллаж гар хийцийн алтан цаас давтах мэргэжлийг залуу дархчуулд зааж байна. Гар хийцийн алтан цаас нь уян зөөлөн өнгөлөг зэрэг давуу талтай тул хэрэглэгчдийн сонирхлыг татдаг юм. Орчин үеийн техник технологи нь үйлдвэрлэх хурд, хэмжээ ихтэй ч зөөлөн чанар, өнгөлгийн тухайд гар хийцийн давталтыг гүйцдэггүй сул талтай. Ийнхүү Ван Бишэний эзэмшсэн мэргэшил дахин залуу дархчуулын заавал эзэмших ёстой технологи болоод байна.

Алтан цаасыг архитектурын чимэглэлд өргөн ашигладаг бөгөөд баримал, гар урлал, уран бичлэг, уран зураг, хоол хүнс, эм бэлдмэл, үнэт өмсгөл засалд алтан утас хэлбэрээр ч чимэглэл хийдэг. Тухайлбал НҮБ-ын хурлын танхимын арын ханыг алтан цаасаар наасан байдаг.
