
7 дугаар сарын 5-6-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Ань Хүй мужийн Фуян, Ху Нань мужийн Юай Ян, Ху Бэй Мужийн У Ханьд хүрэлцэн очиж, Хөх Мөрөн, Хуай Хэ голын урсгал дагуу үерээс сэргийлэх болон үерийн гамшигтай тэмцэх ажилтай танилцлаа.

Тэрээр хэлэхдээ: - 7,8 дугаар сар бол үер уснаас сэргийлэх зангилааны үе бөгөөд үер усны аюулаас сэргийлэх, гамшигтай тэмцэх хүнд үүрэг ард нь байна. Аюулгүй байдлыг баталгаажуулж, сулруулалгүй, дээд доод урсгал дагуу нутгийнхан нэгдсэн байдлаар хамтран ажиллаж, онцгой байдлын бэлтгэл ажлаа сайн хийж, үерийн гамшигтай тэмцэх ажилд санаачилгатай байх хэрэгтэй гэжээ.

У Хань хотод сүүлийн нэг долоо хоногт 600 миллиметрийн хур тунадас орж, Хөх Мөрөн, Хань Жян Мөрний усны түвшин түргэн нэмэгдэж, аюултай хэмжээнд хүрсэн байна. Үргэлжлэн аадар бороо бууснаас Хөх Мөрний хот доторх хашлага далангаар ус нэвчиж байна. Ли Кэчян газар дээр нь байдалтай танилцаж, гамшигтай тэмцэж байгаа ардын чөлөөлөх арми, зэвсэгт цагдаагийн офицер дайчид, усны ажил эрхэлсэн хүмүүс болон холбогдох хүмүүстэй уулзаж ажил байдалтай танилцаж, бусад эрсдэл байгаа эсэх талаар асууж лавлалаа.

Ли Кэчян цохон тэмдэглэхдээ: - Энэ бол иргэд их хэмжээгээр төвлөрсөн газар юм. Та бүхний үүрэг хүнд байна. Хөх Мөрний хашлага далан өнгөрсөн үетэй харьцуулахад бат бэх болсон ч сэрэмж алдаж болохгүй. Мянган газрын хашлага далан шоргоолжны үүрээс болж сэтэрнэ гэдэг. Хашлага далангаар ус нэвчиж байгаа нь бидэнд маш их сэрэмж өгч байна. Өдгөө үерээс сэргийлэх чухал үе болж байна. Далд эрсдэлийг арилгаж, хашлага даланг бэхэлж, ашигтай туршлагаа дүгнэн, ард олны амь насны аюулгүй байдлыг бүрэн баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

