solongonews
Өнөр сүрэгтэй үзэмчин айл
2017-08-28 11:22
Үе үе бороо шивэрсэн Үзэмчин нутгийн зуны сүүлээр өнгө шимлэг өвс бэлчээр халиуран, тал хөндийгөөр тавтай идээшлэх адуу мал, хонин сүргүүд энд тэндгүй харагдана. Энэхүү сайхан улирлыг тохиолдуулан Зүүн Үзэмчин хошууны Хүрээтнуур сумын Хөгжилт багийн малчин Наранмандынд хүрч, тэдний мал аж ахуй үйлдвэрлэл амьдралтай товч танилцаж билээ.

Нарны бор малчин Наранманд 90-ээд онд дунд сургуулиа төгсмөгц хөдөө буцаж малчин заяагаа түшиж, мал сүргээ хариулж явсан ба 2000 оны эхээр тус багийнхаа Ар булаг гэх газарт 420 га нутаг бэлчээр хувьчлан авсныхаа дараа тоосгоны хэлтэрхий ч байгаагүй шинэхэн нутагтаа суурьшиж, бага багаар бүтээн байгуулалт хийж эхлэв. Анхны жил 40 мянга гаруй юань зарцуулан нутаг бэлчээртээ тор татаж авав. 2002 онд 35 мянган юань зарцуулан гурван өрөөтэй тоосгон байшин бариулав. 2006 онд 15 мянган юань  зарцуулж тоосгон бүтэцтэй малын дулаан саравч байгуулж, суурьшил бүтээн байгуулалтаа жилээс жилд сайжруулав. 2009 онд 70 мянга гаруй юаниар машин авсан нь харин айл гэрийн амьдрал, ажил үйлсийнхээ тухай завгүй давхиулах нөхцөлийг бий болгов. 2012 онд хошууны төв Улиастай сууринд 280 мянган юанийн өртөг бүхий байр 95 мянган юанийн машины дулаан зогсоол худалдан авсан нь малчин хүний хувьд хот газар өөрийн гэсэн орон сууцтай болсон бас нэгэн азтай явдал юм. 2013 онд 60 мянган юанийн өртөгтэй 304 трактор болон өвс хадаж хамах машин иж бүрнээр нь худалдан авч, өвс хадлангийн асуудлаа шийдэж чадсан ба 2016 онд 10 мянган гаруй юань зарцуулан, том хэлбэрийн худаг малтуулснаар малын уух усныхаа асуудлыг зохих хэмжээнд шийдэж чаджээ. Тийнхүү Наранмандын 2000 оноос хойш одоог болтол гэр байшин барих, тор хүрээ татах, дулаан саравч байгуулах гэх мэт бүх талын бүтээн байгуулалтад 700 мянган юань зарцуулав.

Жилээс жилд бага багаар сайжруулсан мал аж ахуйн үйлдвэрлэлийнхээ үндсэн бүтээн байгуулалтын эрчээр мал сүргээ өнөр өсгөж ирэв. Одоо тэднийх хувийн 420 га нутагтайн дээр бусдаас 400 га нутаг бэлчээрийг түрээсэлж байгаагаас гадна жил бүр өвөлжүүлэх малдаа өвс бордоо нөөцлөх зардал, нутгийн түрээсний мөнгө 200 мянган юань зарцуулдаг ч малчин хүний шандас хатуу зоригоор жилийн дөрвөн улирлын турш салхи бороо, зудыг хайхралгүй малаа маллан шантралгүй хичээн ажиллаж явсны эцэст одоо нутгаа чимж ярайсан далаад адуу, 135 үхэр, 800 хонь ямаа маллаж, жилийн цэвэр орлого нь 350-400 мянган юаньд хүрдэг байна.

Нутаг усандаа баян чинээлэг өрхийн эгнээнд хошуурч яваа Наранмандын аав ээж нь хүүхдийг нь авч хошуун төвд суудаг тул Наранманд эхнэр Өнөрцэцэгтэйгээ хөдөөгийн амьдралдаа алгасалгүй эртэлж оройлон шамддаг. Одоо эднийх мал аж ахуй үйлдвэрлэл амьдралд хэрэглэхээс 304 хэлбэрийн трактор, өвс хадах машин, ачааны машин, суудлын тэрэг зэргийг иж бүрэн болгож, гэр зуурын цахилгаан хэрэгслээс 5000W-ийн нарны энергийн цахилгаан гаргах төхөөрөмж хэрэглэж байна. 2016 оны хавар 8000 гаруй юань  зарцуулан, удирдлагатай камер угсарсан нь түүний мал аж ахуйн үйлсэд ихээхэн тус болж, хаврын төл малын үед бүр ч их хэрэг болдог аж. Мөн хот орсон ч гар утсаа ашиглан мал сүргээ байнга хараад байж болно. Наранманд багтаа хамгийн анх удирдлагатай камер угсарсан малчин айл болов.

Зохиогч: О.Арвинбаяр
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Шилийнгол өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл