
2022 оноос Хятадын билгийн тооллын цагаан сарыг Панамын үндэсний баяр болгон тэмдэглэх бөгөөд хаврын баярын тэмдэглэх үйл ажиллагааг Панамын олон улсын аялал жуулчлалыг дэмжих төлөвлөгөөнд хамруулах болсноо Панамын засгийн газар саяхан зарлалаа. Хятадаас Панамд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Вэй Чян Хятадын төв радио телевизэд өгсөн тусгай ярилцлагадаа, Хятадын уламжлалт соёл нь Панамын олон үндэстний соёл иргэншлийн чухал хэсэг болсон, ирээдүйд Хятад, Панам хоёр орон олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэх болно гэжээ.
2022 оны " Хятадын сар шинийн баяр"-ын арга хэмжээ нь Панамын засгийн газрын албан ёсоор санаачилсан тус улсын анхны үндэсний баяр болох юм байна. Вэй Чян Панамын засгийн газрын гаргасан энэхүү шийдвэрийн талаар ингэж танилцууллаа.
"Панам бол хүн ам цөөнтэй жижигхэн улс, гэвч Хятадын харьяатууд олноор суурьшсан том орон юм. Бүрэн бус бүртгэлээр, Хятадын харьяатууд нийт 300 мянга шахам байгаа нь тус улсын хүн амын 7-оос 8 гаруй хувийг эзэлдэг. Хагас зууны турш Хятадууд Панамд суурьшин амьдарсаар ирсэн бөгөөд тухайн орны нийгэмд идээшиж, тус улсын эдийн засаг, нийгэм, соёлын хөгжилд өвөрмөц хувь нэмрээ оруулсаар байна. Хятадын харьяатуудын уламжлалт соёлын элементүүд, ялангуяа идээ ундааны соёл нь Панамын олон ургалч соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг болсон. Удаан жилийн турш, сар шинийн баяраар Панам дахь Хятадын харьяатууд, холбогдох олон нийтийн байгууллагууд Хятадын онцлогтой баялаг агуулга бүхий арга хэмжээг идэвхтэй зохион байгуулсаар ирсэн юм. Хятад, Панам дипломат харилцаа тогтоогоод дөрвөн жил болж байна. Энэ дөрвөн жилийн хугацаанд Хятадаас Панамд суугаа элчин сайдын яам, Хятадын дотоодын холбогдох байгууллагын идэвхтэй дэмжлэгээр иймэрхүү арга хэмжээ улмаар өргөжин тэлсээр байна.”

Одоо Панамын цар тахлын нөхцөл байдал ерөнхийдөө намжиж, үндэсний хэмжээнд эдийн засгийн олон төрлийн үйл ажиллагаа ч аажмаар сэргэж байна. Иймд удахгүй ирэх Хятадын цагаан сарын баярыг тохиолдуулан 2022 оны хаврын баярын арга хэмжээг Панам дахь Хятадын нийгэмлэг, Хятадаас Панамд суугаа элчин сайдын яамтай хамтран зохион байгуулахыг Панамын Соёл, аялал жуулчлалын яам, Хятадын үндэстний зөвлөл хамтран санал болгожээ.
Вэй Чян, Панамын аялал жуулчлалын газар, Панамын Соёлын яам, Хятадын үндэстний зөвлөл Хятадын онцлогийг харуулсан сар шинийн баярын цуврал арга хэмжээ зохион байгуулах талаар Панам дахь Хятадын харьяатуудтай хэлэлцэж байна. Хятадаас Панамд суугаа Элчин сайдын яам мөн Панамын олон салбар, Хятадын холбогдох газруудтай хамтран сар шинийн баярын концертыг Панамын ард түмэнд сонирхуулах болно. Үүний зэрэгцээ Панамын үндэсний аялал жуулчлалын газар ч хаврын баярын арга хэмжээг олон улсын аялал жуулчлалыг дэмжих төлөвлөгөөндөө нэгтгэн оруулах болно. Панамын засгийн газар энэхүү соёлын арга хэмжээг зохион байгуулж дотоодынхоо хэрэглээг дэмжихийг хүсэж байна гэжээ.
"Цар тахал Панамын эдийн засагт ноцтой нөлөө учруулсан. Одоо тахал өвчин ерөнхийдөө намжиж байгаа үед Панамын засгийн газар эдийн засгаа сэргээх талаар олон ажлуудыг хийж байна. Аялал жуулчлалын салбар нь Панамын эдийн засгийн чухал тулгуур хүчин байсаар ирсэн бөгөөд цар тахал нь аялал жуулчлалын салбарт ноцтой хохирол учруулсан юм. Ирэх жилийн Хятадын цагаан сарын баярыг тохиолдуулан Панамын засгийн газар Хятадтай адилхан соёлын арга хэмжээ зохион байгуулж, жуулчдыг татан, хэрэглээг нэмэгдүүлэхийг хүсэж байна.”
2017 оны 6-р сард Хятад, Панам Элчин сайдын түвшиний дипломат харилцаа тогтоосон. Вэй Чян, дипломат харилцаа тогтоосноос хойш дөрвөн жилийн хугацаанд хоёр орон харилцан ашигтай, хамтаар хожсон улс төрийн харилцан итгэлцлийг тасралтгүй зузаатгаж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаа тэлсэн юм. Ирээдүйд хоёр тал хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх талаар ихийг хийх боломжтой гэв.
"Худалдааны хувьд Хятад, Панамын засгийн газар, бизнес эрхлэгчдийн хамтын хүчин чармайлтаар Панамын хөдөө аж ахуйн чанартай бүтээгдэхүүний экспорт тодорхой ахиц дэвшил гаргасан. Ялангуяа цар тахлын хүнд үед Панам хөдөө аж ахуйн олон төрлийн бүтээгдэхүүнээ Хятадад улсад экспортолж байгаа нь дотоодынх нь сэргэлт, хөгжилд нааштай үүрэг гүйцэтгэж байна. Ирээдүйд хоёр ард түмний аз жаргалтай амьдрах хүсэл эрмэлзлийг илүү сайн хангаж, эдийн засаг, худалдааны салбарт харилцан нөхөх боломж бий. Цар тахлын дараа хоёр тал эдийн засгаа сэргээж, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх нь тулгамдсан асуудал юм. Иймээс хоёр талын олон салбарын хамтын ажиллагаа, ялангуяа ажил хэрэгч хамтын ажиллагааны талаар асар их хэтийн төлөв ажиглагдаж байна. Цар тахал нь хямралын үед хамтын ажиллагааны шинэ санаа, шинэ салбаруудыг нээх боломжийг бидэнд олгосон, тухайлбал цахим худалдаа, эм эмнэлэг, эрүүл мэндийн хамтын ажиллагааны хувьд хоёр тал ихийг бүтээж болно.”

