Саяхан Нэгдсэн Үндэсний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенц болон WFC /World Future Council буюу Дэлхийн ирээдийн зөвлөл/ байгууллагаас 2017 оны “Ирээдүйн төрийн бодлогын шагнал” хүртсэн улс орнуудыг тодруулсан бөгөөд цөлжилттэй тэмцсэн аугаа амжилтаараа Хятад улс тус шагналын мөнгөн медаль гардсан юм.
Энэхүү алдар нэрийн ард Хятад улсын цөлжилтийн эсрэг тэмцэж, цөлжилтөөс сэргийлсэн амжилттай үйл ажиллагаа, нөр их хүч хөдөлмөр, цөлжилтийн эсрэг хэрэгжүүлсэн “Хятад улсын төсөл”-ийн үр бүтээл нуугдаж байгаа билээ.
Засгийн газар, ард иргэд, аж ахуйн нэгжийн хамтын зүтгэлээр Өвөр Монголын Хөвч элс ногоорч, өнгөрсөн хугацааны галзуу элс өдгөө өн шимтэй тариа болон өөрчлөгдлөө. Энэ нь элсний эсрэг үйл ажиллагааг хөгжүүлж, элсийг эд хөрөнгө болгон ашиглах амьд жишээ болсон байна.
Өвөр Монголын баруун хөрш Гансу мужийн Юй Жүн шяний Шар хөрст өндөрлөгийг ерөнхийлөн засах ой шугуйн үлгэр жишээ хүрээлэн урьд нь шавар шороон урсгалаас шалтгаалж гуу ганга сүлжилдэн байсан бол өнөөдөр өвч ой модоор хучигдаж, өнгө төрх үзэсгэлэнтэй, үзэмж төгс орон болжээ. Хэбэй мужийн Сайхандаваа хүн, малын бараагүй, эзгүй аглаг нутаг байсан нь одоо 75 мянган га газар бүхий зургаан ой шугуйн бүстэй болж, номин ногоон түүхээ бичиглэсэн байна.
Цөлжилтөөс сэргийлэхийн тулд Хятад улс “БНХАУ-ын элснээс сэргийлэх хууль”, “Цөлжилтөөс сэргийлэх ажлыг чангатгах тухай Төрийн Зөвлөлийн шийдвэр”, “Хятад улсын цөлжилтөөс сэргийлэх төлөвлөгөө” зэрэг хууль дүрэм, төсөл төлөвлөгөөг тогтоон хэрэгжүүлж, мужийн зэрэглэлийн Засгийн газрын цөлжилтөөс сэргийлэх үүргийн дүрмийг хэрэгжүүлэв. Байгалийн ой шугуйг хамгаалах, Бээжин, Тяньжиний элсний эхийг засан сэргээх, Умардын гурван орны халхавч ойг бүтээн байгуулах, тариалахыг зогсоож ой мод тарих зэрэг экологи сэргээх цуврал төслүүдийг хэрэгжүүлж, гол болох газар орныг эрчимтэй хамгаалж, нэгдсэн байдлаар засан сэргээсэн байна. Эдгээр гол төслүүдийг хэрэгжүүлэхээр дамжин цөлжилтийн тэлэлтийг үр дүнтэй зогсоож, цөлжилтийн талбай буурсан ба цөл газрын экологийн чадавх илт сайжирсан байна.
Цөлжилт бол Хятад улсад тулгарч буй экологийн хамгийн хүнд хэцүү асуудал бөгөөд 400 сая ард иргэдийн амьжиргаанд нөлөөлж байдаг. Цөлжилттэй бүс нутгийн эдийн засгийн хөгжил хоцронгуй, иргэдийн амьдрал ядуу байх гол шалтгаан бол хэтэрхий их тариа тарьж, дураараа ухаж малтсанаас шалтгаалж цөлжилтийн хэмжээг нэмэгдүүлсэнд оршиж буй. Тоо бүртгэлээс үзвэл Хятад улсын ядуу сум, шяний 290 нь цөл нутагт байрладаг. Ядуу буурай амьдралтай хүн амын 35 хувийг эзэлдэг. Энэхүү нөхцөл байдал зориулж Хятад улс “Цөлжилттэй тэмцэх” болон “Ядуурлаас ангижруулах”-ыг уялдуулан цөлжилттэй бүс нутгийн ядуурлыг оновчтой бууруулах үйл ажиллагааны төв цэг болгосон байна. Цөлжилтөөс сэргийлэх явцад экологиор ядуурлыг бууруулах шинэ арга зам гаргаж, экологи сайхан, иргэд баян байхыг хамтад нь хэрэгжүүлэхээр хүчин зүтгэж байна. Одоогийн байдлаар Хятад улсын цөлжилтөөс сэргийлэх ажил “Зургааг нэг цогц болгосон” ерөнхийлөн засах системийг буй болгож, төрийн бодлогоор хөтөлж, хууль цаазаар хүлээслэн, үлгэр дууриалаар урам өгч, бүх нийгмээрээ оролцсон бүх талаар засах ажлыг гүйцэтгээд байна.
2000 оноос хойш Хятад улсын цөлжсөн газар нутгийн талбай үргэлжлэн багасаж, өнгөрсөн зууны сүүлчийн жил дунджаар 10,4 мянган км2 өргөжиж байсан үеэ бодоход өнөөдөр 2424 км2-аар буурч, цөлжилтөөс сэргийлсэн “Хятад улсын оюун билэг” болон “Хятад улсын туршлага”-ыг дэлхий нийтэд хандивласан байна.
ХКН-ын XVIII хурлаас хойш Хятад улс экологийн соёлыг илүү чухалчлах болж, ард иргэд экологийн цэвэр хөгжил, амьдралын арга хэлбэрийг өдөр ирэх тусам илүү шаардах болов. Цөлжилтөөс сэргийлэх ажлын хүрээнд Хятад улс байгаль орчныг дээдлэх, байгальд ээлтэй байх, байгалийг хамгаалах экологийн соёлын утга учрыг түгээхийг алхам алхмаар чангатгаж, Засгийн газар, аж ахуйн нэгж, ард иргэд хамтдаа цөлжилтөөс сэргийлэх системийг аажмаар бүрдүүлснээр Хятад улсын цөлжилтөөс сэргийлэх ажлын явц түргэсч, үр бүтээмж нь илт нэмэгдсэн байна.
Цөлжилттэй тэмцэх аян үргэлжилсээр. “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд Хятад улс цөлжилтөөс сэргийлэх ажлыг эрчимтэй дэмжин, экологийн соёлыг чанаржуулан, экологийн хууль зөрчсөн бол чанга шийтгэж, ерөнхийлөн засахыг дэмжин, шинжлэх ухаанлагаар хамгаалан сэргийлэх, тохиромжтой нээн ашиглах, төрийн бодлогыг төгөлдөржүүлэх зэрэг арга барилаар цөлжилттэй тэмцэж байна.
БНХАУ-ын Ой шугуйн товчооны холбогдох удирдлагын танилцуулснаар 2020 он болоход Хятад улсын цөлжсөн 10 сая га газрыг сэргээн сайжруулж, сэргээн засах шаардлагатай газар нутгийн 50 хувийг сэргээхээр төлөвлөж байгаа аж. Энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд Хятад улс цөлжилтөөс сэргийлэх алхмаа түргэсгэж, шинжлэх ухаанлаг мэргэжлийг ашиглан бүтээлчээр сэтгэж, тус ажлын төвшнөө дээшлүүлэв. Улмаар аж үйлдвэрийг хөгжүүлэхээр дамжиж ард иргэдэд цэвэр ашиг хүртээх, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээр дамжин хөгжлийн үр бүтээлээ хамтдаа эдлэх зэрэг арга хэмжээ хэрэгжүүлж, Хятад улсын Цөлжилтийн эсрэг тэмцэх ажлыг хөгжлийн шинэ түвшинд хүргэхээр хүчин зүтгэж байна.
