solongonews
  Ямааны махаа үнэ хүргэсэн малчин
2016-05-09 11:48
Ямааны махаа үнэ хүргэсэн малчин

Малын үнэ буурч, мал аж ахуй хүндрэлтэй байгаа өнөө цагт малчид гар мухардан гачигдахад малчин Жараннэг харин зах зээлийг хайж, зам нээж сууна. 2012 оноос эхлэн ямааны махаа борцлон худалдаж, ямааны борцолсон мах 500 гр нь 120-130 юань хүрдгээс амьдаар нь худалдсанаас 400 шахам юанийн илүү орлого олдог болжээ. Малын үнэ хэзээ өсдөг бол гэж малчид санаашран суухад малчин Жараннэг харин жилдээ хэдэн зуун ямааны мах борцлон худалдаад ажил ихтэй, ашиг орлоготой сууна.

- Уржнан өвөл 500 ямааны мах борцолж, өнгөрсөн жилийн 8 сарын үед худалдаад дуусчихсан, өнгөрсөн өвөл 200 ямааны мах борцолсноо энэ 4 сард худалдаад дуусчихлаа. Ихэнх малчид намартаа малаа төвлөрүүлэн худалддагаас малын үнэ буурах буюу зарагдахгүй байдал гардаг. Үүнээс зайлсхийвэл зохино гэж байв.

Ийн малчин Жараннэгтэй ярилцан суухад зах зээлийн зайд ухаан сорьж, хашир суусан нь илхэн байлаа. Жараннэг Баяннуур хотын Урадын дунд хошууны Онгон суурины Шарчулуу багийн малчин юм.

 

500 кв.м талбайтай хүйтэн агуулахад ярайтал өлгөж байгаа борцолсон мах, 1 сая гаруй юанийн хөрөнгө оруулалттай хашаа хороо, байшин, тор хүрээ, бэлчээр өвс гээд бүтээн байгуулсан дэд бүтэц, барилга байгууламж нь 2800 кв.м, гаднаа сойсон ганган хүлэг Land Rover гээд малчин Жараннэг ахуй амьдралынхаа алхам бүрийн ажлаа зорилготой хийж байгаа нь харагдана.

 

Ямааны махаа борцлон зах зээлд гаргав

 

- 2012 онд тавиад ямааны мах борцлон худалдахад борлуулалт их сайн байсан бөгөөд ашиг орлого ч өмнөхөөсөө илүү байлаа. Малын ашиг шимээ боловсруулан худалдаж, монголчуудын уламжлалт хоол хүнсийг зах зээлд гаргах санаатай анх туршиж хийсэн гэж Жараннэг ярив.

Тэрээр борцолсон махаа Бээжин, Ниншя зэрэг бусад муж хот болон Өвөр Монголынхоо аймаг хотуудаар борлуулдаг. Жараннэг мал бэлчээрийн цаг заваа зүгээр суугаад өнгөрөөдөггүй. Харин хөдөөгийн ажил ихтэй үеэ өнгөрөөгөөд, жилийн зуун хоногийг бараг гадуур явдаг гэнэ. Бээжин, Шиньжян, Ляонин, Хөхнуурын Дэлхий хот, Дулаан шянь, Хайш жөү, Өвөр Монголынхоо аймаг хотуудаар байнга явдаг. Газар болгоноор явж, мал аж ахуйн шинэ арга туршлага, мал аж ахуйгаа хөгжүүлж байгаа хүмүүсийн арга туршлагыг сурч судлах нь түүний сонирхол болжээ.

Жилдээ гадагш “суралцаж, судлах”-аар яваад хэдэн арван мянган юань хайрлалгүй зарцуулдаг нь буурлуудын хэлдгээр “Олбогоо цоортол суудаг мэргэнээс олныг тойрсон мунхаг дээр” гэх үгийн утгыг ухсан гэдэгтэй дүйх биз ээ. Үргэлж гадагш гардгаас танил тал олонтой Жараннэг байнгын холбоотой байдаг Ниншягийн мах махан бүтээгдэхүүний компани болон Бээжингийн нэгэн махны компанитай урт хугацаагаар хамтран ажиллан борцолсон махаа шууд борлуулсаар иржээ.

- Малын махаа борцолж худалдах нь амьд мал худалдсанаас илүү ашигтай. Тухайлбал ямааны махаа борцолж худалдахад 500 гр бүрдээ ойролцоогоор 120-130 юань, дээр нь ямааны арьс ноолуур, гэдэс дотрыг нь оруулбал нэг ямаа ойролцоогоор 1300 юаньд хүрдэг. Тэгэхэд Нөөцийн махаар худалдвал 15 килограммаас илүү эр ямаа килограмм бүрдээ 42 юань, 15 килограмм хүрэхгүй бол үнэ нь улам хямд болно. Мөн толгой шийрийг нь үнэгүй авч, бог мал бүрээс нядалгааны төлбөр гэж 10 юань авдаг. Нарийн бодож үзвэл толгой бүрээс 300-400 юанийн зөрөө гардаг гэж байв.

Жараннэгийнх өнгөрсөн жил 500 бог малын нойтон махыг хавар, намар, өвөл гурван улиралд хуваан худалдсаны зэрэгцээ өнгөрсөн өвөл 200 ямааны мах борцлон худалджээ.

Мал аж ахуйн зах зээлийг сайн мэдэх Жараннэг малаа амьдаар нь худалдвал дамын наймаачид илүү ашиг хүртээж харин малчид ашиг орлого муутай байдгаас малаа амьдаар нь худалддаггүй байлаа. Малын мах чанартай баталгаатайн дээр борлуулах арга замаа олбол борцолсон мах болон нойтон махны аль аль нь борлуулалт сайтай болно гэдгийг тэр өөрийн туршлагаараа гэрчилжээ.

- Мах борцлоход бас учиртай. Өвөл хөлдөхөөс өмнө борцолно. Хонь малаа муулаад яснаас нь салган, тухайн өдрөө борцолно. Хатааж байх үед шөнөдөө 0 буюу -1 хэм байх хэрэгтэй бөгөөд өдөртөө +1 хэм орчим байхаар зохицуулна. Ингэж байж өөх нь шарлаж, амт нь өөрчлөгдөхгүй сайхан болдог. Хонины мах борцолж болохгүй, монгол уламжлалт анагаах ухаанд хонины мах зуун өдөр өнгөрвөл шимээ алдаж, ямааны мах зуун өдөр өнгөрвөл эм болно гэдэг шүү дээ гэж бидэнд мах борцлох арга ухаанаасаа хуваалцаж байлаа.

Мал аж ахуйн арга хэлбэрээ тасралтгүй шинэчлэн өөрчлөх хэрэгтэй гэдгийг эрт мэдсэн Жараннэг 2005 оноос Өвөр Монголд анх нийгэмлэг үүсгэн байгуулагдаж байхад Шилийнгол аймгийн Баянхур нийгэмлэг, Харговь нийгэмлэгтэй хамтран нутгийн сайн үүлдрийг бойжуулах зорилготой үрийн мал тэжээн үржүүлэх ажлыг хийж байжээ.

Малчид мал маллах аргаа шинэчлэх хэрэгтэй

Жараннэгийнх 10 мянга гаруй акр талбай бэлчээр нутагтай бөгөөд 10 мянга гаруй акр талбай нутаг бэлчээрийг хориод жилийн хугацаатай түрээслэн ашиглаж байна. Бэлчээр сэлгэн маллах, мал бэлчээрийн тэнцвэрийг барьж, хэдэн жилийн өмнөөс эхлэн малын тоо толгойгоо багасган, бод бог малын харьцлыг тэнцүүлэн маллажээ.

Жараннэг жилдээ төл малаа худалддаггүй бөгөөд нутгийн үүлдэр болох “Хоёр богд”-ын ноолуурын ямаагаа голлон маллаж ирсэн бөгөөд малын ашиг шимээ зах зээлд гаргах шинэ арга замыг хайсаар байна.

- Төл малыг худалдах нь тийм ч сайн арга биш. Өвс бэлчээр тааруухан бол төл малыг худалдсан ч үнэ хүрлээ гэхэд 200-300 юань хүрнэ. Нэг төлийг бойжуулахад хүч хөдөлмөрөө тооцохгүй 200-300 юань зарцуулна. Ингээд бодоход малчид ямар ч ашиг орлогогүй бөгөөд хүч хөдөлмөрөө зүгээр л үрсэн болно.

Заавал үүлдрийн мал маллаж, малын тоо толгойгоо олон болговол ашиг орлого сайн байна гэх ойлголт буруу. Өнөөгийн зах зээлд малчид уламжлалт аргаа баримталж болохгүй гэж Жараннэг ярьж байлаа.

Зохиогч: УРАНТАНА, СОЁМБО
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл