solongonews
Д.Бүзмаа:Эгэл хүмүүс л энэ амьдралыг гэрэлтэй болгодог юм билээ
2015-12-28 18:21
Тэрээр өвдөгний үенд нь үүссэн судасны хавдраас болж асар их шаналж яваа нэгэн юм. Хүүтэйгээ хоёулаа амьдардаг түүний хувьд энэ амьдралын хүнд хүчрийг, бас өвчнийг ялан дийлэхэд эрхэм уншигч таны сэтгэлийн дэм, хандив тусламж юу юунаас илүү чухал байна. Түүний эмчилгээнд зориулж энэ сарын 22-нд “Нэг сэтгэл” хандивын тоглолт болно.

Эрүүл энх амьдрал энэ ертөнцийн дээдийн жаргал гэдэг. Тиймээс өвчнийг ялан дийлж, эрүүл саруул явах нь олон хүний хүсэл мөрөөдөл билээ. Энэ мөрөөдлийнхөө төлөө ухарч, няцалгүй тэмцэж, өвдсөн ч өвдөөгүй юм шиг бүхнийг сөрөн зүтгэж яваа нэгэн бүсгүйтэй уулзаж ярилцлаа. Түүний ярилцлага эрхэм уншигч танд нэгийг бодогдуулна гэдэгт итгэж байна. Тэрээр өвдөгний үенд нь үүссэн судасны хавдраас болж асар их шаналж яваа нэгэн юм. Хүүтэйгээ хоёулаа амьдардаг түүний хувьд энэ амьдралын хүнд хүчрийг, бас өвчнийг ялан дийлэхэд эрхэм уншигч таны сэтгэлийн дэм, хандив тусламж юу юунаас илүү чухал байна. Түүний эмчилгээнд зориулж энэ сарын 22-нд “Нэг сэтгэл” хандивын тоглолт болно. Элэг нэгт монголчууд минь энэ тоглолтыг үзээрэй гэж энэ ялдамд уриалъя. Энэхүү хандивын тоглолтонд гавьяат жүжигчин С.Батсүх, Л.Чаминчулуун, Г.Батбаяр нарын олон сайхан уран бүтээлчид ая дуугаа өргөнө. Тоглолтын тасалбарыг 99073664, 99193295, 89985188, 99447737  утсаар хүргэж өгч байна.

-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Намайг Д.Бүзмаа гэдэг. Би Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн. ШУТИС-ийг 2004 онд төгсч, түүнээс хойш багшаар ажиллаж байна.

-Монгол Улсын алдар цуутай хүмүүс нэгдээд таны төлөө “Нэг сэтгэл” хэмээх хандивын тоглолт хийхээр болсон талаар дуулсан юм. Энэ талаараа та манай уншигчидтай хуваалцаач?

-Манай сургуулийн хамт олон болон найз нөхөд маань нэгдээд “1 хүн 1000 төгрөг” гэсэн хандивын аян зохион байгуулсан юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр ч энэ аянаа зохиож үзсэн. Миний хавдрын эмчилгээний зардал өндөр, тэгээд ч нэг удаа хийгдээд дуусахгүй, хэд хэдэн удаа эмчилгээнд орох шаардлагатай байгаа болохоор хандивын аян хийхэд нэг их мөнгө цуглардаггүй юм байна. Тиймээс үүнээс томоор хөдөлж, том юм хийе гээд манай найз нөхөд хандивын тоглолт зохиох санаачлагыг гаргасан юм.

-Энэ юунаас болж үүссэн өвчин юм бэ. Яагаад та ингээд өвдчихөв?

-Би арван жилд байхдаа өвдгөө мулталж байсан юм. Тухайн үед өвдөж байгаад л гайгүй болчихсон юм. 2009 онд бүр өвдөөд болохгүй болохоор нь хувийн эмнэлэгт хэвтэх үед өвдөгний үенээс цус гарсан. Ингээд MRI аппаратанд харуулахад судасны хавдар гэсэн онош гарч, улмаар П.Шастины нэрэмжит III эмнэлэгт мэс засалд орсон юм л даа. Мэс заслын дараа өвдөхөө болиод байсан ч өнгөрсөн жилээс дахиад өвдөж эхэлсэн. Нэг өвдөхөөрөө шөнөжин өвдөж, унтаж ч чаддаггүй. Өглөө нь хөл дээрээ босч чаддаггүй байсан. Өмнөд Солонгост очиж бас MRI-д харуулаад ирсэн. Тус улсын нэлээд олон эмнэлэгт хандсан. Бас тэндхийн Улаан загалмайн эмнэлэгт хандсан. Тэндхийн эмч нар “Бид энэ мэс заслыг хийх боломжгүй. Их хүнд хагалгаа байна. Их сургуулиудын эмнэлэгт хандаарай” гэж зөвлөсөн. Ингээд нэлээд хэдэн их сургуулийн эмнэлэгт хандаад хариуг нь авчихаад л байж байна даа.

-Тэгээд хариу нь юу гэж гарсан юм бэ?

-Судасны хавдар учраас тэжээл ихтэй, цаашаа их хэмжээгээр үргэлжлэх эрсдэлтэй гэж хэлсэн. Ийм хавдрыг үхжүүлж байж эдгээдэг гэсэн. Ингэхдээ ганц удаа биш хэд хэдэн удаа энэ эмчилгээгээ хийдэг юм байна. Нэг удаагийн төлбөр нь л гэхэд өндөр болчихоод байгаа юм.

-Мэдээж, анх өвддөг байхад нь хавдар болчихно гэж огт бодоогүй байлгүй дээ.

-Анх Монголд 3-р эмнэлэгт хагалгаа хийлгэж байхдаа “Ингээд л зүгээр болчихно” гэж бодож байсан. Гэтэл тухайн үед эмч нар наана байсан хэсгийг нь л авсан юм байна лээ. Цаана байгаа хэсгийг нь авч болохгүй байна, хүнд хагалгаа гэж хэлж байсан л даа. Өнгөрсөн жил Солонгост очиход тэндхийн эмнэлгийнхэн хариуг нь шууд хэлчихдэг юм байна лээ. Ганцаархнаа хүний нутагт эмчилгээ хайгаад явж байхад тийм мэдээ дуулах үнэндээ хэцүү л байдаг юм байна лээ. Гэхдээ би хэцүү гэж хэлэх дургүй ээ. Болно, бүтнэ гэж л боддог доо.

 

-Өнөөдрийг хүртэл та өөрийнхөө байгаа бүхнийг л эмчилгээндээ зарсан байлгүй. Чадвал боломж бололцоогоо ашиглаж байгаад эдгэчихье гээд хичээсэн байх?

- Солонгост шинжилгээ өгөхөд өндөр төлбөртэй болохоор машинаа зараад явсан. Харин эх орондоо бол арай л өөр шүү дээ. Эдийн шинжилгээний хариу муу гарвал байдал бас л хүндэрнэ гэсэн. Тиймээс намайг сэтгэл санаа  болоод, зардал мөнгөнийхөө асуудлыг шийдээд эргээд ирээрэй гэсэн дээ. 

-Ямар ч эмэгтэй хүн өндөс өсгийт углаад бардам алхахыг хүсдэг шүү дээ. Тийм болохоор олон түмнийхээ хүчээр мөрөөдлөө биелүүлэхийг та хамгийн их хүсч байгаа байх?

-Би сагс тоглож, спортоор хичээллэдэг болохоор энэ тухай бодоход үнэхээр хэцүү байдаг юм. Гэхдээ нөгөө талаас нь харахад, “Хүүхэддээ харагдаад амьд л байвал боллоо доо” гэж бас бодогддог л юм байна. Гэхдээ л тэр болтол бүх л боломжийг ашиглана гэж өөртөө амласан.

-Хүүдээ та үнэнийг хэлсэн үү?

-Хүүдээ “Ээж нь мэс засал хийлгэнэ. Тэгэхгүй бол явж чадахгүй болно” гэж хэлсэн. Хүү минь ээжийгээ өвдөхөд өрөвдөж уйлна, гайгүй болчихоор хүүхэд л юм хойно мартаад гүйчихнэ.

-Та өрх толгойлсон ганц бие ээж гэж дуулсан. Хүүгээ өсгөнө, хажуугаар нь өөрийгөө энэ хүнд өвчнөөс бүтэн аваад үлдэх гэсэн их тэмүүлэл дунд тэмцэж яваа мундаг эмэгтэйчүүдийн төлөөлөл юм байна гэж би харж байна?

-Тийм ээ. Миний хүү 13 настай. 52 дугаар сургуулийн 7-р ангид суралцдаг. Бас теннисээр хичээллэж байгаа, саяхан 3-р зэрэг авсан.

-Ганцаараа хүүхдээ өсгөөд хажуугаар нь өвчинтэйгөө тэмцэхэд зарим өдөр сэтгэлийн хат шалгах үе ирнэ биз...

-Ирнэ, ирэлгүй яахав. Заримдаа ганцаараа уйлна. Гэхдээ найзууд минь намайг үргэлж зоригжуулж, дандаа өөдрөг байлгахыг хичээдгийн хүчээр би өдий зэрэгтэй яваа байх аа.

-Та “1 хүн 1000 төгрөг” гээд хандивын аян зохиосон шүү дээ. Хүмүүс хэр тусалж дэмжсэн бэ?

-Хүмүүс үнэхээр сайхан сэтгэлээрээ ханддагийг харж авсан. Бүр танихгүй хэрнээ утсаар ярьж, сэтгэлийн дэм өгсөн хүмүүс ч бий. Надад хандив өгсөн бүх хүнд үнэхээр их баярлалаа. Бас найз нөхөддөө үнэхээр их баярлалаа гэдгээ энэ дашрамд хэлмээр байна. Би арван жилдээ 8, 10-р ангиа өөр өөр ангид суралцаж төгссөн. Тэр ангиудын маань найзууд надтай байнга хамт байж дэмжиж тусалж байгаад үнэхээр их баяртай байна. Бас ажлын хамт олон, оюутны найзууд, бас яг одоо багш хэмээх энэ сайхан мэргэжлээрээ маш их бахархаж байна. Ажлын хамт олон болон шавь нар маань үнэхээр их тусалж байгаа. Мөн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн холбооныхон маш их тусалж дэмжиж байгааг хэлмээр байна.

-Таныг харахад өвдсөн гэхээргүй өөртөө итгэлтэй, цоглог, өөдрөг эмэгтэй юм. Яаж өөрийгөө ингэж сайхан эрч хүчтэй, идэвхтэй байлгаж чаддаг юм бэ?

-Мэдээж, хэцүү үе зөндөө бий. Шөнөжин өвдөөд унтаж чадахгүй үе ч бий. Шөнө яасан урт юм бэ гэж бодохын эрхээр нойргүй хоносон өдрүүд олоон. Гэхдээ ингэлээ гээд нэгэнт л ганц л амьдарч байгаа юм чинь өвдсөн ч гэсэн гоё байгаад, өвдөөгүй юм шиг, сэтгэлээрээ эрч хүчтэй байвал хүн цаанаасаа л гэрэлтээд ирдэг шүү дээ. Яадаг юм, би өвчтэй ч гэлээ гээд би чинь эмэгтэй хүн, гоё байя, гоё харагдъя гэж боддог. Шөнө хэчнээн өвдсөн ч гэсэн маргааш нь гоё сайхан байхыг л хичээдэг. Ер нь шөнө нь өвдөөд нойргүй хоноод маргааш нь ажиллахаар үнэхээр их ядардаг юм билээ. Тиймээс ч би ажлаасаа жилийн чөлөө авчихсан байгаа.

            Би ингэж хандивын аян зохион байгуулснаараа маш их зүйлийг ойлгож байнаа. Миний төлөө найз нөхөд минь ингэж сайхан зүтгэж байна. Гэтэл тусламж дэмжлэг авч чадахгүй над шиг хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Олон байгууллагын үүд татаад, олон газар хандив хүсээд явахад янз бүрийн л хүмүүс таардаг юм байна. Зарим нь мөнгөгүй ч гэсэн сэтгэлийн дэм өгөөд явж байхад “Ядаргаатай юм бэ дээ” гэсэн харцаар хараад, яг л тэгж хэлдэг хүмүүс ч байдаг юм билээ. Энэ бүхнээс харахад хүн хүнтэйгээ сайхан харьцах ёстой юм байна, хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан юм байна гэдгийг асар ихээр ойлгож байна даа. Яг үнэнийг хэлэхэд, эгэл жирийн хүмүүс л хүнд гараа сунгаж, хүнтэй хамгийн сайхан харьцдаг юм билээ.

 

-Таны хандивын тоглолт 5 хоногийн дараа болох гэж байгаа юм байна. Таны ярилцлагыг уншиж байгаа хүмүүст хандаж та юу гэж хэлэх вэ?

-Хамгийн түрүүнд энэхүү хандивын аянд нэгдэж, үргэлж надтай хамт байгаа найзууддаа маш их баярлаж байна. Тэдэндээ маш их баярлалаа. Би та нарынхаа хүчинд өнөөдөр урам зоригтой, эрч хүчтэй явж байна. Уншигчиддаа хандаж хэлэхэд, та бүхэн энэхүү хандивын тоглолтыг маань үзээрэй. Таны сэтгэлээсээ худалдаж авсан тасалбар миний амьдралд эрүүл энхийг хайрлана. Би эрүүл болчихоод эх орондоо их зүйл бүтээнэ ээ.

-Эрүүл болчихоод хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Миний хандивын тоглолтын нэр нь “Нэг сэтгэл”. Мөн Фэйсбүүкт “Нэг сэтгэл” нэртэй хуудас нээсэн. Би “Нэг сэтгэл” гэдэг нэртэй төрийн бус байгууллага байгуулъя гэж бодож байгаа. Би найз нөхөд, олон сайхан хүний буянаар энэ тоглолтыг зохион байгуулж байна. Гэтэл ийм боломжгүй хүмүүс зөндөө бий. Тийм учраас би төрийн бус байгууллагаараа дамжуулан тэр хүмүүст жаахан ч гэсэн туслахыг амьдралынхаа эрхэм зорилго болгон амьдарнаа.

-Та өөртөө юу гэж хэлэх хамгийн дуртай вэ?

-Бүх зүйл сайхан болно гэж өөртөө хэлэх дуртай. Бас би чадна, би чадахгүй бол өөр хэн ч чадахгүй гэж бас хэлдэг. Бас нийт уншигч хүмүүстээ хандаж хэлэхэд, юунд ч бүү бууж өгөөрэй. Чадахаасаа чадахгүй хүртлээ тэмцээрэй. Таны ажил үйлс сайхан бүтнэ. Өдөр бүр өөдрөг байгаарай гэж хэлье. 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл