“Хуучин юм ул болж, шинэ юм зол болдог”-ийн ёсоор өнгөрсөн зууны жараад онд Өвөр Монголын маань нэгэн гайхамшиг — Өөшинзуугийн ард түмэн “Тэнэг өвгөн уулыг нүүлгэх” үзэл санаагаар цөлийг “ногтлон номхруулсан” нь үнэн бөгөөд одоо ч гэсэн тэрхүү үзэл нь энэ газрын хүмүүсийн оюун ухаанд нь төлжин дэлгэрсээр л байна. Өөшин хошууны Өөшинзуу суурингийн Өөшинзуу багийн Сайннямбуу ээж бусдын амнаас: - Өвгөн та хоёр “Тэнэг өвгөн уулыг нүүлгэсээр” байж хэтэрхий хүч гарснаас өвгөн чинь бурхан болчихлоо, та ч өтөлчихлөө гэх үгийг нэг биш удаа сонссон боловч хийдгээ хийгээд, хэдэн малаа малласаар л он жилийн уртыг туулан яваа ажээ.

Сайннямбуу ээж 66-н хавар намрыг туулсан балрын цоорхойн хашир малчин бөгөөд талийгаач нөхрийн хамт гэрээ тойрсон элс балраа мод торлогоор тушиж тавьсан байгаль орчны хамгаалагч билээ. Бид хөдөөний бор замаар хэсэг явж Сайннямбуу ээжийн гэрт хүрэхэд гэрийг нь тойроод бүр л мод. Тэр олон уд улиасны навчис алтан шаргал өнгө татаад зураг мэт сайхан өнгө төрхийг бүрдүүлжээ. Гэрийнх нь зүүн өмнөхөн тэнгэр баганадан ургасан гурван ширхэг бүдүүн улиас салхины аяар эгшиг татуулан сүндэрлэж, зарим үндэс нь манхны дээгүүр сүлжилдэн гүйж хэдэн метрийн цаана очиж газар хатган, “энэ хэсэг элсийг эрхшээлдээ оруулсан” гэх шиг бардам сүр мандуулна. Сайннямбуу гуайн нутгаа ногооруулах гэж гучин хэдэн жил зүтгэж явсан үүх түүхийг энэхүү гурван улиас бүрэн нотолно.
Энэ нутаг бол Сайннямбуу ээжийн хадмынх нь нутаг. 20 настай байхдаа энд мордон ирж тоонот гэрт толгой холбов. Нүцгэн халцгай элсэн дунд суурьшсан энэ гэрээ тэр маань нөхрийн хамт мод торлогоор ойжуулж авах гэсэн бодол ой ухаанд нь хөврөн нахиалсан учир гэвэл тухайн үеийн Боролдой даргын үйл хэрэг нөлөөлсөн бөгөөд хамгийн гол нь айл гэр хэмээгээд ойр орчинд нь модгүй бол айлын маяггүй хэмээх өөрийн санаа байсанд байгаа. Энэ тухай хэлэхдээ:
- Гаднаас харахад гэрийн үүдээр модгүй бол айлын маяггүй. Мөн энэ орчим бүр цөл болохоор хаврын салхинд хүн малтайгаа бүр муудна. Модтой болсноор хэдэн малаа ч өвлийн гачиг цагт мэнд онд оруулж чадна. Тиймээс мод тарьвал мань мэтийн малчин айлд ихээхэн хэрэг болно. Ялангуяа нас барсан нөхөр маань мод тарих сүрхий дуртай байж, би ч түүнийг дагаад мод торлог тарьдаг болсон гэв.
Ингээд л энэ айлын хажуу хавийн газраар хааяа хааяа нэг хоёр удан соёо гозойж эхэлсэн нь Сайннямбуу эр нөхрийн хамт мод тарьж эхэлсний тэмдэг байлаа.
Гэвч уд улиас ховор байдаг энэ газарт модны соёо олох гэгч бас хүчинд асуудал байж. Бригад дээр байгаа моддыг хэд хэдэн айлд хувааж хадааслуулах буюу үнийг нь өгдөг болохоор морин тэргээрээ тэндээс соёо авч ирэн тарьсан байна. Гэтэл мал хуу нь тарьж тавьсан хэдэн соёог нь амар байлгахгүй болохоор хэсэг газартаа бургасан хашаа барьж, дотор нь соёогоо тарьсан нь маш оносон хэрэг болж, дараа жил нь их сайн ургаснаар тэр хоёрын сэтгэл тэнийж, бүр ч ихээр тарих хожмын төлөвлөгөө тогтоолоо. Морин тэргээ хөллөн Өөшинзууг зорин модны соёо худалдан авч ирэн тарихаар боллоо. Гэвч санасан бүгд санаагаар болдоггүй хойно, эд хоёрт ч өдий төдий хүнд бэрх зүйл учирсан нь мэдээж.
- Тэр үед манай энэ балрын цоорхойд зам гэж байгаагүй. Дугуйлж тойроод бүр элс болохоор тэргээр юм татахад их хүнд. Хамгийн анхны удаа Өөшинзуугаас хэдэн модны соёо худалдан аваад буцаж ирэхэд бүтэн өдөр явсан. Манхан элсний цоорхойд муу морь минь л сүрхий ядарч, энэ хойд арын манхан хөндийд ирэхэд бараг зогсчихсон. Тэгээд бороонд норсон мэт хөлс шав шав гоожоод л мал гэж хөөрхий. Гэвч үүнээс ч хэцүү зүйл нь зулзаган соёог ямаа сүйтгээд болохгүй болохоор манайх 1983 онд ямаагаа бүгдийг зарсан. Энэ л хүнд санагдсан.
Энэ бол Сайннямбуу ээжийн яриа. Малаа гэж явсан, малдаа хайртай хүний сэтгэл энэхүү үгнээс тодрох бөгөөд байгаль орчныг хамгаалж, цагаан элсийг ногоон ой болгох үзэл илүү хүчтэй оргилж байсан нь сэтгэлд мэдрэгдэнэ.
Тэр цагаас хойш амьдрал тэмцлийн урт харгуй үргэлжилсээр л, хоёр хүний мод торлог тарих нь ч олширсоор гэрийн ойр тойрон ногоон бүрд боллоо. Харин энэ тарьсан моддоо услах гэж малчин ээж аав хоёр маань гэрийн зүүн өмнө, баруун хойно нэг нэг худаг малтаж, түлшний машинаар ус датан усалж, хэтэрхий хол газар тарьсан модонд нь суулга саваар ус дамнан аваачдаг байсан гэнэ. “Тариаланг хориглож, ойжуулах” төрийн бодлого болон “Агаараас ойжуулах” ажил гарсан тэр жил Сайннямбуу гуайн нөхөр нь хошууны ой шугуйн товчоонд олон удаа очиж маш олон модны соёо олж, торлогийн үрийг агаараар цацуулсан гэнэ. Энэ тухай Сайннямбуу:
- За байз, тэр чинь 2000 оны наагуур цаагуур байсан шиг санагдана. “Тариаланг хориглож, ойжуулах" төрийн бодлогын сайнаар өвгөн маань гүйж гүйж нэлээд модны соёо авчирсан. Тэр модны соёог цаг тухайд нь тарихгүй бол үхнэ. Хүний хүч хүрэхгүй болохоор хөлсний ажилчин авч тариулсан. Энэ мод гэдэг юмны эргэлт их удаан болохоор тухайн үед мөнгө төгрөг нэлээд зарцуулсан. Тэгээд хэдэн жил аж амьдралдаа жаахан үүртсэн билээ. Хэдий тийм боловч одоо тэр нь эргээд маньдаа нэлээд ашиг хүртээж байна гэлээ.
Сайннямбуу ээж нөхөртөө туслан “элсэн далай”-гаа ногооруулах хүсэл зоригоор гучин хэдэн жил мод торлог тарьж явсны ач буян эргээд биед нь тус болсон юм. Харамсалтай нь зургаан жилийн өмнө нөхөр нь тэнгэрт хальж, Сайннямбуу ээж маань хүүхэдтэйгээ балрын гүнд, “их ой”-н дунд оршин амьдарч байгаа билээ. Олон жилийг өнгөрүүлсэн настай ээж мал аж ахуй дээр их л хашир болж, тухайн үед нэг нэг хүрзээр нүх малтаж тарьсан модод нь одоо өвөл хаврын гачиг цагийн мал унааны өвс тэжээл болж, гаднаас эрдэнэ шиш, боолттой өвс худалдан авах хэрэггүй болсон байна. Ээжийн ярьж буйгаар, намар болж мод шарлахын жаахан өмнүүр энэ олон модны навчаа хураавал төлийн цагт асар тэжээл болдог гэнэ. Мөн эдгээр тарьсан мод торлог нь салхийг хашиж хаах байдгаар өвөлдөө нөмөр болж, хаврын шуурганд мал хуу эндэж хохирох учир гарахгүй болжээ.
- Манай бэлчээрийн 83 хувь нь мод биш бол торлог, улмаар жилийн жилд өвс тэжээл гэж зовохгүй. Мал хуу ч мэнд өсөж хоёр зуу гаруй хонь, арав гаруй үхэртэй болж жаргалтай амьдарч байна. 2014 онд хошуунаас бас надад ой шугуйн өмчлөлийн эрхийн гэрчилгээ өгсөн. Баг сумын наадмаар “Ой шугуйн жишээч”, “Байгаль орчны хамгаалагч” гээд өргөмжлөл шагнал өгдөг. Уул нь өвгөн бид хоёр мод тарьсан нь зөвхөн мал хуйдаа тэжээл болгох болон айл гэрийн өнгө үзэмжийн төлөө л байсан. Гэвч сүүлийн хэдэн жил бусдын ярианаас хошуу сумны удирдлагын амнаас элсийг тогтворжуулж, байгаль орчныг сэргээсэн гээд олон сайхан магтаал сайшаалын үгийг сонсоод баярлаж явдаг хэмээн Сайннямбуу ярилаа.
Хөөрхий, ашиг олз хэмээн шуналгүй, зөвхөн хэдэн малаа, нутаг усаа гэсэн малчин ээжийн тэр сайхан үнэнч сэтгэлийн үзүүрт энэ балар манхны гүнд өдий их ой шугуй амилан боссон нь бид бүхний сэтгэлийн утсыг хөндөж, дуудан сэрээх юм шиг. Буурал настан маань өөрийн гараараа амилуулсан тэр их ойн дундаа урт насалж удаан жаргах болтугай!
