БНХАУ дэлхий орчмын орон зайг судлах, сансрын тоног төхөөрөмж турших зорилгоор “Шы Яань-6” цувралын гурав дахь хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ.

Хиймэл дагуулыг Шань Си мужийн Тай Юань сансрын буудлаас орон нутгийн цагаар 07:01 цагт “Чан Жэн-4B” зөөгч пуужингаар хөөргөсөн байна.

“Чан Жэн” цуврал пуужингуудын хувьд 365 дахь удаагаа хиймэл дагуул хөөргөсөн нь энэ юм.

БНХАУ цаг уур, харилцаа холбоо, навигацын хиймэл дагуулууд, мөн Сарыг эзэмших технологийг боловсруулж, сансар судлалын үндэсний хөтөлбөрөө эрчимтэй хөгжүүлж байгаа билээ. Хятад улсын эрдэмтэд мөн солирууд, Ангараг гарагийг судлах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.

БНХАУ энэ онд хамгийн багадаа 40 удаа хиймэл дагуул хөөргөж, үндэсний дээд амжилтаа шинэчлэн тогтоохоор төлөвлөж байна гэж Хятадын сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацын (CASC) мэдэгдэлд дурджээ.
