Хүүхэд уйлах үед ямар хариу үйлдэх нь чухал
Хүүхдийг уйлах үед эцэг эхчүүд болон багшийн зүгээс төвөгшөөсөн байдлаар хандах нь түгээмэл байдаг. Тиймээс дуугуй бай, юундаа уйлдаг юм, том хүүхэд байж юмуу эрэгтэй хүүхэд уйлдаггүй юм гэсэн нийтлэг хандлагыг томчууд гаргадаг. Энэ нь асуудал хүүхдэд бус томчуудад байгааг илтгэдэг.
Хүүхдийг уйлах үед нь дуугуй бай эсвэл уйлдаггүй юм гэж хэлэхийн оронд миний хүүхэд яасан? Юу нь хэцүү байна? Ээж аав нь яаж туслах уу? Ямар санагдаж байна? Гэх мэтчилэн асууж хүүхдээ хариулах боломжийг олгоорой. Ингэснээр хүүхэд өөрийнхөө мэдрэмжийг гадагшлуулснаар тайвширдаг. Уйлах нь өөрөө муу зүйл биш харин ч хүн уйлж байж тайвширдаг.
Өдөр бүр хүүхдийнхээ сэтгэл санааны хэрэгцээг хангах нь чухал
Хүүхдүүдэд зөвхөн сургуулийн эхний өдрүүдэд санаа тавилт хэрэгтэй биш тухайн жилийн туршид тэдний сэтгэл санааг ойлгон дэмжин туслах нь чухал байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээсээ өдөр бүр хичээлээсээ тараад ирсний дараа дараах асуултуудыг асуух нь тустай байдаг. Өнөөдөр ямар баяртай үйл явдал тохиолдов? Ямар гунигтай үйл явдал тохиолдов? Өнөөдөр ямар нэг хэцүү зүйл тохиолдов уу? гэх мэт. Эдгээр асуултуудад хариулснаараа хүүхэд тухайн өдрийнхөө сэтгэл санааны байдлыг хуваалцаж улмаар тайвширдаг.
Сургалтын хөтөлбөр ба орчноос илүү багшийн харилцаа чухал
Сэтгэл зүйн цочрол ба гэмтэл авахад хамгийн эмзэг нас бол 0-5 нас байдаг. Сүүлийн үед сургалтын хөтөлбөр болон орчныг чухалчлах болсон ч хүүхдийг сэтгэл зүйн хувьд эрүүл хөгжиж төлөвшихөд багшийн харилцаа хамгаас чухал байдаг.
