Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе! Тантай ярилцахдаа таатай байна. Өөрийгөө уншигчдад маань танилцуулаач
-Сайн байна уу? Баярлалаа та бүхэндээ ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Наранчимэг гэдэг, Нөхөр 3н хүүхдийн хамт амьдардаг. Иогийг түгээн дэлгэрүүлэх зорилготой ажиллаж амьдарч байна даа.
Иога гэж юу вэ? Ямар ач тустай учраас та хичээллэдэг вэ?
-Иога эрт дээр үед үүсэж хөгжсөн бөгөөд бие болон сэтгэл оюунтайгаа нэгдэх уусах арга зам гэж үздэг. Дотоод гоо сайхан амар амгаланг мэдрэх гэж мөн эрүүл чийрэг байх гэж амьдралдаа аз жаргал шинэ өнгө нэмэх гэж йогаар хичээллэдэг дээ.
Анх иогаар хичээллэж эхэлсэн дурсамжаасаа хуваалцаач? Хэцүү бэрх зүйлс юу байсан бэ?
-Би их сонин санаандгүй байдлаар учирсан даа. Хэзээ ч зорьж суръя гэж бодож байгаагүй тэр бүү хэл йога гэж хэлдгийг нь ч хэзээ хойно мэдсэн шүү(инээв). Учир нь Хятадад оюутан байхдаа нуруугаараа шат руу унаж бэртсэн тул хөдөлж чаддаггүй байсан юм. Нэг өдөр сургуулийнхаа заланд сууж байтал өндөр настнуудад йога зааж байсан юм би сонирхоод очтол намайг ч мөн адил сууж болно гээд анхны хичээлдээ сууж үзсэн дээ . Маргааш нь бүх бие хөндүүрлэж их хэцүү байсан шүү. Анх уулзаж байсан багш маань их сайхан бүсгүй байсан болохоор хэлсэн үгс нь хүртэл чихэнд сонсогдож ахиж уулзахыг хүсэн хайсаар байгаад шавь орсондоо. Би их хөшүүн болхи байсан болохоор хийж чадахгүй дасгал мөн ч их байсан. Түүнээсээ болоод их ч шантардаг байж билээ.
Олон хүмүүс йогаар хичээллэвэл зөвхөн турдаг гэсэн ойлголттой байдаг үүний талаар тайлбарлавал?
-Хүмүүс ер нь өдөр тутмын амьдралдаа нэг их анхаарал хандуулдаггүй. Гэнэт л турмаар болно, гэнэт л хаямаар болно. Маш хурдан турах гэж ирдэг хүмүүс ч бий. Хүний бие гажиж эвдрэхдээ их амархан харин засаж янзлахад тийм ч амар биш. Өвдөнө, хөндүүрлэнэ, чилнэ энэ бүхнийг давж гарж чадвал юун турах түүнээс ч илүү үр дүн чамайг угтах болно.

Өнөөгийн стресс ихтэй нийгэмд иогийн ач тус юу вэ? Уур бухимдлыг тайлж бясалгах үүрэгтэй гэж сонссон юм байна.
-Одоо цаг бол хөгжиж буй нийгэм. Нийгмээ дагаад хүмүүс хувирч байна яаруу сандруу тэвдүү тэвчээргүй болж ажил гэр гээд тун завгүй байдаг ч яаж ийгээд өөртөө 90 минут зориулна гэдэг хэцүү биш ба заавал өөртөө хийх ёстой зүйл болоод байгаа билээ. Бясалгал йога нь хамт байдаг бөгөөд махан биеийн зовиурыг арилгаж хөлсөө урсгаж амьсгалаа удирдаж хөдөлнө гэдэг өөрөө асар том засал юм.
Иогаар хичээллэмээр байдаг ч хаана хэнд хандахаа мэдэхгүй бүсгүйчүүд байдаг тэгвэл тэдэнд хандаж зөвлөгөө өгөөч?
-Хүмүүс ихэнхидээ их сүрхий эхэлдэг ч дунд нь хаях хандлагатай байдаг. Юманд туйлширч бус үндэс суурьтай эрж хайн хайгуул хийсний эцэст зорьж очих ёстой. Гэрийн ойр гэхээсээ илүүтэйгээр мэргэжлийн сайн багштай газар чухал. Юманд зорьж явна гэдэг маш их хөдөлмөр шүү дээ.
Танай сургалтын төв бусад сургалтын төвүүдээс юугаараа давуу талтай вэ?
-Би йога заагаад 10 жил болжээ. Энэхүү багагүй хугацаанд их зүйлсийг сурч мэдэж туршлага хуримтлуулж зогсолтгүй өөрчлөгдөн сайжирч улам бүр арга барилаа нэмэгдүүлэх гэж ажиллаж ирсэн. "Нараа йога" сургалтын төв маань нээгдээд 1 жил гаруй болж байна. Анх йога заадаг байхад ганц хоёрхон л төв байдаг байсан бол одоо их олон төвүүд бий болжээ. Төв болгон янз бүр байдаг манайх бол тохижилт байгалийг харах байдал болоод том зал гэх мэт хичээллэхэд тохирохуйц орчин бүрдсэн ба үр дүн чадвараараа ялгардаг гэж боддог. Хүмүүсийн маань сонголт дүгнэлт л хамгийн мэргэн байдаг шүү дээ.
Мэдээж танд маш олон шавь нар байдаг байх. Хамгийн хайртай шавь нарынхаа тухай яриач?
- 10 жилийн хугацаанд багагүй олон шавь төрүүлсэн гэж боддог шүү. Мэдээж хайртай сайн шавьтай болж чадсан. Тэдний маань нэг бол яахын аргагүй Туул эгч маань хэзээ ч биеийн тамирт орж хичээллэж үзээгүй хүн одоо ямар мундаг йогачин болсон байна. Нас бол тоо юм. Над дээр 2,3 жил явсан хүмүүс ихэнхи нь багш болсон ба багшийнхаа энергийг бусаддаа түгээх амаргүй аянд нэгдээд явж байна даа. Мөн салбар салбарын завгүй хүмүүс ирж йога сурж йогад дурлагч болж байгаад нь үнэхээр бахархах сэтгэл төрдөг. Энгийн сайхан ээж эмэгтэйчүүдийн төлөөллөөс олны танил нэр алдартай хүмүүс ч йогачин болж байна түүний дотроос Топ модел Пүрэвсүрэнг онцолж байна. Одоо Пүүжээ маань багш болон төв дээрээ ангиа аван багшилж байна. Нэр нь дурдагдаагүй маш олон хүмүүс төвд минь байгаа байсан ба явж байгаа гээд бүхий л хүмүүс миний бахархал болсоор байна даа.

Эцэст нь бүсгүйчүүдэд маань хандаж юу гэж хэлэх вэ?
- Эцэст нь гэж хэлэхэд охид бүсгүйчүүд минь эрүүл туранхай сайхан байхыг хүсэлгүй яахав гол нь амьсгал дотоод бодлоо сайн чагнаж бие эрхтэнээ мэдэрч сурах арга барилд дурлах хэрэгтэй. Юманд тууштай байж дайчин хөдөлмөрч зангаа ашиглан бие болоод сэтгэл санаандаа өөрчлөлт оруулах маш олон боломж байдаг юм шүү. Бүсгүйчүүд минь завгүй байж ихийг амжуулан эрүүл чийрэг байгаарай гэж хүсэн ерөөе. Та бүхэндээ баярлалаа.
Бусдын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй мундаг дайчин бүсгүйтэй ярилцах тохиол олдсонд маш их баярлаж байна. Таны цаашдын ажил хөдөлмөр амьдралд тань сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе!
"Нараа йога" сургалтын төвтэй холбоо барих утас : 85558989
