
Хөвөө намаг багийн айлуудын ихэнх нь хагас мал аж ахуй, хагас тариалангийн үйлдвэрлэлтэй. Улсын бэлчээрлүүлэхийг зогсоож өвс модыг сэргээх, мал бэлчээрийн тэнцвэрийг батлах зэрэг төрийн бодлогыг хэрэгжүүлэхээр дамжин Нарангэрэл, Шүрэн нар 2005 онд малын тоо толгойгоо цөөлж, махны чиглэлийн хэдэн хонь, ямаа, арав гаруй үхэр үлдээж, уламжлалт мал аж ахуйн арга хэлбэрээ өөрчилж, гахай, тахиа тэжээх шинэ арга замыг хайж, гацааны хэмжээнд хамгийн анх гахай тэжээсэн айл болжээ. Анх арваад гахайн торой худалдан авч, нэг жил гаруй хугацаанд тэжээгээд 100 гаруй килограммд хүргэж, нэг килограмм гахайн махыг 15 юаниар зарж, нэг гахайнаас хамгийн багадаа 800 юанийн цэвэр ашиг олдог байв. Сүүлдээ гахайн торойг өөрөө өсгөж бойжуулах зорилгоор азарган гахай болон мэгж гахай худалдан авч, хэдхэн жилийн дотор 260 толгой болгон өсгөж, “Үржүүлэх, өсгөх, худалдах, борлуулах” аргыг хослуулан, жилд 100 гаруй гахайн торой болон 100 гаруй гахайн худалдааны томоохон үйлдвэрлэлийг байгуулж, жилийн орлого нь хамгийн өндөртөө 300 гаруй мянган юаньд хүрчээ.
- Малын тоо толгойг цөөлснөөс бид амьдрал үйлдвэрлэлийн арга хэлбэртээ зайлшгүй өөрчлөлт хийж, шинэ зам хайх болсон тул гахай тэжээхээр гол болгосон тэжээлийн үйлдвэрлэл сонгосон. Гахай тэжээн үржүүлэх нь үржил сайн, эргэлт нь хурдан, орлогын нэмэгдэл нь сайн төдийгүй бэлчээр нутагт хохирол байхгүй хэмээн Нарангэрэл ярив.
Тухайн үед Алшаа аймгийн захаас чанар сайтай органик гахайн мах олдоход бэрх. Гол төлөв тариалангийн орон буюу тэжээлийн үйлдвэрлэл хийж байгаа газар орноос богино хугацаанд таргалуулах бордоогоор тэжээсэн гахайн махыг оруулж, хэрэглэгчдийн шаардлагыг хангаж байжээ. Нарангэрэл, Шүрэн нар зах зээлийн нөхцөл байдал болон хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад судалгаа хийж, орон нутгийн онцлогтой өвс ургамал, тэжээл бордоогоор гахай тэжээхэд махны чанарыг дээшлүүлж, шим тэжээлийг нь өндөр болгож чадахад хүрвэл хэрэглэгчдэд таалагдана гэдгийг ойлгосон байна. Үүний зэрэгцээ улаан гоёо, царгас, эрдэнэ шиш, буудайн хальс, тосон шааруу зэргээр гахай тэжээх гол бордоо болгож, одоог болтол баримталсаар байна.

Гахай тэжээх үйлс нь өдрөөс өдөр сайжирч, ашиг орлого нь жилээс жил нэмэгдэхийг дагаад гахай тэжээх цар хүрээгээ өргөжүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтын нөхцөл шаардлагыг сайжруулахаар Нарангэрэл, Шүрэн нар 500 гаруй юанийн хөрөнгө оруулж, гахай тэжээх хашаа, мэгж гахай тэжээх хашаа, тоорой бойжуулж өсгөх хашаа, гахайн тэжээл бордоо найруулах тасаг, машины бааз, гахайн баас шээсийг гадагшлуулах хашаа хүрээ зэргийг байгуулсны зэрэгцээ орчин тойрны ариун цэвэр, өвчнөөс сэргийлэх зэрэг холбогдох байгууллагаас шаардсан бүхнийг бүрдүүлжээ. Нарангэрэлийн эхнэр Шүрэн ХКН-ын Хөвөө намаг багийн нарийн бичгийн даргын тушаалыг хашдаг болохоор гахай тэжээх ажлын гол үүргийг Нарангэрэл биелүүлдэг байна. Гахай тэжээсэн арга туршлагаа нутгийн олонтойгоо хуваалцаж, намын албан тушаал, үүрэг хариуцлагаа биелүүлэн, ядуурлаас ангижруулж, хамтдаа баяжих зорилгоор 2010 онд Нарангэрэл, Шүрэн багийнхаа 10 айлтай хамтран Алшаа зүүн хошууны Хөвөө намаг малчин тариачны шинэ хэлбэрийн тэжээлийн тусгай хоршоог байгуулжээ. Нарангэрэл, Шүрэн нар жилдээ 100 гаруй гахайн тоорой хоршооны гишүүн айл, багийн амьдрал нь ядуу буурай айл өрх, эдийн засгийн ашиг орлого бага малчин тариачинд үнэ төлбөргүйгээр өгч, ядуурлаас ангижруулах шинэ арга замыг нээж, арван хэдэн жилийн турш үнэ төлбөргүй тараасан гахайн тооройн үнэ 50 мянган юаньд хүрчээ. Багийнхаа иргэдэд мал аж ахуй тариаланг уялдуулахын зэрэгцээ тэжээлийн үйлс эрхлэх талыг дэмжин, орлого амьдралыг нь дээшлүүлж чадсан байна. Нарангэрэл, Шүрэн нарын байгуулсан хоршоог 2014 онд ӨМӨЗО-ы Тариалан, Мал аж ахуйн тэнхим, Шинжлэх ухаан мэргэжлийн тэнхим, Ардын явдлын тэнхим зэрэг байгууллага нэгж Өвөр Монголын малчин, тариачны шинэ хэлбэрийн тэжээлийн тусгай мэргэжлийн жишээ хоршоогоор үнэлсэн байна.

- Улаан гоёогоор тэжээсэн гахай хоол шингээхдээ сайн байдаг. Идэх нь их, өсөх нь хурдан байдаг. Манай орон нутгийнхаа өвс ургамлаар гахайн тэжээл бордоо болгодог. Харин гахайг хурдан таргалуулах эм тангийн зүйлийг хэрэглэдэггүй. Ихэнх гахай тэжээдэг газар жил тэжээгээд зах зээлд гаргадаг. Бид гахайгаа хамгийн багадаа нэг жилээс дээш хугацаатай тэжээдэг. Урт хугацаагаар тэжээвэл гахайн биеийн өсөлт нь жамаа даган 100-150 килограммд хүрч, махны чанар нь сайн болж, идэхэд амттай болдог хэмээн Нарангэрэл дахинтаа тайлбарлан ярьж байв.
Нарангэрэл, Шүрэн нар гахайн махаа өмнө нь Алшаа том буудал, аймгийн зочид буудал зэрэг аймгийн төв Баянхотын бүх хоолны газрууд болон зах дээр борлуулж, ихэнх хэсгийг нь хэрэглэгчид гар утсаар захиалга өгч, гэрт нь ирж худалдан авдаг байв. Тэдний тэжээсэн гахайн мах нь чанар сайтайгаараа хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүний гэрчилгээг авч, одоо Баянхотын Шинэ эрин талбайн орон нутгийн тариалан мал аж ахуйн органик бүтээгдэхүүний ерөнхий дэлгүүр болон Баянхотын биеийн тамирын талбайн орон нутгийн тариалан мал аж ахуйн органик бүтээгдэхүүний ерөнхий дэлгүүрт нэг килограмм бүрийг нь 40 юаниар худалдаж, бусад захын гахайн махнаас 5-6 юаниар үнэтэй байдаг.

- Манайх 0.27 га талбайтай тариан газартаа царгас тарьдаг. Гахайн тэжээл хоолондоо улаан гоёо, царгас, буудайн хальс, тосон шааруу, эрдэнэ шиш зэрэг арваад төрлийн орон нутгийн өвс ургамлыг тус бүр 15 хувиар хольж бутлаад, өдөрт хоёр удаа өгч, жилд 75 мянган килограммаас дээш тэжээл хоол бэлтгэдэг хэмээн Нарангэрэл ярив.
Нарангэрэл, Шүрэн нар өмнө нь гахайн тооройгоо 300 юань, 500 юаниар худалдаж байсан бол одоо 1000 юаньд хүргэх болжээ. Гахайн махаа өмнө нь 15-16 юаниар зардаг байсан бол чанар сайтай, органик бүтээгдэхүүний гэрчилгээ авсан болохоор одоо 20 юаньд хүрсэн ч захын хэрэгцээг хангаж чадахгүй болсон байна.
Одоо 110 гаруй гахай, 10-аад мэгж гахай тэжээн жилд 100 гаруй гахайн тоорой болон 100 гаруй бордооны гахай худалдаж байна. Мөн 200 тахиа, 200 гаруй европ галуу тэжээж, хөдөөгийн тахианы мах, нугасны мах, тахианы өндөг худалдаж, тэжээлийн үйлсээр амьдралын шинэ замыг нээхийн зэрэгцээ багийнхаа малчин тариачныг дэмжиж уриалан ядуурлаас ангижруулж, чинээлэг замд оруулахад үлгэр жишээ болж байна.
