solongonews
Нярайн хүйг хэрхэн арчлах вэ?
2015-12-28 18:21
Ээж хэмээх газрын бурхад үрээ хэвлийдээ тээхдээ хүйгээрээ нэгэн бие болон хувьсдаг гайхамшигтай билээ. Тийм ч учраас хүй хэмээгч зүйл нь тухайн хүний насан туршдаа хадгалж явах учиртай нандин эд. Нярай хүүхдийн хүй цөглөж, тасран унахад эхчүүд түүнийг нь нандигнан боож далд хийдэг уламжлал энэ.
Хүүхдийн ам гэмтэхэд хүйгээр домнодог, насан туршийнх нь хамгаалалт болгон үлдээдэг. Энэ мэтээр бүсгүйчүүд бид хүйн талаар ихийг мэдэх боловч дөнгөж төрөөд байгаа нярай хүүхдийнхээ хүйг хэрхэн арчлах тухайд хэр мэдлэг боловсролтой билээ. Магадгүй тун удахгүй нярайлах гэж байгаа ээжүүдэд энэ мэдээлэл тун чухал байж мэдэх юм. Иймд энэ талаар зарим мэдээллийг хүргэж байна. 
 
Хүйг үргэлж цэвэр, хуурай байлга
Нярай хүүхдийг эхний гурван сарын хугацаанд өдөр бүр усанд оруулах учиртай. Ингэхдээ хүүхдийг усанд оруулахад хүүхдийн хүйнд харшлах зүйлгүй гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
 
Хамгийн гол нь хүүхдийг усанд оруулсны дараа хүйг ёроол хэсгийнх нь хамт хуурай болтол нь цэвэр, ариутгасан даавуу, эсвэл марлиар арчих учиртай аж. Түүнчлэн живхийг нь солих, тосох үед эрэгтэй хүүхэд хүй рүүгээ шээх тохиолдол их байдаг тул хуурай байгаа эсэхийг нь байнга шалгах нь ээж бүрийн үүрэг юм. 
 
Нярай хүүхдэд элдэв гоо сайхны бүтээгдэхүүн хэрэггүй 
Нярай хүүхдэд элдэв гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь түүнийг элдэв харшилтай болгох эрсдэлтэй гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.
 
Иймд нярай үед нь аль болох химийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх нь чухал юм. Харин толгойг нь хүүхдийн шампуниар угаах, баасан үед нь бөгсийг нь хүүхдийн зориулалтын савангаар савандаж угаах нь зүйн хэрэг билээ. Хүүхдийн саван, шампунь нь элдэв үнэргүй, харшил өгөх химийн найрлагагүй байх учиртай.  
 
Монголхатагтай 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл