Ордос хотын Эзэн Хороо хошууны Алтан Гандирын зүүн сугад болсон ӨМӨЗО-ны II удаагийн “Билгүүдэй” нэрэмжит хүчит 512 бөхийн барилдаанд Баруун Үзэмчин хошуугаар нутагтай далай аварга Цагаанзаан ес даван түрүүлж, хоёр дахь удаагаа эзэн сүргийн угшил сайтай есөн цагаан хөлгөөр шагнууллаа.
Энэ удаагийн наадамд Шилийнгол, Алшаа, Ордос, Улаанхад, Хөлөнбуйр зэрэг газраас аварга хүчтэн, аагим залуу бөхчүүд хүрэлцэн ирж хүч чадал, бяр ухаанаа сорьсон бол наадам нь анхны нугалаанаасаа ширүүн эхэлж, Зүүн Үзэмчин хошууны залуу бөх Эрхэмсүлд, Шулуун Хөх хошууны Хайр, Сонинбаяр зэрэг сайн бөхчүүд нэг ч давалгүй өвдөг шорооджээ. Сүүлийн үед ид барилдаж буй Баруун Баарины сайн бөх Чинзориг гурвын даваанд Жигмэддоржид, Зүүн Үзэмчиний Өлзийбаатар Баруун Үзэмчиний Сүлдэд өвдөг шороодон, Баруун Баарины Гэгээрэх Авга хошууны Мөнхбулагт, Хөвөөт Шарын Насанцогт болон Баруун Үзэмчиний Оюунбат тус тус Хөлөнбуйрын Энхжаргал, Шилийнхотын Рааштай таарснаар гурвын даваа нь үнэхээр хатуу даваа болсон юм.
Зургаагийн даваа буюу хүчит 16 бөхөд Шилийнголын 15 бөх, Улаанхадын нэг бөх үлдсэнийг харахад Шилийнгол аргагүй л бөх сайтай гэдэг нь мэдэгдлээ. Ийнхүү зургаагийн даваанд Цагаанзаан Мөнхдүүрэнг амлаж цохин дээд наймд дэвсэн бол Батжаргал Батзаяаг онгон цохиогоороо хаяад давжээ. Мөн Даваасамбуу, Өрнөлт, Алтандуулга, Баярбаатар, Бүрэнсайн, Цэцэгбилэг зэрэг нэр төртэй сайн бөхчүүд зургаагаа давсан юм.
Долоогийн давааны хамгийн гоц барилдаан гэвэл Цагаанзаан болон Батжаргалын барилдаан яах аргагүй юм. Гишгэх, цохих, мушгих зэрэг ур мэхийг ар араас нь угсруулан хийгээд ч хэн хэнийгээ хаяж чадахгүй байснаа эцэст нь Цагаанзаан баруун талаараа гишгэж хаяад долоогоо давжээ. Өрнөлт Даваасамбууг даван, Алтандуулга Баярбаатар аваргыг шороодуулж, Бүрэнсайн Цэцэнбилэгийг өсгийдөж хаяад дээд дөрөвт үлдлээ.
Хүчит дээд дөрвийн барилдаанд Цагаанзаан Өрнөлтийг давсан бол Алтандуулга Бүрэнсайныг хаяад Цагаанзаантай үзүүр түрүү булаалдах боллоо. Алтандуулга Цагаанзааныг ачихад нь ачааг нь тааруулж түлхэж хаяад түрүүлснээр есөн цагаан хөлгийн жолоог хоёр дахь удаагаа атгасан нь энэ бөлгөө.
