solongonews
Тал нутгаас дэлхийд танигдсан зураачийн бүтээл
2018-06-04 16:21
Тал нутгийн амьдрал гэдэг тайван амгалан, нам гүм. Энэхүү амгалан нутгийнхаа өрцөнд олдсон бийр цаас, модон хавтас бүхнийг ашиглаж танил дасал болсон амьдралаа зураглах нь миний бага насны хамгийн их аз жаргал байсан бөгөөд насан туршийн зохион бүтээх эх булаг болжээ.
Б. Билиг

Б.Билиг зураач 1965 онд ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошууны Хонгор сумын Том-Ялалт багийн буйд говь дахь таван хүүхэдтэй жирийн малчин айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн.
Авьяас билгийг тээж төрнө гэдэг, түүнийгээ өөрийн биеэрээ дамжуулан хүний сэтгэл зүрхэнд хоногшуулна гэдэг ховор тохиох аз билээ. Үнэнийг үнэнд, үзэж харж буй зүйлээ өөрийн оюун ухаанаараа сийлэн, тансаг сэтгэлгээний онгод билгээрээ уран зургийн гайхамшгийг бүтээж буй энэ хүн төлөв даруу, гүндүүгүй монгол эрийн зантай нэгэн. Б.Билигийн бүтээсэн шог зураг Өвөр Монголд төдийгүй Хятад орон, цаашилбал дэлхий дахинд аль хэдийн танил болжээ.
 Тэрээр шог зураг зурж эхэлсэн арав гаруйхан жилийн хугацаанд Олон улсын хэмжээний 150 гаруй шагнал урамшууллыг хүртээд байгаа бөгөөд 40 гаруй улс орны уран зургийн үзэсгэлэнд бүтээлээ оролцуулж, хэн хүний санаанд багтамгүй амжилтад хүрээд байгаа билээ. 2006 онд Б.Билиг гуай Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо хувь хүний бие даасан уран зургийн үзэсгэлэнгээ гаргаж байсан. Мөн 2007 онд болсон Олон улсын шог зургийн тэмцээнээс Хятадын арван шилдэг зураачийн нэгээр өргөмжлөгдсөн байна. Тийм ээ, тэрбээр эд мөнгө эрх зэрэгт горилж явсангүй, харин өөрийн уран бүтээлээ цаг үргэлж хийж бүтээн, оюуныхаа охь шимээр бүтээсэн шог зургаараа олныг бишрүүлж, нэр хүнд нь алдаршин түгж, жирийн нэгэн багшийн адил шавь нараа хүмүүжүүлсээр байна.
Тамчийн шар талаасаа дайчин ухааныг өвлөж, таанын цагаан цэцэгтэйгээ баяр гунигаа хуваалцаж, унаган нутгийнхаа орон зайнаас уран зургийнхаа онгод билгийн хэлээр орчлонгийн түмний харааг баясгаж яваа Б.Билиг гуайн гайхалтай бүтээлээс та бүхэнд хүргэж байна. Түүний бүтээл харсан хүн бүрд нэгийг бодуулж, хоёрыг тунгаахад хүргэдэг юм.

 

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Ээж дэлхий вичатаас
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл