solongonews
Хятадын гадаад худалдааны хөдөлгүүр нь хаанаа байдаг вэ?
2023-04-14 18:33
Хятадын гадаад худалдааны хөдөлгүүр нь хаанаа байдаг вэ?

Тайландын цэвэр цахилгаан автомашины зах зээлийг аль компани тэргүүлж байна? Хариулт нь: Хятадын BYD. Саяхан Тайландын "AutoLife"-ын албан ёсны веб сайтын мэдээлснээр, 03-р сард BYD-ийн цахилгаан автомашины борлуулалт 2434-д хүрч, Тайландын цэвэр цахилгаан автомашины борлуулалтын аваргаар гурав дахь удаагаа тодорчээ.

Энэ бол Хятадын гадаад худалдааны шинэ давуу нөхцөл болзол бүхий бараа бүтээгдэхүүний хураангуй тусгал юм. Хятадын Гаалийн ерөнхий газрын 13-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний улиралд цахилгаан хөдөлгүүрт суудлын автомашин, литиум батарей, нарны зай зэрэг "гурван шинэ" бүтээгдэхүүний экспортын нийт хэмжээ 66.9%-иар нэмэгдсэн нь экспортын нийт өсөлтийг 2 пунктээр нэмэгдүүлж, гадаад худалдаанд шинэ кинетик энергийн чухал үүрэг гүйцэтгэжээ.

Өдгөө олон улсын өндөр инфляц, томоохон эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа нь гадаад эрэлт шаардлагыг сулруулж байна. Энэ онд дэлхийн барааны худалдааны хэмжээ ердөө 1 хувиар өснө гэж Дэлхийн Худалдааны Байгууллага  таамаглаж байгаа нь өнгөрсөн оныхоос 2.5 пунктээр бага байна. Дээр нь протекционизм, геополитик зэрэг эрсдэлүүд давхцаж, Хятадын гадаад худалдааны хөгжилд олон бэрхшээл тулгаруулж байна.

Гэвч 1-р улирлын нийт тоо баримтаас үзвэл, Хятадын бараа бүтээгдэхүүний импорт экспортын нийт хэмжээ 9 их наяд 890 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4,8 хувиар өсжээ. Үүний зэрэгцээ, нэгдүгээр улиралд Хятадад гадаад худалдааны 457 мянган аж ахуйн нэгж импорт экспортын гүйцэтгэлтэй байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ нь Хятадын гадаад худалдаа сорилтыг даван туулж, тогтвортой, нааштай эхлэлийг тавьж, хүчтэй тэсвэр хатуужилтай болж, жилийн турш гадаад худалдааны тогтвортой байдал, чанарыг ахиулах үндэс суурийг тавьсныг харуулж байна.

"Цар хэмжээний тогтвортой байдал, бүтцийн оновчтой тохируулга" нь Хятадын гадаад худалдааг өндөр чанартай хөгжүүлэх зайлшгүй шаардлага юм. Ялангуяа бүтцийн оновчтой тохируулгын хувьд дэвшилтэт технологи, өндөр нэмүү өртөг шингэсэн, ногоон өөрчлөлтийг тэргүүлэгч шинэ давуу талтай бүтээгдэхүүнээс гадна анхаарал татахуйц өөр хоёр зүйл бий: Нэгдүгээрт, Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн импорт, экспортын өсөлтийн хурд улс орны ерөнхий түвшнээс дээгүүр байж, нийт хэмжээний  тал гаруй хувийг эзэлсээр байна. Хоёрдугаарт, Хятад болон хөгжиж буй зах зээлийн хоорондын худалдаа улам нягтарчээ. Нэгдүгээр улиралд Хятадын АСЕАН, Латин Америк, Африк зэрэг хөгжиж буй зах зээлтэй хийсэн импорт, экспортын хэмжээ тус тус 16.1 хувь, 11.7 хувь, 14.1 хувиар өссөн байна.

Гадаад худалдаа бол Хятадын эдийн засгийн барометр юм. Гадаад худалдаа тогтвортой, нааштай байгаа нь Хятадын эдийн засгийн итгэл найдвар, эрч хүчийг харуулж байна. Дэлхийн Банк 3-р сарын сүүлчээр Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн байдлын тайланг нийтэлж, Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдыг 2023 онд 5.1 хувьтай байхаар төсөөлсөн нь 01-р сард төсөөлж байсан 4.3 хувиас хавьгүй өндөр байна. Хятадын эдийн засаг үргэлжлэн сэргэж байгаа нь импорт, экспортод бүгд эергээр нөлөөлж байна. 

Энэ сарын 15-аас Хятадын импорт экспортын бараа бүтээгдэхүүний 133 дахь удаагийн яармаг Гуанжөүд болж, оффлайн үзэсгэлэнг бүрэн сэргээснээр эл яармагийн түүхэн дэх хамгийн том үзэсгэлэн болох бөгөөд бараг 35,000 аж ахуйн нэгж оффлайн үзэсгэлэн худалдаанд оролцоно. Өнөөгийн олон улсын нөхцөл байдал хүнд, ээдрээтэй байгаа бөгөөд худалдааны хэтийн төлөв бүдэг хэвээр байна. Яг ийм амин чухал үед Хятадын эдийн засаг хүчтэй, уян хатан байгаа бөгөөд урт хугацааны үндсэн суурь нь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа юм. Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа ерөнхийдөө сайжрахын хэрээр гадаад худалдаа үргэлжлэн сайжирч, дэлхий дахинд илүү их үр өгөөжөө өгөх юм.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл