Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 27-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд Хөдөө аж ахуй хөдөө тосгоны яам танилцуулснаар, “13-р таван жил”-ийн хугацаанд Төв хорооноос хөдөө аж ахуй хөдөө тосгоныг тэргүүлэн хөгжүүлэх тухай ерөнхий бодлого гаргаж, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх чухал бодлогын төлөвлөлт хийж, хөдөө аж ахуйн хөдөө тосгоны хөгжил түүхийн чанартай ололт амжилтад хүрсэн байна.
Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны дэд сайд Лю Хуаньшинь хэвлэлийн бага хуралд танилцуулснаар, “13-р таван жил”-ийн хугацаанд Хятад улсын усан тутарга, улаан буудайгаар өөрийгөө хангасан үзүүлэлт 100-гаас дээш хувийг хадгалж, эрдэнэ шишээр өөрийгөө хангасан үзүүлэлт 95 хувиас давж, мах махан бүтээгдэхүүн, өндөг, сүү, жимс, ногоо, цайны төрөл зүйл олон, нийлүүлэлт хангалттай байв. 2019 онд, Хятад улсын үр тарианы үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээ 660 сая тоннд хүрч, түүхийн шинэ түвшнийг тогтоов. Хүн тутамд ногдох үр тарианы эзлэх хэмжээ 470 кг-аас дээш хэмжээг тогтвортой хадгалж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 400 кг-ийн үр тарианы баталгаат байдлын шугамаас хол давав. 53.3 мянган га өндөр стандарт бүхий тариалангийн газрыг бүтээн байгуулах үүргийг биелүүлж, хөдөө аж ахуйн орчин үеийн бүтээн байгуулалт шинэ шатанд ахиж, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн дэвшлийн хувь нэмэр оруулсан үзүүлэлт 60 хувиас давав. Тариачдын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилтыг урьдчилан биелүүлж, түүнчлэн ядуурлаас ангижруулах тэмцэл шийдвэрийн чанартай амжилтад хүрч, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх сайн гарааг эхлүүлж, хөдөө тосгоны өөрчлөлт үргэлжлэн гүнзгийрэв гэжээ.
Лю Хуаньшинь хэлэхдээ, өдгөө “14-р таван жил” буюу 2021-2025 оныг хүртэлх хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд хойшид чанартай, алс хэтийн бөгөөд стратегийн чанартай хөдөө аж ахуйн чухал төслүүдийг идэвхтэй хэрэгжүүлж, өндөр стандарт бүхий тариалангийн газар, орчин үеийн тариалалт, агуулахын ложистикийн тоног төхөөрөмж, дижитал хөдөө аж ахуй, хөдөө тосгон, амьтан ургамлын хижгийн сэргийлэлт, шинжлэх ухааны чухал суурь тоног төхөөрөмж зэрэг талаар хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, орчин үеийн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн дэмжих хүчийг эрчимжүүлнэ гэжээ.
