Төлөвлөсөн төөрөг
2015-12-28 18:21
Гэтэл гэнэт хаа нэгтэйгээс “Туслаарай хүмүүсээ, болохоо байлаа” гэсэн эмэгтэй хүний сандарсан дуу час хийгээд явчихав. Энүүгээр тэрүүгээр хүмүүс гүйлдэж “Юу болов, яав” гэцгээж сандралдана. Батаа энд таних хүнгүй учир хий дэмий л хэрэгт дурлаж, сониуч зандаа хөтлөгдөж юу болсныг сонсохыг хичээж чихээ тавина
Батаад ер бусын сайхан мэдрэмж төрж байлаа. Амьдрал түүний өмнө амжилтын хаалгаа цэлийтэл дэлгэсэн мэт. Бүх зүйл түүний хүссэнээр болох юм шиг. Гэвч хонгилын урт сандал дээр цомцойн суучихаад хувцсаа байн байн засч, цагаа үе үе харах нь түүнийг түгшсэн, хичээсэн бас хэн нэгнийг хүлээж ядсан дүр төрхийг илтгэнэ.
Гэтэл гэнэт хаа нэгтэйгээс “Туслаарай хүмүүсээ, болохоо байлаа” гэсэн эмэгтэй хүний сандарсан дуу час хийгээд явчихав. Энүүгээр тэрүүгээр хүмүүс гүйлдэж “Юу болов, яав” гэцгээж сандралдана. Батаа энд таних хүнгүй учир хий дэмий л хэрэгт дурлаж, сониуч зандаа хөтлөгдөж юу болсныг сонсохыг хичээж чихээ тавина. Түүний таамагласнаар энэ газрын нэгэн ажилтан нь ухаан алдаж, эмнэлэг дуудсан бололтой. Батаагийн хүлээж байсан хүн сая л ирлээ.
-Ахын дүү удаан хүлээв үү? Чамайг энэ хүнд даатгаад захиад үлдээсэн байхад, чи ч алзахгүй дээ. шийрийг нь хатаадаггүй юмаа гэхэд ажлаа мэддэг сэтгүүлч болох нь гарцаагүй.
“Хүсэн хүлээсэн мөч чинь ирлээ дээ” гэж түүний мөрөн дээр эр хүний ёсоор алгадаад, хэлсэн зүйлийг нь сайн сонсоод хичээгээд л байж дээ гэж цагтаа амжих гэж яаран ирсэн ах минь дээд доод өнгөөр санд мэнд хэлэнгээ “Юун сүрхий гялаан цалаан юм өмссөн юм дээ” гэж хичээж гоёсон хослолыг нь хялам хийж амжих нь түүний өөртөө итгэх итгэлээс хугаслаад хаячих шиг...
Сэтгүүлч болно гэдэг асар их мэдлэг, тэвчээр, зүрх сэтгэл шаардсан ажил. Энэ ажлыг хэн дуртай нь хийдэггүй юм гэсэн үгийг багшаасаа сонсож байсан санагдана. Энэ бүх үзүүлэлтийг хангаж чадахаа мэдэхгүй ч ахыгаа даган уртаас урт хонгилоор Ариунаа гэдэг сэтгүүлчийн өрөөг чиглэн алхахдаа амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг нээж байгаагаа ухаарч “Чи чадна хичээнэ шүү” гэж өөртөө хэлэн алхлаа.
-Нямаа ахаа баларсаан. Ариунаа эгч түрүүн ухаан алдчихсан. Тэгээд сэргэдэггүйээ. Эмнэлэг дуудсан ирдэггүй одоо яанаа гээд шаргал үстэй царайлаг хүүхэн санд мэнд гүйж ирээд өндөр өсгийт дээрээ дэвхцэж, гараа савчин сандчин хэлэв. Бид гүйх шахам өрөөнд ортол Ариунаа сэтгүүлч ширээгээ дэрлээд ухаангүй хэвтэж байлаа.
-Би ямар азгүй хүн бэ? Уулзах гэж өчнөөн бодож арай гэж ирэхэд ухаан алдчихдаа яахав дээ. Хоёр цагийн өмнө ирсэн бол уулзчих байж, өнөөдөр л лав чадахгүй нь. Дараа бас уулзах гээд ирэхэд яасан байх бол. Уулзах тавилангүй юм уу, хаашаа юм гээд түүнд зориулж гоёсон гялтгар пиджакныхаа халаасанд хоёр гараа хийчихээд тэр хүний ухаан орох эсэхэд биш өөрийгөө ажилд орох, эс орох талаар бодож өрөөнийх нь буланд зогсоно.
Энэ хүний тухай домог шиг яриа зөндөө. Уран үг, хурц үзгээрээ хорвоогийн ил далд, сайн муу, сайхан муухай юмсыг хэний ч хараагүй тэр л өнцгөөс харж, ямар ч төрлийн ярилцлага, нийтлэл бичсэн өөлөхийн аргагүй төгс болдог нь хэн бүхэнд хүлээн зөвшөөрөгддөг.
-Ухаан алдсан хүнийг ингээд байлгаад байх нь буруу. Сандал дээрээс нь өргөөд буйдан дээр тавиад дахин үнэртэй ус үнэртүүлье. Зам түгжрээтэй учир эмнэлэг удах байх гэж Нямаа ах хэлэв.
Тэнд эрэгтэйчүүдээс ах бид хоёр л байсан учир би цээжнээс нь, ах хөлнөөс нь өргөөд өрөөний баруун талд байрлах саарал савхин буйдан дээр дээш нь харуулж хэвтүүлэв. Түүнийг дөчин есөн настай гэхэд хэн ч итгэхгүй байх. Саарал бариу юмбка, босоо захтай цагаан цамц түүнийг улам жавхаатай харагдуулж, цэвэрхэн арьс, ороосон үс, цагаан сувдан ээмэг бөгжний хослол нь улам гэрэлтүүлж, аминдаа арчаатай, залуу сэтгэлгээтэй, эрч хүчтэй нэгэн болохыг илтгэнэ. Би цээжийг нь бага зэрэг өндийлгөж, шаргал үстэй эгч үнэртэй үс үнэртүүлж, хаалга, цонхоо бүгдийг нь онгойлгож аль болох агаар оруулахыг хичээж байлаа. Гэнэт түүний цээж нь түнхэлзэж, огих гэж байгаа юм шиг болж, хоёр гурав сонин жигтэй дуу гаргаад чимээгүй болж толгой нь түүний өвөр дээр гэлжийж сулраад ирэв.
Өрөөнд байсан хүмүүс хашигралдан, ах их л эмгэнэлтэй доошоо харж байхыг хараад энэ хүн ингээд өнгөрлөө гэж ойлгоод цээжийг нь хэвтүүлэхдээ толгойд нь сэм хүрч, “Агуу сэтгүүлч минь мэргэн ухаанаа надад хайрлаарай” гэж дотроо шивнээд амжив.
Энэ үед эмнэлэг бас түүний нөхөр, хүүхдүүд ар араасаа цувран орж ирж уйлаан майлаан бөөн юм болох нь тэр. Ах бид хоёр гадаа гарч хоёулаа юу ч хэлэлгүй хэсэг чимээгүй зогсов.
Ах хоолой засаад:
-Их л гэнэтийн сонин зүйл боллоо. Юу ч гэж хэлмээр юм бэ дээ... гэж тамхиа байн байн сорсноо:
-Ах нь эднийд гурван жил жолооч хийж байх хугацаандаа энэ хүнийг ямар хүн болохыг сайн мэднэ. Дүүгээ даатгачихвал алзахгүй гэж бодож байлаа. Гэвч чадсангүй. Миний дүү амьдралын нэгэн хатуу үнэнг нүдээрээ харлаа. Ухаантай байна шүү... гэснээс өөр юу ч хэлсэнгүй.
Бороо зөөлнөөр шивэрсэн тэр өдөр зүгээр л алхмаар санагдаж, амьдралын тухай, үхлийн тухай, амжилт ололтын тухай, хэзээ ч бодож байгаагүй олон зүйлийн талаар өөрөө өөртөө ярьсаар сая л тэр гэртээ ирлээ.
Тэр шөнө Батаа цурам ч хийсэнгүй. Тэр азтай бас азгүй хүн аж.
Сургуулиа төгсөөд тэр хүнтэй ажиллана даа гэсэн мөрөөдөл нь талаар болж, үг ч сольж чадаагүй, энэ бол азгүй тохиолдол. Нөгөө талаасаа тэр агуу хүнийг эцсийн замд нь толгойг нь түшсэн азтай хүн...
Шөнийн 03.00 цаг. Түүний гар загатнаж, толгойд нь усны эргүүлэг шиг хүчирхэг сайхан санаанууд эргэлдэн хуйлрах нь хэзээ ч мэдэрч байгаагүй сонин мэдрэмж байлаа. Ширээний гэрлээ асааж үзэг цаасаа нийлүүллээ. Уран үг, давтагдашгүй санаа тархинаас нь садран асгарах мэт нэг л ер бусын. Ийм сайхан таашаалтай мэдрэмжийг анх удаа мэдэрлээ. Магадгүй нөгөө уран бүтээлчдийн ярьдаг “онгод” гэдэг нь байх. Ийм мэдрэмж надад урьд нь яагаад төрдөггүй байсан юм бол?
“Агуу сэтгүүлч минь мэргэн ухаанаа хайрлаач” гэж чин сэтгэлээсээ гуйснаа сая саналаа.
Зохиолч Л.Мөнхчимэгийн "Хайр түрээслэгч" номноос
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
