Дэлхийн худалдааны байгууллагын сайд нарын XII бага хурал 06-р сарын 12-нд Швейцарын Женев хотноо нээгдэв.
Уг хурал дөрвөн өдөр үргэлжилнэ. Гишүүд “COVID-19”-ийн вакциныг оюуны өмчөөс чөлөөлөх, цар тахлын хариу арга хэмжээ авах, загас агнуурын татаас, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, ДХБ-ын өөрчлөлт шинэчлэл зэрэг сэдвүүдийг хэлэлцэнэ. Мөн гишүүд ДХБ-ын цаашдын ажлын талаар хэлэлцэх болно.
ДХБ-ын Ерөнхий захирал Н.Оконжо-Ивеала хэлэхдээ "Одоогийн байдлаар дэлхий нийт цар тахал, хүнсний хомстол, уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн мөргөлдөөн зэрэг олон хямралтай нүүр тулж байгаа бөгөөд бүх талууд нэгдэж, хүндрэлийг хамтдаа даван туулах ёстой. Энэ нөхцөлд аль ч гишүүн орон ганцаараа байж болохгүй,хамтран ажиллах ёстой" гэжээ.
Мөн Ивеала хэлэхдээ "ДХБ-ын ажил нэгэнт ахиц дэвшил гаргаж, коронавирусний вакцины оюуны өмчийн эрхийг чөлөөлөх, тахал өвчний эсрэг тэмцэх, загас агнуурын татаас, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал зэрэг чухал сэдвээр баримт бичгийн төсөл боловсруулсан байна. Энэ уулзалт илүү үр дүнд хүрэхийг хичээх болно" гэжээ.
Хятадын Худалдааны сайд Ван Вэньтао уг хуралд оролцов. Тэрээр хэлэхдээ "ДХБ-ыг гол цөм болгосон олон талт худалдааны тогтолцоо нь олон улсын худалдааны тулгын чулуу бөгөөд Хятад улс дэлхийн эдийн засгийг сэргээхэд илүү их үүрэг гүйцэтгэхийн төлөө ДХБ-ыг ахиулахад бүх талуудтай хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.
Ван Вэньтао хэлэхдээ "Хятад улс олон талт худалдааны тогтолцоог хамгаалах талаар бодитой арга хэмжээ авч, ДХБ-ын өөрчлөлтийг зөв замаар хөгжүүлэхийг үргэлжлэн дэмжинэ. Өөрчлөлт нь ДХБ-ын чиг үүргийг бэхжүүлж, эдийн засгийн даяаршлыг ахиулж, бүх гишүүн орнуудад ашигтай байх ёстой" гэжээ.
ДХБ-ын сайд нарын бага хурал нь ДХБ-ын шийдвэр гаргах дээд байгууллага бөгөөд ерөнхийдөө хоёр жилд нэг удаа болдог. Сайд нарын XII бага хурлыг 2020 оны зургадугаар сард Казахстаны нийслэл Нур-Султан хотноо зохион байгуулахаар төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хэд хэдэн удаа хойшилсны улмаас Женевд зохион байгуулахаар болгон өөрчилсөн юм.
