Дэлхийн эдийн засгийн форумын 2023 оны жил тутмын хурал 01-р сарын 16-ны өдөр Швейцарын зүүн нутгийн жижиг суурин Давост нээлтээ хийв. Тус форумын жил тутмын хурал КОВИД-19 вирус дэгдсэнээс хойш өвлийн улиралд анх удаа оффлайн хэлбэрээр зохиогдож байгаа юм.
“Хагарал бутралтай дэлхийд хамтын ажиллагаагаа чангатгая” гол сэдвийн дор зохиогдсон тус хурал энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Хуралд улс төр, худалдаа, эрдэм шинжилгээний салбар болон хэвлэл мэдээллийн төлөөлөл гээд дэлхийн олон газраас хүрэлцэн ирсэн нийт 2700 орчим хүн оролцож, үр тариа хийгээд эрчим хүчний хямралыг шийдвэрлэх, өндөр инфляц, тааруу өсөлт, өр зээл ихтэй байгааг зохицуулах, аж үйлдвэр сул байгааг шийдвэрлэх, нийгмийн эмзэг асуудлуудыг шийдвэрлэх, геополитикийн эрсдэлийн эсрэг хандах зэрэг таван томоохон сэдвийг гол болгон хэлэлцэж, гарц шийдлийг хайх юм байна.
Дэлхийн эдийн засгийн форумын ерөнхийлөгч Брэнд хэд хоногийн өмнө Синьхуа агентлагт өгсөн онцгой ярилцлагадаа, энэ жил дэлхийн хямрал, дайн, худалдааны протекционизм, уур амьсгалын өөрчлөлт гэх мэт эрсдэлүүдтэй тулгарч байгаа болохоор тус форумын жил тутмын хурал нь олон арван жилийн турш геополитик, эдийн засгийн хамгийн ээдрээтэй мөргөлдөөний нөхцөлд зохиогдсон гэжээ.
Дэлхийн эдийн засгийн форумыг үүсгэн санаачлагч, гүйцэтгэх дарга Клаус Шваб тус хурал эхлэхийн өмнөхөн хэлэхдээ, "Улс төр, эдийн засаг болон нийгмийн зэрэг олон хүчин зүйлийн нөлөөллөөр, дэлхий нийтийн хийгээд улс орны түвшний салан тусгаарлалт, ялгаралт ид даамжирч байна. Итгэл алдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд засгийн газар, компаниуд хамтын ажиллагаагаа чангатган, эдийн засаг хүчтэй бөгөөд тогтвортой сэргэхэд нөхцөл боломж бүрдүүлэх шаардлагатай. Үүний зэрэгцээ эдийн засгийн хөгжлийн уян хатан, тогтвортой байдлыг зайлшгүй нэмэгдүүлж, бүх хүмүүсийн оролцоог баталгаажуулах шаардлагатай гэжээ.
Дэлхийн эдийн засгийн форум нь олон улсын албан бус байгууллага бөгөөд дэлхийн эдийн засагт тулгамдаж буй асуудлуудыг судлан, хэлэлцэх, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, солилцоог дэмжих зорилготой юм.
