Дэлгүүрийн талх 1200 төгрөг даваад байгаа хямралын энэ үед гэртээ талх бариад идэх нь хамгийн зөв сонголт гэж би боддог юм. Яагаад гэхээр дэлгүүрийн талхыг өлссөн хүн бол газар дээр нь ганцаараа дуусгачихаж дөнгөнө. Харин гэртээ барьсан амттай, бас идэнгэтэй талх бол өөр хэрэг. Тиймээс ээжүүд, бүсгүйчүүдтэйгээ би өөрийн барьдаг талхны аргаасаа хуваалцъя.
Орц:
Ус -250 гр
Давс- 1 цайны халбага
Исгэгч- 1 цайны халбага
Цөцгийн тос- 100 гр
Ванил -15 гр буюу 1 цайны халбага
Гурил- 1 кг
Сүү-100 гр
Хийх арга:
Эхлээд халуун бүлээн усанд исгэгчээ хийж хутгаад 10 минут таглаад тавьчих. Ингэсний дараа исгэгч маань усандаа шингэж өтгөрөөд хөөсөрчихсөн байдаг. Энэ үед нь давс, сүүгээ хийгээрэй.

Үүний дараа гурилаа шигшиж хийх хэрэгтэй. Шигшиж хийсэн гурилаар барьсан талх сайн хөөдөг. Шигшсэн гурилан дээрээ нэг уут ваниллаа нэмж холино. Талхнаас чихэр амтагдахгүй ч цаанаа л нэг гоё үнэртэй, идэхэд таатай болгодог юм шүү.

Үүний дараа цөцгийн тосоо зөөлөн гал дээр хайлуулаад гуриландаа хийж багсарна. Төгсгөлд нь исгэгч, давстай усаа хийж гараараа нухсаар зөөлөн зуурмаг болгосны дараа 2 цаг орчим таглаатай саванд хийгээд исгэнэ.

Зуурмаг маань хөөж бэлэн болсны дараа зууханд 180-200 хэмд 40 минут жигнээд л амтат талх бэлэн болно доо.

