
Гэрэл гэрэлтүүлгийн өмнө татсан цагаан даавуун дээр хөл хөдөлгөөн ихтэй гудамж талбайн дүрс илэрч, худалдагчдын дуудах чимээ, баяр наадам шуугьж, хэнгэрэг дэлдэх чимээний дунд ер бусын бужигнаан үүснэ. Дэнгийн гэрэл унтарч, тоглолт дуусахаар хэрэв та сониучирхан хөшигний ард очиж харвал бүр гайхширна. Ганц хүн хоёр гартаа хэд хэдэн дүрс барьж, хөлдөө хэнгэрэг цохиур гишгэж буйг хараад итгэж ядна. Хөл хөдөлгөөн бужигнасан тоглолтыг тэр ганц хүн удирдан гүйцэтгэжээ. Нээрэн тийм. Энэ бол даруй алдарт "Хятадын сүүдэрт дэн" буюу сүүдэр ший юм.

Сүүдэр ший гэж юу вэ? Ан амьтны арьс ширэн дээр зурж будаж, төрөл бүрийн дүрс зургийг бүтээгээд, түүнийг нарийхан модонд чөлөөтэй хөдөлж болохоор ишилж, адил бус хөдөлгөөнийг үзүүлдэг. Тоглолтын үед жүжигчид цагаан даавууны ар талд сүүдэр дүрсийг хөдөлгөнө. Тусгасан гэрлээр дамжин үзэгчид цагаан даавуун дээрээс сүүдэрт дүрсийг харна. Энэ бол сүүдэр ший юм. Сүүдэр ший тоглуулагчид ярих, унших, цохих, дуулах, түүнчлэн хөлөөрөө хэнгэргийн цохилгыг удирдах чадвартай байх ёстой. Иймээс мундаг сайн ур чадвартай сүүдэр ший тоглогч болоход маш урт удаан хугацааны дасгал шаардагдах бөгөөд олон төрлийн ур чадвар эзэмших хэрэгтэй байдаг. Сүүдэр ший анх хэрхэн үүсэн тухай ийм нэгэн сайхан хайрын домог бий.

Эрт урьдын цагт гэнэ. 2000 гаруй жилийн өмнө нэгэн хаан нас барсан гэргийгээ маш ихээр санан дурсаж, шаналалд автжээ. Ингэхэд нэгэн түшмэл нь хөвөн даавуугаар түүний гэргийн дүрийг бүтээж, будаж, модон ишээр тухайн даавуун дээр бүтээсэн хүнийг хөдөлгөөнтэй болгожээ. Орой нь хаан даавуун хөшигний цаанаас нөгөө нас барсан гэргий нь харагдах шиг болоход маш их баярлан догдолсон гэдэг. Ийнхүү сүүдэр ший үүсэн буй болжээ. Харамсалтай нь өдгөө сүүдэр ший урлан бүтээх, сүүдэр шийг тоглуулж чаддаг хүн улам бүр ховордож байна.

2011 оны 11 дүгээр сард Хятадын сүүдэр шийн урлаг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний аман болон биет бус соёлын өвийн төлөөлөх зүйлээр бүртгэгджээ.






