Нутгийн минь дөр хадтай хөхөмдөг оргилууд нуруу нуруугаа түшилцэн баясал өвөрлөсөн сэтгэлд минь тайван сүглийж, даанч дотно харагдана. Хараа алдуулан муруйсан авто замаар машин жирэлзэн жирэлзэн давхивч, надад жил аялсан шиг л ташаа элээнэ. Нарийн борооны шимээр үндэс залгалдаж, саагаар үнсэлцсэн хонгор дарс авто машины аравсвар хараа зүсэн өнгөрөөд үдийн нар зулай төөнөх үеэс сая үеийн үеэс мөрөө үлдээж, нэрээ хадаад, махир таягаараа тамгалж ирсэн ээж аавын минь зуслан болох Шаргалжин тохойн Их Дөрөлжийн дээд сэжүүр Давсан цагаан толгойд хүрч ирлээ.
Жилийн дөрвөн улиралд цав цагаан өнгөөрөө нутгаа манаж сүглийдэг энэ цагаан хадтай өнчин уулын эргэн тойрон намгийн бүрхэлтэй, лог дарс ягцран ургадаг байсан билээ. Хур бороо бага орсон жил ширэг нь цагаан хужирт цайрч, лүшдэр их гардаг боловч мөн л цагаан өнгөөрөө байдаг. Хур бороо ихтэй жил ширгийн өнгө нь номинтож, хонхорт нь давс их ургадгаар нь давсан цагаан толгой хэмээн нэрлэгдсээр иржээ.
Бороо салхитай өдөр одтой бүрхэг шөнийн удаанд ээж, аавын минь ул мөр тагширсан буурал захиа, өвөг дээдсийн минь эзэлж тахисан ундармал булгийн ус тунгалаг цэвэрхэн аяарлаж, чулуундаа хүртэл тостой өнчин толгой угийн ёсоор цагаан дээлээ нөмөрч, өгөөмөр цагаан давсаа энгэртээ бойжуулсан элэг нэгтэй угсаатандаа харамгүй хангаж л байдаг. Ийм байдгаараа нутгийн хүмүүст давс хангахаар аав, ээж биднийг бороо сайтай жилийн намар бол давс шүүхэлгэж хадгалдаг байсан үлгэр нь одоо бодлын мананд бүүр түүр эрэгдэж, хацар илбэх зөөлөн салхи надад шивнээд авч ирнэ. Давсан хонхортой өнөчин толгойг минь гээд залбирч байгаа шиг, энгэрээс минь ургасан шорвог цагаан идээг минь буцааж өгөөч гээд гуйж байгаа ч шиг.
Нус нь хатсан ханцуйтай бондгор жаал ишиг хурганыхаа хойноос хулсан мориороо давхиулж байсан тэр үед аав, ээж минь нутаг усны ахан дүүсийн захиалгаар зав чөлөө гарсаар л давс шүүхээр явахад нь хормой гараас нь чирүүлдэж, ээжийнхээ энгэрт магшиж, аавынхаа нуруунд эрхлээд энэхүү давсан хотгорт ирдэг удаагаа бодоход насны тоогоос давсан байж ч мэднэ. Айрсан гартай аав, ээж минь хол ойрын нутгийн ах дүүгээ гар хоосон, ганзага дутуу буцаахгүйн төлөө жилдээ гарсан давсыг бүгдийг нь хувааж өгөөд зарим үеэс өөрөө ч хоосон суучхаад жаахан ч харамсдаггүй. “Эх байгалийн гаралт эзэн хүнээ үгүйрүүлдэггүй юм шүү” гээд бидэнд ярьдаг байсан.
Намрын сүүлч болохоор л аав, ээж хоёр шүүж хатаасан давсаа ууталж, захисан ёсоор нь хувааж тавиад, эхийг нь эцээлгүй тугалыг нь тураалгүй цээж сэтгэлээр тэнцүү хувааж явуулдаг сан. Хулсан мориор давхиулж хурга хариулж явахад ээж аав минь: “Давсан хонхорт буу л ойрт! Хөлгүй ойлаа байдаг юм! Хүүхэд түүнд ойртохтой зэрэг газар доор аваад идчихдэг шүү!” гэж захидаг байлаа. Бид хөлгүй ойлаад орж газар доорх ертөнцийг үзэхээр хэчнээн боддог байсан ч хатуугаар хайрладаг аавын захиаг зөрчвөл “Таван шар мантуу”-гийн шагнал авхаас л айдаг байлаа.
Хаврын улирал болоход хажуу хавиар байдаг малчид минь малаа хужирлахаар нүүж ирээд хонохдоо майхан дээлтэйгээ давсан хонхроос холхон барьж, хонь малын давсанд ойртохоос онц хичээж, сан цацлаа өргөж навдаг шавдгаа даатган мөргөөд нүүдэг байсныг ч бараан үүл надад хагас дутуу шивнэлээ. Эдгээр малчид нүүсний дараа аав минь давсан хонхортоо эргэж үзээд нүүрэндээ инээд тодруулж: “Давсан хонхрын хавиар өнчин төлийн мөр ч гүй байна” гээд ярьдаг байсан нь мөн ч цаанаа гүн ухаан нуугдаж байжээ.
Дөчөөд жилийн буурал салхи нь нутгийн минь дуугаар илбэж, хөх мөнгөн тэнгэр нь уурхайн мананд бууралтах болжээ. Хавар намартаа шаргал хүрэм өмсөөд, зундаа номин цамцаар гоёж, өвөлдөө мөнгөн цагаан дээлтэй байдаг давсан цагаан толгойн эргэн тойрны ширэг, давсан хотгорт галуу шувуудын донгодоонтой тослог сайхан байдаг байжээ. Өвс бэлчээрийг өрхөд хувьчлуулсны дараа хаяа хаяагаа дарж буучхаад хамаагүй бэлчээрлэдэг нутаг минь төмөр тоорт хүрээлэгдэж төл бугва оровч хэрүүл шуугиан болоод, хөлсөн хоньчны мөрт халцгай боролжин өгрөн хансарч, цайран харагддаг давсыг нь элсэн болох шахсаныг яалтай билээ?
Урьхан буурал салхи нутгийн минь хувиралтаар илбэхэд төл малын дуунд баясаж, хулсан мориор давхиулж хурга ишгээ хариулаад, айлын олон хүүхэдтэй, харгай шаазан буюу хэлтэрхий ваараар наадгай хурааж айлчлан тойроход ээж аав минь юуны тэргүүнд: “Давсан хонхорт ойртсон уу?” гэж асуухад: “Үгүй” гэж хариулахад: “Эр хар” гээд магнай дээр минь үнэсэж өхөөрдөхөд өнчин цагаан толгой ч над уруу мишээх шиг болоод тайван байдаг. Энэхэн нар сартай орчлон хэвээрээ орчиж байхад давсан дээлтэй өнчин толгой минь л хумаг тоосонд дүнсийж байдгийг яалтай билээ? Нэн ы давсан сааг нь үгүйрч, алган чинээ газар болж, аюулхай цээж нь шаналан гашуудаж байгаа нутаг усныхан яагаад ойлгодоггүй буй? Нуурт нь хорогддог хун нь ч нутаг солин шилжиж, тэлмэн жороо хөлгийг тамгалсан газар нь тоостож, тал нутагтаа тайван жаргадаг малчид нь тэрэг машины дуунд дүнхийж, цэвэр цустай хойчис нь хотод ороод өнчин цагаан толгойн өрц нь үргэлж нойторч байдаг.
Ган хуурай жилийн шатам наранд төөнөгдөж, хумаг тоосонд салбарсан давсан дээлтэй өнчин толгойн дүр хэчнээн гунигтай ажээ. Ээж аавын минь тостой нутаг, түмэн малын хөлд эмтэрсэнгүй. Харин хүржгэнэх машины хүрдэнд хэмхлэгдэх нь үр хойчис бологсдын элэг зүрхэнд гуниг болж, давсан дээлтэй өнчин толгойд л түүх болон хадна. Овоотой давс, чулуутай наадгайн гэр ор мөргүй болсон нь элэгнээс хүнд чулуу шиг дүүжлэгдэх болжээ. Тэмээгээр дагнадаг давсан газар нь төө хүрэхгүй багасаад, түмэн үеэрээ идэж дуусдаггүй харамгүй цагаан давс нь хараанд тодрохоо байгаад хамгийн сүүлд хумхи нутаг ч үлдсэнгүй, ухархайн ус энгэр дэвтээх л болжээ.
Даанч харамсалтай да! Шир шир бороотой, сэр сэр салхитай сайхан нутаг минь цас бороон жил дараалан багасаж, замаг нь хүртэл хатаад, хаваржихаар ирдэг Аргаль зээр нутаг солин шилжээд айргийн үнэртэй өөхлөг орон шар нарны гангийн тоосонд гуньж, өнчин цагаан толгойгоо нулимстай нүдээр харах л болжээ. Хайр дагасан торгон нутгаасаа харамсал өвөрлөн салахад харааны цэнхэр мэлмийд гашуун ус зайрлаж, хан хорвоод хагас нас минь явчихсан шиг санагдаад харан харан холдоход хамаг биеэс харамслын хөлс чахарна .
Нутгийн үгсийн тайлбар :
Дөр (doru ) нүхтэй хад чулуун уул
Арвaс (arabsa) цонх
Шириг ( xirig) ширх өвс
Лүштэр (loxter ) хөх өнгөтэй давсан талст
Уйлгаа (vilga ) ёроолгүй ус
Дэглий (degelei) унь хана хоёроор барьсан гэр
Богва (bcgwa) тэргүүн жилийн ишиг
Далиман (delimen) урсан жороо
