Төв телевизийн хоёр дахь сувгаас Улгай менежментийн орноор нутагтай монгол залуу Тайван “Куайшөү” тавцангаар борц худалдаад жилийн борлуулалтын орлого нь дөрвөн сая гаруй юаньд хүрсэнээс нь түүний хэрхэн амжилт олсон тухай тусгайлан сурвалжилсан юм.

Хоньчин залуу худалдаачин боллоо
Тайван энэ жил 33 настай. Ар гэрийн амьдрал нь хүнд байсан тэрээр бага сургуулийн дөрөвдүгээр ангиасаа сургуулиасаа гарсан байна. 14 настайгаасаа айлын хоньчин болж, дараа нь айлд аргал түүх, өвс хадаж тээх, албан байгууллагын хамгаалагч зэрэг олон төрлийн ажлыг хийж байв. Хичнээн нөр их хөдөлмөр зарцуулж явсан ч орлого багатай, өдөр тутмын амьдралыг аргацаахад ч хүртэл хүрэхгүй байсан гэнэ. Ийнхүү айл гэр болсон Тайван өөрийг нь дагаж ядуу зүдүү амьдарч байгаа эхнэр, хүүхдээ хараад тэдэндээ зол жаргалтай, сайн сайхан амьдралыг эдлүүлэхийн төлөө юу нэгийг бүтээж амьжиргааны түвшнээ дээшлүүлэхээр зориг шулуудсан байна. 2015 оны долоодугаар сард 100 мянган юаний өндөр хүүтэй зээл авч Зүүн Үзэмчин хошууны Баянхошуу сууринд 116 кавдрат метрийн орон сууц түрээсэлж, борцны худалдаа үйлсээ эхлүүлсэн юм. Тухайн үед төрөл садан найз нөхөд нь бүгд түүнийг дэмжихгүй, мөнгөө зүгээр л үрж байна гэж бодож байсан боловч Тайван энэ бүхнийг хайхралгүй өөрийнхөөрөө ажилласаар байлаа. Тэрээр малчдаас үхэр худалдан авч, нядалж борцлох, боодоллох зэрэг ажлыг эхнэртэйгээ хоёул хийдэг болохоор шөнөжин ажиллах удаа ч олон гарч байжээ.
Жилийн цэвэр орлого 20 мянган юаниас 800 гаруй мянган юаньд хүрэв
Тайван гэргийтэйгээ хоёул хоёр жил борив бохисхийлгүй ажилласан боловч орлого нь мөн л тун бага байж, жилдээ дөнгөж 20, 30 мянган юань олдог байв. “Одоо яадаг билээ?” гэж санааширч байсан Тайван нэгэн өдөр гарц хайхаар их хотод ажиллаж суугаа найзтайгаа очиж уулзлаа. Найз нь хамт хооллох зуураа түүнд “Куайшөү” тавцанг танилцуулав. Энэхүү тавцангаар дамжуулан борцоо борлуулах зөвлөгөө өгчээ. Ингээд Тайван найзынхаа өгсөн зөвлөгөөгөөр 2017 оны гуравдугаар сард цахим борлуулалт хийх анхны гараагаа эхлүүлжээ.

Анх эхлэхдээ “Куайшөү” тавцан дээр борцоо борлуулахын зэрэгцээ монгол нутгийнхаа соёл амьдралыг сүлжээний анд нартаа танилцуулахад хэдэн мянгаараа хүлээн авч үзэх сүлжээний андтай болов. Сүүлд нь сүлжээний андууд нь улам олширч, ердөө тавхан сарын дотор 184 мянган сүлжээний андтай болж борцны наймаа нь ч улмаас улам өргөжив. Тэрээр анх эхлэх үедээ гэргийтэйгээ хоёулхнаа борц хийж байсан бол өдгөө хөлсний найман ажилтантай болж, жилийн борлуулалтын өртөг нь дөрвөн сая гаруй юаньд хүрэв. Өмнө нь цэвэр орлого нь 20 мянга гаруй юань байсан бол 800 гаруй мянган юаньд хүрсэн байна.
“Куайшөү” тавцангийн хамгийн итгэл найдвартай хэрэглэгч
- Цахим борлуулалт гэдэг хэлэхэд амар боловч хийхэд хялбар бус. ‘Куайшөү’ тавцангаас хамгийн анх Шанхайн хэрэглэгч надаас нэг килограмм борц авч байлаа. Түүний дараа Гирин мужийн нэг хүн 1.5 км борц авахдаа надад мөнгөө төлөхөөс татгалзаж, намайг залилагч юм уу гэж сэжиглэж байсан юм. Ингэхэд би арга буюу иргэний үнэмлэх, гар утсаа бүгдийг түүнд илгээж үзүүлсний дараа тэр надад итгэсэн. Тэр хүн борцоо авсны дараа ихэд магтан сайшааж байлаа. Дараа нь манайхаас дандаа борц худалдаж авдаг болсон гэж Тайван хуучилсан юм.
“Куайшөү” тавцан хэрэглэгчдээ цаг ямагт хянан шалгаж байдаг.
Нэгэн өдөр тэрээр Чинхуа их сургуулийн сургалтанд хамрагдах урилга хүлээж аваад ихэд гайхсан гэнэ. Учир ухааныг нь олохоор асуухад тавцангийн хяналтаар дамжин Тайван хамгийн итгэл найдвартай хэрэглэгч болсон гэдгийг мэджээ. Ингээд Чинхуа их сургуульд очиж хэрхэн аж ахуйн нэгж эрхлэх, хэрхэн илүү өргөн зах зээлийг нээх зэрэг талаар сургалтанд сууж, Өвөр Монгол орноос цорын ганц тус сургалтанд оролцсон хүн болсон байна.

Ийнхүү Тайвангийн ажил үйлс улам өөдөлсөн ч “Баяживч хамтдаа” гэсэн сэтгэлээр нутгийн малчдаа дэмжин цагаан идээг тавцангаараа борлуулж эхлэв. Ингэснээр Улгай орныхоо баяжих чиглүүлэгч болсон юм. “Ноднин би Тунляо хот руу малчдын дөрвөн тонн гаруй цагаан идээг борлуулж өгсөн юм. Би өөрөө ч малчин гаралтай, бага ч гэсэн малчиддаа тус дэм болж байвал сэтгэл дүүрэн явдаг” гэж Тайван эгэл даруухан ярьж байсан юм.
Тэрбээр цаашдын төлөвлөгөөнийхөө тухайд:
- Хожим борц худалдахаас гадна малчдынхаа цагаан идээ, хонины махыг ч борлуулах санаа бодол бий. Гэвч өнөө зүйл зүйлийн борлуулалтын хэмжээ ихэссэн болохоор стандарт баримжаанд нийцсэн үйлдвэрлэлийн тасаг л дутаад байгаа юм. Эрхлэлт менежментийн тал дээр ч улам чангаруулах шаардлагатай. Шилийн хот, Тунляо зэрэг газар орнуудаар ч салбар дэлгүүрүүдээ ажиллуулах санаа бий гэж сурвалжлагчдад цаашдын төлөвлөгөөний тухайгаа ч дэлгэн ярьж байлаа.
