solongonews
Хаврын мэдрэмж
2022-03-30 10:02
Улирлын сайхныг мэдрэхэд учир бий. Улирал бүхэн өөр өөрийн өнгөөр уянгаран солонгорч хүн хар тэргүүтэнд өөр өөр мэдрэмж төрүүлдэг жамтай.

   Хаврын сайхан нь эх газар уясан гол горхи хайлж, хамаг байгаль амилан сэргэж ертөнц дэлхий эрч хүчээр бялхахуйд оршино. Хавар ногоон өнгөөр нялхран нялхардаг болохоор эрт дээр үеэс ч тэр, энэ дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс хаврын тухай уянга дуулал найраглан бүтээж өөр өөрийнхөөрөө дүрсэлж төсөөлөн мэдэрдэг билээ.

Хавар цагт малчид төлөө тосон баясахад, тариаланчид үр тариагаа тариад завгүй ажиллана. Нутаг буцах нүүдлийн шувуудын цуваа, сонор мялаах төлийн дууны найрал, урган төлжих нялх ногооны дэлгэрэл. Энэ бүхэн хаврын тухай дүрслэл мэдрэмжүүдийг хүмүүсийн ирээдүйд хандах сэтгэл итгэлийг дайчилдаг болохоор хүйтэн шамарга, салхин шуурга , хар зуд, харангадал өлбөрөлд тарчилласан ч гэсэн гуниж гутрахаасаа илүү зориглон тэмүүлэхийг эрхэмлэдэг нь чин үнэн юм.

   “Хаврын тэнгэр хагастай хугастай” гэдэг. Энэ ч мөн аргагүй үнэн үг. Өглөө урин дулаахан байсан тэнгэр үд болоход хуйсганан шуурч тэнгэр газар нийлмээр байснаа үдэш орой болоод аяархан намжчихдаг удаа олонтаа. Хаврын тэнгэр өдрийн гурав хувирдаг ч түмэн бодис төлжин амилах жамаараа л амилна. Чухам ийнхүү байгаль дэлхийн амь дэлгэрэн сэргэдэг болохоор хавар цаг хүмүүст итгэл зориг авчирдаг билээ.

Хавар хавсарга шуургатай байлаа гээд гоморхож гутраад яах вэ, хавар урин дулаан боллоо гээд баярлаж цэнгэлдээд байх ч юун! Хөдөлмөрчин түмэн маань эцсийн эцэстээ “Зовох цаг байхад жаргах цаг бас байна” гэдэгт итгэдэг учир хавраа хавраар нь мэдэрч хүлээн авч, бахархан нандигнадаг ёсоороо л нандигнасаар.

Хаварт итгээрэй ! Ирээдүйд итгээрэй !

 

Зохиогч: Ш.ЦОГЗОЛМАА
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : С М Т
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл