solongonews
ТАМЧИЙН ХООХОН ХҮЛГИЙН ДОМОГ БҮЖГЭН ЖҮЖГЭЭР АМИЛАВ
2019-12-19 09:39
Монгол Улсын цагдаагийн “Сүлд” чуулгын тайзнаа шинэ бүжгэн жүжиг төрлөө.

     Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуульд Өвөр Монголоос ирж суралцаж буй магистрант Ч.Хастана Шилийнгол аймгийн Сөнид баруун хошуу, Гилгүүдэй баатрын нутагт эртнээс нааш ам дамжин яригдаж ирсэн хулангийн унага хоохон хүлгийн тухай домгоос сэдэвлэсэн үйл явдал бүхий бүжгэн жүжиг бүтээсэн нь энэ юм. Хоохон гэдэг нь хосгүй гэсэн үг бөгөөд хуучны монгол үг, хэллэгийн сангаас төвөггүй олж болно.

Хулангийн азаргад хураагдаж, сүрэгтээ хээлтэй ирсэн гүүнээс босоо төрсөн хонгор халзан зүсмийн унага соёолон наснаасаа эхлээд нийт 25 жил наадамд түрүүлэхэд нь сая ардууд хосгүй буюу хоохон цол өргөмжилдөг аж. Адууны хувьд өндөр дээд насандаа хосгүй хүлэг хэмээн цоллуулсан хоохон халзан удалгүй хорвоог орхиход ардууд хайртай мориныхоо толгойг Тамчийн тал дахь нутгийнхны шүтээн болсон овоонд өргөх үед адуун сүрэгт хоохон хүлэгтэй адил зүсмийн унага төрдөг нь хулангийн удамт хурдан хүлгийн угшил тасраагүй гэдгийг илэрхийлдэг гэж үздэг байна.

Сөнид баруун хошуунд алдаршсан аман домгоос зохиолч Ц.Түмэнбаяр сэдэвлэж хулангийн удамт унагыг хоохон цол олтлоо өнчрөл хагацал, хатуу бэрх замыг эзнийхээ ивээл хайраар хэрхэн туулсан, нүүдэлчин малчин эзэндээ хэрхэн ээлээ өгч, нутаг усандаа үр удмаа үлдээснийг хэлэхийн ялдамд хурдан сайн хүлгийн удам тасрахгүй явахыг бэлгэдэн бичсэн байна.  Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын уянгалаг, эмзэглэл дүүрэн, мөн эрчтэй хурдтай, цоглог бадрангуй аялгуунууд зохиолын үйл явдал, зөрчлийг тодотгон өгүүлснээс гадна, Монголын тал нутгийн үзэсгэлэнт байгаль, монгол хүн, хүлэг морь хоёрын мөнхийн нөхөрлөл, нүүдэлчин малчин ард түмний амьдралын хэв маяг, ёс заншил, бэлгэдлийг сонсголоор дамжуулан хүний сэтгэлд зураглан буухуйц туурвисан байна. 

Хөгжмийн зохиолч Б.Мөнхболд:

- Бүжгийн жүжгийн хөгжим хоёр дахиа, харин адуу, морины сэдвээр дагнасан бүтээл анх удаа бичлээ гэж ярьсан юм.  Түүнээс энэхүү бүжгийн жүжгийн хөгжмөөс аль хэсэгт нь буюу ямар үйл явдлыг тодруулсан хөгжим яруу сайхан болсон талаар асуухад:

- Хоёр адажио бий. Хоохон хүлэг чонотой ноцолдож эзнээ авраад, шархаа эдгээхээр шаварт зогсож байхад нь нэлээд эрт байхгүй болсон эх нь шөнө дунд сар болон ирж, унагаа аргадах үеийн хөгжим ер нь гайгүй болсон гэж бодож байгаа. Түүнийг бие даасан адажио бүтээл болсон гэж болох байх гэж хэллээ.

Бүжиг дэглээч Ч.Хастана энэхүү хөгжмийн аялгуунд тохируулан малчин нүүдэлчин ард түмний морины соёл, малчин хүний адуу малтайгаа харилцах уламжлалт бүжгийн хөдөлгөөн дээр үндэслэн дэглэсэн байна. Зураачаар СУИС-ийн багш Ариунболд ажиллажээ.

                                                                                                                                 Э.ҮРЖИНХАНД

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл