solongonews
Гар урлал бол орон нутгийн хөгжлийн шинэ хөдөлгөгч хүч
2021-06-18 19:53
Гар урлал бол орон нутгийн хөгжлийн шинэ хөдөлгөгч хүч.

   Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлнэ гэдэг улс орны томоохон төлөвлөгөө юм. Уламжлалт гар урлал бол ардын уран бүтээлчдийн “гар урлал” бөгөөд Хятадын уудам тэнүүн хөдөө нутагт өргөн тархсан байдаг. Олон төрөл зүйл, хэв маяг, агуулгаараа баялаг гэдгээрээ онцлогтой. Гар урлалын салбар сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхэд улам ч шинэ хөдөлгөгч хүч болсон билээ.

   Орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх шинэ аж үйлдвэр

  Гар урлалд дурсамж агуулагддаг. Гар урлал бол иргэд амьдралын дундах материалыг ашиглаж, өөрийн амьдралаа гоёж баяжуулах чухал арга зам юм. Хатгамал, сүлжмэл, модон эдлэл, ардын урлагийн бусад энгийн хэлбэрүүд нь гоо зүйг агуулж, хүмүүсийн оюун санааны амьдралыг баяжуулж, тэжээн тэтгэдэг. Ээж нь утас ээрч, даавуу нэхнэ, аав нь зэгсэн сагс сүлжиж амьдралдаа ашиглах нь Хятадын хөдөө бүс нутгийн гэр бүлийн амьдралын үндсэн дүр зураг. Хятадын Үндэсний музейн 2020 онд зохион байгуулсан Шаньдүн мужийн гар урлалын үзэсгэлэнд гал тогоо, хоолны хэрэгсэл, баяр ёслолын хэрэгсэл, хүүхдийн тоглоом зэргийг Хятадын Шандүн мужийн иргэдийн хөдөөгийн амьдралын дурсамж, гоо зүйн сонирхлыг тусгасан зүйлсийг дэлгэсэн байдаг. Ердийн юм шиг харагдах эдгээр зүйлс харин хүмүүсийн нутаг усныхаа тухай эргэцүүлэх чухал дурсамж болж, үзэсгэлэн сонирхогчдод ихээхэн таалагдсан байна. Гар урлал нь өвөг дээдсээс бидэнд өвлөсөн амьд соёлын өв гэж хэлж болно. Үзэсгэлэнд Шандүн мужийн Бөшин шяний гар урчуудын бүтээсэн даавуун барын дүр төрхийг нутгийн дурсамжийг илэрхийлсэн видео болгож хэвлэл мэдээллийн олон хэрэгслүүдээр цацсан. Даавуун бар нь тус удаагийн үзэсгэлэнгийн хүмүүст хамгийн таалагдсан үзэсгэлэнгийн бүс болсон байна. Орон нутгийн хөрсөнд соёолсон гар урлалын гоо үзэсгэлэн нь гоо зүйн таашаал авчрахаас гадна хөдөө орон нутгийн аж үйлдвэрийг ч хөгжүүлсэн билээ.

Жянсү мужийн Шюжүө хотын даавуун бүтээгдэхүүн

   Өдгөө соёлын бүтээлч үйлдвэрлэл, иргэдийн оролцоотой эдийн засаг ихээхэн хөгжсөн гар урлалын эдийн засгийн соёл, туршлага, агуулгын онцлог шинж чанарууд нь гар урлалын нөөцтэй олон уламжлалт тосгоныг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхэд түлхэц болсон байдаг. Гар урлал нь хөдөө орон нутгийн эдийн засгийн хөгжлийн шинэ хөдөлгөгч хүч болсон гэсэн үг. Юүньнань мужийн Хэчин шяний Цаохай суурингийн Шиньхуа тосгоны мөнгөн дархан бүгд явуулын хэлбэрээр тухайн нутгийн Бай, Төвд, И, Дай, Миао зэрэг үндэстний цөөнхийн гэр бүлд мөнгөн эдлэл урлаж хийж байсан. Сүүлийн арван хэдэн жилийн хугацаанд тухайн нутгийн Засгийн газар аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор бусад нутгаар цагаачлан явж байсан мөнгөн эдлэлийн гар урчуудыг нутаг буцааж, мөнгөн үнэт эдлэлийн дэлгүүр ажиллуулсан байна. Өнөөдөр Шиньхуа тосгоны 70 хувиас дээш гэр бүл бүгд мөнгөн үнэт эдлэлийн дэлгүүр ажиллуулж байгаа бөгөөд чанар сайтайгаараа нэр алдаршсан байдаг. Шиньхуа тосгоны хөгжлийн хэлбэртэй ижилхэн тосгонууд Хятадад олон бий. Жишээлбэл, Гүйжүө мужийн Күнбай тосгоны байгалийн өнгө үзэмж гоо үзэсгэлэн, тосгонд мөн олон тооны Миао үндэстний мөнгөн дархад мөнгөн эдлэл урлаж хийхдээ гарамгай. Тэд мөн төрийн бодлогын дагуу нутаг буцаж, нутгийнхаа аялал жуучлалын салбарыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан байна.

Хөдөө орон нутагт үндэслэсэн өвөрмөц гар урлал нь бүс нутгийн соёлын нэрийн хуудас болжээ. Жишээ нь, Шаньдүн мужийн Вэйфан хотын Ян Жяфү тосгоны цаасан шувуу, Гао Мине тосгоны дуугардаг шавар бар, Хэнань мужийн Шүнь шяний Ян Читүнь тосгоны шавар шувуу, Юүньнань мужийн Шыхэ тосгоны модон сийлбэр, Бэй Банбань тосгоны ваараар хийсэн муур зэрэг нь бүгд тухайн хөдөө бүс нутгийн соёлын аж үйлдвэрийг хөгжүүлэхэд чухал ач холбогдлоо өгсөн байна.

Шинэ эрин үеийн гар урлалын шинэ ойлголт

  Амьдралын бодит эрэлт хэрэгцээнээс гар урлалын бүтээгдэхүүн  үйлдвэрлэгддэг. Шинэ эрин үе гар урлалд шинэ ойлголт өгчээ. Уламжлалт гар урлал бол гар урчуудын амьдралаа авч явах чухал арга хэлбэр бөгөөд зах зээлийн хөгжилтэй уялдуулан хариу тохируулалт хийх боломжтой байдаг. Тухайлбал, “өөрчлөлт” нь гар урлалын хөгжлийн хэвийн төлөв байдал гэж хэлж болно. Гар урчууд "цагийн өнгө дагасан", "амьдралд үндэслэсэн", "үзэсгэлэнтэй материал"-ыг ашиглаж, гар урлалын олон төрлийн бүтээлийг бүтээсэн. Харьцангуй тогтвортой уламжлалт нийгэмд тосгоны гар урчуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь ихэвчлэн сүмийн цуглаан, захын борлуулалтад найддаг. Цөөн тооны хэдэн бүтээгдэхүүн нь тосгон дамжин өнгөрдөг "худалдаачид"-аар дамжин борлуулагддаг. Гар урлалын бүтээгдэхүүн ерийн эргэлтийн явцад тухайн бүс нутгийн үзэл баримтлал, зан заншилтай уялдаж, тогтмол бэлгэдлийн утгыг агуулсан өвөрмөц материаллаг хэлбэр болж бүрэлддэг. Уламжлалт цагаан сарын зураг, "муу ёрын зүйлийг зайлуулах" шавар бар, ваараар хийсэн муур, олон хүүхэдтэй болох хүсэл бүхий дуугардаг шавар шувуу, шавар нохой, сайн сайхны бэлгэдэл болсон сийлбэртэй хулуу зэрэг нь бүгд үүний жишээ юм. Эдгээр сайн сайхан бэлгэдлийн утга нь амьдралын энгийн сэтгэл хөдлөлийг илэрхийлж, хүмүүсийн хүлээлтэд нийцэж, тодорхой төрлийн гар урлалын хөгжлийн үндэс суурь болсон билээ.

Гүйжүө мужийн Чянь Дүннаний батик даавуун гар урлал

  Шинэ эрин үеийн орон нутгийн гар урлалын хөгжил нь хүмүүсийн өдөр ирэх тусам нэмэгдэж буй сайн сайхан амьдралын тухай эрэлт хэрэгцээг хангах төдийгүй, харин орчин үеийн нийгмийн амьдралын хөгжил хувиралд зохицох учиртай. Өнөө үед цагаачлал (орон зайн хувьд), хүмүүсийн хоорондын харилцаа, ажил эрхлэлтээс болсон шилжилт уламжлалт нийгэмтэй харьцуулахад ихээхэн хэмжээгээр нэмэгдэх хандлагатай болжээ. Үүнтэй холбогдуулан гар урчууд буюу хүмүүсийн бүтээсэн гар урлалын бүтээгдэхүүн ч тогтсон ба жижиг цар хүрээнд хязгаарлагдахаа больж, цаашид улам ч илүү утга учиртай, үнэ цэнтэй болсон. Өөрөөр хэлбэл, нэгэн орон нутгийн гар урлалын бүтээгдэхүүн зөвхөн сүмийн цуглаан буюу зах дээр гэх зэрэг хязгаарлагдсан цар хүрээнд борлуулагдах бус. Харин аялал жуулчлалын салбар болон худалдаа, цахим худалдааны салбарын хөгжилд суурилан улсын дотоодын зах зээл, тэрчлэн дэлхийн том зах зээл рүү нэвтрэхийг илэрхийлж байна.

Уламжлалт өв залгамжлал болон инновацийн тухай зөв ойлголт

Орчин үеийн нөхцөлд орон нутгийн гар урлалын үндсэн үнэ цэнийг хэрхэн таних вэ?

Энэ асуултад хариулах санал зөвлөмжүүд эцэст нь бүгд "жинхэнэ байдал" гэдэг тал дээр төвлөрч буй. Энэхүү ойлголтыг 1964 онд ЮНЕСКО-гоос баталсан "Венецийн дүрэм"-ээс гаргаж авсан бөгөөд соёлын өвийн үнэт шинж чанарыг үнэлэхэд ашигладаг. Энэ үзэл баримтлалыг 1994 онд болсон "Жинхэнэ байдлын тухай Нара бага хурал"-д тусгаж, шинэчлэн боловсруулсан юм. Хурлаар “Соёлын өвийн жинхэнэ байдалд тогтмол үнэлгээний стандарт байх бололцоо байхгүй” боловч “Соёлын өвийн агуулгын хоорондын уялдаа холбоог бүрэн авч үзэх хэрэгтэй” гэж санал болгосон байна. Агуулгын уялдаа холбоог хангах нь бүх уламжлалт соёлын нөөцийн үнэ цэн бөгөөд олон улсын хөгжлийн зөвшилцөл юм. Орон нутгийн гар урлал нь амьд соёлын нөөц, гэхдээ гар урлалын салбар хэзээд улиран хувирч хөгжиж байгаа гэдгийг ч ойлгох ёстой. Энэ хөгжлийн явцад гар урлалын агуулгын уялдаа холбоо нь урт удаан цаг хугацааны дараа бүтээгдэхүүний дунд “шингэж”, эцэстээ үндэсний соёлын тогтвортой, эрүүл хөгжлийг хангах гоо зүйн сонирхол, оюун санааны цөм болж үлддэг.

Шаньдүн мужийн Бөшин шяний даавуун бар

Энэ нь орон нутгийн гар урчууд, онцгойлон залуу үеийнхэн гар урчууд уламжлалт үзэл баримтлалаа өөрчлөн, агуу багтаамжтай хөгжлийн зогсоцоос уламжлалт өв залгамжлал болон инновацийн тухай зөв ойлголттой байхыг шаарддаг. Уламжлалт гар урлал өвөрмөц соёлын үнэ цэнтэй учир шинэ эрин үед чанар сайтай, гоо үзэсгэлэнтэй бүтээгдэхүүнээр амьдралын хэрэгцээг хангахын зэрэгцээ соёлын агуулгыг өвлөн уламжилж, соёлын сэргэн мандалтыг бий болгох үүрэг хариуцлагатай. Үүнийг биелүүлэхэд залуу үеийн гар урчууд маань хамтын соёлын мэдрэмжтэй байж, гар урлалын үнэ цэнийг тайлбарлагч, цаашид түгээгч болох үүрэг хариуцлагатай байна.

Орон нутгийн залуу гар урчууд энэхүү хүнд үүргийг үүрэглэж чадах эсэхийн тухайд бид ойлголоо. Одоогийн байдлаар залуу гар урчууд хэдийн дээр үеийн ахмадуудтайгаа харьцуулахад ажлын байрын илүү их сонголттой байсан ч тэд маш их сонирхол, урам зоригоор гар урлалын салбарт өөрийгөө зориулдаг. Амьдралын үнэ цэнийг тууштай, шинэлэг байдлаар ухамсарладаг байна. Жишээлбэл, Ян Читүнь тосгоны залуу уран бүтээлчид Хэнань мужийн музейтэй хамтран ажиллаж, "Шар шувуу" гэх зэрэг соёл, бүтээлч бүтээгдэхүүнийг боловсруулж, сонгодог соёлын дурсгалт зүйлийг уламжлалт гар урлалтай уялдуулан хөгжүүлсэн байна. Шыхэ тосгоны модон сийлбэрийн залуу уран бүтээлч уламжлалт архитектурын модон сийлбэр хийх зах зээлийн орон зайг өргөтгөсөн "мөөг хэлбэртэй модон халбага"-ыг амьдралын хэрэгцээ шаардлагад үндэслэн хийж, олны таашаалд хүрсэн байна.

Ниншя мужийн Яргай хотын баруун Шя дүүргийн гар урлалын бүтээгдэхүүн

Гар урлалын салбар бол хөдөө бүс нутгийг сэргээн хөгжүүлэх практикт яаралтай олборлох шаардлагатай баялаг “нөөц” юм. Энэхүү нөөцийг олборлон ашиглана гэвэл зөвхөн гар урчуудад найдаж болохгүй. Харин орон нутгийн Засгийн газрын төрийн бодлогын дэмжлэг болон нийгэм нийтийн анхаарал илүү их шаардлагатай юм.   

 

 

 

 

Зохиогч: ПАНЬ ЛҮШЭН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл