Модод найгаж навчис хийсээд байгаль дэлхий шаргал өнгөөр хучигдсан намрын өдрүүд үргэлжилсээр...
Солонго мэдээллийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “СОЛОНГО АЯЛАЛ”-ын долоо дахь удаагийн аялал 10 дугаар сарын 10-ны өдрөөс 17-ны өдрүүдэд үргэлжиллээ. Солонго мэдээллийн төвийн гурван сэтгүүлч, ӨМӨЗО-ы Хөххотод ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэн Г.Ганбаярын хамт дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй аяллын баг Тунляо хотоос сурвалжилгын аянаа эхлүүлсэн бол энэ удаад Тунляо хотын Монгол эм эмнэлгийн музей, хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргаа, тариалалт, ургац хураалт, мал ахуйн үүлдэр сайжруулалт, сүү, сүүн бүтээгдэхүүний арга туршлагатай танилцлаа.

Тунляо хотын Монгол эм эмнэлгийн музей
Бидний анхны өртөө Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн Музей байлаа.
1958 онд байгуулагдсан Тунляогийн Багшийн Тусгай Мэргэжлийн Дээд Сургууль, Жирэм аймгийн Эрүүл Хамгааллын Сургууль, Жирэм аймгийн Тариалан Мал Аж Ахуйн Сургууль зэрэг гурван сургуулийг нэгтгэн Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийг 2000 онд байгуулжээ.
Намын үндэстний бодлого, Монгол-Хятад эмнэлгийн бодлогын ачаар Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн монгол эм эмнэлгийн салбар маш хурдтай хөгжсөн байна.
Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн Музей нь 2000 хавтгай дөрвөлжин метр талбайг хамардаг бол монгол анагаах ухааны түүх соёл, эмийн материал ба найрлага, эмийн ургамал, эмийн амьтан зэрэг дөрвөн том танхимаас бүрддэг. Тус музей нь одоогоор Хятад улсын дотоод болон гадаадад цар хүрээгээр хамгийн том, агуулга хийгээд үзэсгэлэнгийн хэлбэрээр хамгийн баялаг монгол эм эмнэлгийн музей болоод байгаа юм.
Музей нь хадгалах, хамгаалах, сургалт судалгаа ба уламжлан дэлгэрүүлэх талд гол зорилго тавин ажилладаг ба үсэг бичиг, бодит эд материал, хөрөг баримал, загвар зураг, дуу дүрс зэрэг арга хэлбэрээр дамжуулан монгол эм эмнэлгийн үүсэл хөгжил, үндэстний соёлын өвөрмөц онцлогийг таниулан, монгол эм эмнэлгийн биет соёл болон биет бус соёлын өвийг дэлгэж, монгол эм эмнэлгийн соёлыг уламжлан өвлүүлэх, түгээн хөгжүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлж байна. Музейд 300 гаруй төрлийн эмийн материал, 100 зүйлийн эмийн амьтны чихмэл загварыг хадгалж байна.

Тариан талбайгаас цуурайтах хөдөлмөрийн уухай
Хадлан тариа халиуран найгасан намрын өнгө налгар сайхан. Бидний аялал үргэлжилсээр... Бид Тунляо хотын Ёлын мод суурингийн Тэсэх хуа багийн тариачин Хүрэлбаатарын тариан талбайд аяны жолоогоо татан, хэсэгхэн зуур хөөрөлдлөө.

Тариачид ургацаа хураан тун завгүй ажиллана. Намрын ургац хураалтыг анх харж буй манай оролцогч Г.Ганбаярт энэ ажил их л сонирхолтой байсан бөгөөд тэрээр тариан талбайд тариачдын хамт ажиллан тариачин айлын амьдралтай танилцлаа.
Хүрэлбаатарынх 3 гаруй га тариан талбайдаа эрдэнэ шиш, ногоон буурцаг тарьдаг. Тэрээр жилд 40 мянган килограмм эрдэнэ шиш, 400 килограмм ногоон буурцаг хураан авч 10 мянган юанийн ашиг орлого олдог гэж байлаа.

Үүх түүх өгүүлсэн Хамбын туурийн музей
Солонго аяллын баг шаргалтан халиурах тариан талбайг сонирхон хурдны замаар давхисаар нар жаргахын үед хот суурингаас нэлээд зайтай байрлах томоохон барилга бүтээн байгуулалттай Хамбын туурийн музейд ирлээ.
Хамбын туурын музейг 2016 оны 08 дугаар сард байгуулжээ. Тус музей нь Тунляо хотын Хорчин Зүүн Гаран Дунд хошууны Шээвэрт суурингийн нутагт харьяалагддаг бөгөөд 4800 хавтгай дөрвөлжин метр талбайг хамардаг байна.

2010 оноос 2014 он болтол 8200 гаруй хавтгай дөрвөлжин метр талбайг малтаж, 81 орон сууцны туурь, 14 булш, ваар сав, чулуун зэвсэг, хясаа, хас, яс зэрэг 2000 гаруй зүйлийг илрүүлжээ. Хамбын туурийн музейд одоогоор 385 түүхэн дурсгалт зүйлүүд дэлгэгджээ. Эдгээрт чулуу, хясаа, хас, яс, ваар шаазан зэрэг эдлэл хэрэгслийн зүйлүүд бий. Музейн олдвор нь 2011 онд "Бүх Хятадын хууч судлалын арван шинэ илрүүлэлт", "Хятад улсын хууч судлалын зургаан илрүүлэлт"-ээр, 2016 онд "ӨМӨЗО-ы хууч судлалын буурийн тэргүүний арван парк"-аар сонгогджээ.
5500-5000 жилийн өмнөх үүх түүхийг өгүүлэх балар эртний үеийн хүн төрөлхтний эд зүйлийг уул хэвээр нь хадгалан үлдээж байгаа гэдгээрээ маш үнэ цэнэтэй санагдаж билээ.

Үхрийн хашаанаас өдрийн ажил эхэлнэ
Ургац хураалт элбэг, малын тарга хүч сайн, хүн малын зоо тэнэгэр сайхан намар болж байна.
Тунляо хотын Хорчин Зүүн Гаран дунд хошууны хөдөө орон нутгаар явж байхад ихэнх иргэд сүүлийн жилүүдэд тариа тариалахын зэрэгцээ үхэр маллах болжээ. Манай баг Хуатугал суурингийн Зүүн Монгол Айл багийн иргэн Хуа Вэйдүний ажил амьдралтай танилцлаа.
Хуа Вэйдүний гадаа очиход үхэр мөөрөлдөж нохой хуцан бөөн чимээ шуугиантай байлаа. Тэрээр 2018 оноос эхлэн 60 гаруй семинтар үүлдрийн махны чиглэлийн үхэр худалдан авч өнөөдөр болоход жилд 50-иад тугал тосох болжээ. Үүний зэрэгцээ 12 гаруй га талбайд тариа тарьж жилийн нийт орлого нь 300 мянган юаньд хүрч байна.

Өдрийн ажил өглөөнөөс эхэлдэг. Хуа Вэйдүн өнөөдөр ч заншил ёсоор эртлэн босож цайгаа яаруухан уугаад манай оролцогч Г.Ганбаярын хамт үхрийн ажилдаа гарлаа. Үхрийн өвс тэжээл өгөх, бордоо холих, үхэр уях, услах гээд зав чөлөөгүй өрнөдөг ажлууд нь түүний хувьд гарын аяар болдог байсан бол харин Г.Ганбаярын хувьд анх удаагаа ийм ажилд гар бие оролцож байгаа юм.
- Өдөрт хоёр удаа өвс тавьж өгөн хоёр удаа тэжээл бордоо өгдөг. Дөрвөн улиралд 24 цагаар хашаалж тэжээдэг хэмээн Хуа Вэйдүн малчны амьдралаа танилцууллаа.
Тэдний хашаанд тариа хадаж, өвс тэжээл хэрчиж холих хөдөө аж ахуйд хэрэглэх том хэлбэрийн орчин үеийн олон төрлийн машин төхөөрөмж жигдрэн харагдана.
- Тариа тарих, тариа хураах, өвс тэжээл холих хэрчих гээд ихэнх ажлыг машин төхөөрөмж ашиглан хийх болсноор хүний хүч хэмнэдэг болсон. Эхнэр маань Хуатугал сууринд шуудан товчоонд ажилладаг. Хүүхэд сургуульд суралцаж байна. Би ганцаараа хөдөөний ажлаа амжуулдаг талаараа яриад цахилгаан худагнаасаа үхрээ усаллаа.
Цаг үеийн хөгжилтэй уялдуулан өндөр ашиг шимтэй үхэр тэжээн, орчин үеийн хөдөө аж ахуйн иж бүрэн системийг цогцоор нь угсран ашиглаж буй түүний амьдрал ахуй, уйгагүй хөдөлмөртэй танилцахад өөрийн эрхгүй бахархал төрж байлаа.

Сүүн цацалтай үйлс
Иргэд олон нийтийн хүнсний хэрэглээний чиг хандлага өөрчлөгдөн байгалийн, шинэ, эко бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэхийг хичээх болсон энэ цаг үед сүү, сүүн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна.
Дээр үеэс уламжлан ирсэн сүү, сүүн бүтээгдэхүүнийг орчин цагийн хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, сүүлийн үеийн автомат, инновацад тулгуурлан байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулж буй "Үнэн" сүү цагаа идээ боловсруулах үйлдвэрийг Солонго аяллын багийнхан онцлон танилцуулахыг зорилоо.
Тунляо хотын Хорчин зүүн гаран хойд хошууны Чулуут суурингийн Онгоц багт байрлах "Үнэн" цагаан идээ боловсруулах үйлдвэр нь Засгийн газрын төслөөр 2017 онд байгуулагдаж, одоогоор үнээ саах, үхэр тэжээх, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, тэжээл бордоо холих гээд үхэр маллахаас эхлээд сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах хүртэл бүгдийг өөрсдөө хийж буйгаараа онцгой юм.

Үйлдвэрийн байр хөргөгч, хөлдөөгч, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тасаг, хатаах тасаг, боловсруулах тасаг гээд олон тасгуудтай бөгөөд нэлээд их сүү, сүүн бүтээгдэхүүн өрж тавьсан байлаа.
Тус үйлдвэр нь өдөрт 1500 килограмм сүү боловсруулж, арваад төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Өөрийн тэжээж буй үнээний сүүний гаралт нь үйлдвэрийн хангалтад хүрэхгүй байдаг учраас ойр орчмын 28 айл өрхийн үнээний сүүг газар дээрээс нь захын үнээр худалдан авч тэдний санхүүг дэмжин орлогыг нь дэмжиж байна.
- Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сүүгээ малчдаас килограмм бүрийг 3.6 юаниар худалдан авдаг. Мөн үүний дээр Хөдөө аж ахуйн товчооноос үйлдвэрт сүү хангаж буй айл өрхийн үхрийн тоо толгойгоор үхэр бүрд жилд 200 гаруй юанийн нөхвөр олгодог. Нөхвөр нь нэг килограмм сүү тутамд 1 юанийн нөхвөр олгодог хэмээн тус үйдвэрийн захирал Бао Шяорүн танилцууллаа.

Улмаар үйлдвэрлэсэн сүүн хурууд, өрөм, шар тос, ааруул, зөөхий гэх мэт бүтээгдэхүүнийг савлан боож баглаад шуудангаар дамжуулан вичат буюу захиалгаар худалдан авсан хүмүүст явуулдаг байна.
Малын хашаа саравч бүтээн байгуулалт сайтай, тэжээл бордоо холих машин төхөөрөмж иж бүрэн, үнээ саах тусгай автоматжуулсан саравчтай, алсаас удирдах төхөөрөмжийг ашигладаг нь шинэ цагийн малчин.
Намар цагийн тарга хүч сайн үхрүүд хашаа хороондоо тайван хэвтэнэ. Бао Шяорүнгийнх одоогоор 170 гаруй семинтар үхэр маллаж байгаа бөгөөд 13 га талбай эрдэнэ шиш, ногоон дарш тарьдаг байна. Гэсэн хэдий ч үхрийн бүх тэжээл бордоог хангах боломжгүй учраас гаднаас өвс бордоо худалдан авна.
Тус үйлдвэр байгуулагдсанаар сүү, сүүн бүтээгдэхүүний эдийн засгийн эргэлтийг сайжруулах, орон нутагт ажлын байр шинээр бий болгох зэрэг ач холбогдолтой юм.

Адууны дэргэд
Адуу халуун хошуутай, хийморьтой, буянтай амьтан. Манай багийнхан Тунляо хотын Хорчин Зүүн Гаран хойд хошууны Чулуут суурингийн Амтлаг багийн адуучин Чинлүнгийн адууны дэргэд морь малаа өсгөн үржүүлсэн замнал, амжилт ололт, сайн туршлагын талаар цөөн хором хөөрөлдлөө.
Бага байхын адуунд хайртай Чинлүн сургуульд сурч байхдаа ангийнхаа цонхоороо адуу мал харан суудаг байжээ.
Их сургуульд элсэх шалгалтад тэнцээгүй учир хөдөө ирж мал маллаж эхэлсэн гэж тэрээр хөдөө ирж малчин болсон түүхээ ярилаа. Анх үхэр голлон малладаг байснаа хөдөө орон нутагт адуу цөөрч байгааг хараад үхрээ цөөлж 2015 оноос адуу маллаж эхэлжээ. Улмаар хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болж, Бүх Хятадын хэмжээнд том жижиг найр наадам, морин спортын тэмцээн, морин уралдаанд олон удаа оролцож шагнал урамшууллаар ханаа дүүргэжээ.
Малын хотноос нь адууны үнэр үнэртэж хийморь сэргэж байлаа. Хөрслөг бор царайндаа жаргалын мишээл тодруулсан адуучин Чинлүн өглөөний ургах нарнаас унах наран хүртэл завгүй ажилладаг их хөдөлмөрч нэгэн. Нутаг бэлчээр бага, хүн ам олноос болоод өөр өөрийн хувьчилсан алгын чинээ нутагтаа ихийг хийхэд ур ухаан, шандас шалгадаг. Ялангуяа адуу маллахад маш хэцүү. Гэсэн хэдий ч Чинлүн 70 гаруй адуу, цөөн тооны үхэр хонь малладаг. Тэрээр өөрийн 100 гаруй мү нутаг бэлчээрээс гадна 70 гаруй мү нутаг бэлчээр түрээсэлдэг.
- Нутаг бэлчээр бага учраас ихэнхдээ хашаалж малладаг. Жилийн дөрвөн улиралд өвс тэжээл өгдөг гэж ярингаа хашаан дахь адуундаа өвс хаяж өглөө.

Сүүлийн жилүүдэд малчид малын тоо толгой гэхээсээ илүү чанар, үүлдэр сайжруулахыг илүүд үзэх болжээ. Чинлүн ч адуугаа эрлийзжүүлэхээр Америк, Австралиас сайн үүлдрийн адуу оруулан адууныхаа цусыг сайжруулжээ.
- Эрлийз адуу нь өвс тэжээл, жилийн дөрвөн улиралд хэрэглэх бордоо гээд зардал өндөр гардаг. Гэхдээ уяж уралдуулах зорилгоор тэжээх учир өндөр үнээр худалдаж ашиг орлого олох боломжтой. Адуу малладаг хүмүүс хоорондоо солилцох, зарах гээд байнгын хөдөлгөөнтэй байдаг. Миний нэг адууг 530 мянган юаниар авсан. Бас нэг хурдан хүлгийг 500 мянган юаниар хүн авах гэхэд нь би өгөөгүй гэлээ.

Чинлүн хоёр хурдан хүлэг, хоёр жороо морьтой. Жилийн турш морин уралдаан тэмцээнд оролцдог болохоор том хэлбэрийн 10 морь ачих боломжтой зөөврийн машин авчээ.
- Уралдаан тэмцээнд оролцохоор Хятадын өнцөг буланг үлдээлгүй явсан. Монгол Улсын найр наадмаар явж морин уралдаан үзлээ. Адуу гэдэг сайхан амьтан гэж ярих Чинлүний ярианаас моринд аргагүй хайртай нь мэдрэгдэнэ.

Хайр хайрын Батцагаан
Манай багийхан “Солонго аялал”-ын энэ удаагийн хамгийн эцсийн өртөө болох Туняао хотын Хорчин Зүүн Гаран хойд хошууны төв Ганзага суурингаас зүүн өмнө 55 километрийн зайд орших Батцагаан цэцэрлэгт хүрээлэнд очин Хорчин нутгийн дуунд гардаг “Хайр хайрын Батцагаан”-ыг сонирхлоо. Тунляо хотын арван том цэцэрлэгт хүрээлэнгийн нэг тус цэцэрлэгт 100-200 жилийн настай Батцагаан мод бий. Батцагаан нь намар цагаар шаргалтан улайж хамгийн сайхан өнгийг бүрдүүлдэг бөгөөд хол ойрын маш олон жуулчин ирж сонирхоно.

...Намаа намаагаа дэрлэсэн Батцагааны навчис
Намар намрын өнгөөрөө налгархан улайна
Ай хө зээ хө
Хайр хайрын Батцагаан ... гэх Хорчин нутгийн “Хайр хайрын Батцагаан” дууны үг эрхгүй сэтгэлд бууна.
“Солонго” аялал маань ийнхүү Тунляо нутгаар аялсан долоон өдрийн аяллаа өндөрлүүлж байна. Энэ удаагийн аялал маань та бүхэнд шинэ сонирхолтой мэдээ мэдээллийг хүргэсэн гэдэгт итгэлтэй байна. Ирэх жилийн аяллаараа эргээд уулзахын ерөөл тавъя.
