Ээжүүд жижгэрдгийн учир ...
2015-12-28 18:21
Элж, элээж дуусдаг хүний орчлонд ээжийн хайр л хэзээ ч элэгддэггүй. Энхрий жаахан охины минь инээх дуу зочны өрөөнд хадна. Ямар нэг зүйл ухаж, төнхөж байгаа нь чимээнээс нь илт. Хэсэг зуур ч болов өөрийгөө саатуулж, элдвийн асуултаар булахгүй байгаад нь битүүхэндээ олзуурхаж л суулаа.
Охины минь чанга цовоо инээд ахиад л гэрээр нэг түглээ. Тогоотой цайгаа дэврүүлэхгүйн тулд сахиж суусансан. Тэгсгэл алдан охин руугаа очлоо. Хэдэн арван жил дэрлэсэн дэрийг минь задалчихаж ... Хонгор нялхын үнэр сэнхийсэн өөдөсхөн цамц өлгий даавуу, хуруун чинээ оймс малгай газраар нэг цувуулжээ. Хайрлан, хайрлан дэрлэдэг хэрнээ л дотор нь байгаа ийм нандин зүйлсийг бараг мартаж орхиж... Жаахан охин минь дэрвийсэн хормойтой хөөрхөн даашинзыг эргүүлж тойруулан хачирхан харснаа:

- Ээжээ, энэ хэний хүүхэлдэйний плааж вэ? гэж байна.
- Хүүхэлдэйнх биш ээ, миний охиных ...
- Минийх гэж үү? Би ийм жижигхэн байсан юм уу?
- Тэгэлгүй яахав. Алгын чинээхэн байлаа.
Охин минь итгэж ядан өнөөх даашинзыг цээжин дээрээ тавьж үзэж байна.
- Ээж ээ, танд яг ийм даашинз байдаг тийм ээ?
- Тиймээ, байгаа.
- Эмээд бас гоё даашинз байдаг гэснээ нэгийг сэдэв бололтой хувцасны шүүгээ рүүгээ ухасхийлээ. Хэсэг онгичиж өөрийн, ээжийн, эмээгийн гурван даашинз гаргаж ирээд орон дээр дэлгэн зэрэгцүүлж тавилаа. Тэгснээ ээж ээ, эмээ таны ээж байтлаа даашинз нь яагаад таныхаас жижиг байгаа юм гэх нь тэр. Нээрээ л ээжийн минь даашинз жижгэрчээ. Бага байхдаа өнгө өнгийн цэцгэн хээтэй даашинзных нь хормойд нуугдаж тоглодогсон, ээжтэйгээ. Охин минь ахиад л чанга асуулаа.
- Ээжээ намайг том болохоор таны плааж ч гэсэн жижиг болох уу?
- Тэгэлгүй яахав охин минь ...
- Яагаад тэгж байгаан бол?
Уг нь охиныхоо түм буман “Яагаад” гэсэн асуултанд торохгүй хариулчихдаг байлаа. Энэ удаа хоолой зангираад нэг л эв олдохгүй нь...
- Миний охин ээждээ хайртай юу?
- Хайртай. Уул шиг их хайртай.
- Тэр уул шиг хайрын чинь төлөө ээж нь байгаа бүхнээ зориулна. Биеэ ч хүртэл, тэгээд л ээж нь охиноо том болохоор жижигхэн болно доо.
- Эмээ бас таны төлөө биеэсээ үрж хассаар байгаад ийм жижигхэн болчихсон юм уу?
- Тэгэлгүй яахав, охин минь хүүхэддээ хайртай ээж бүхэн жижгэрдэг юм.
Охины минь даашинзнаас томгүй харагдах ээжийнхээ даашинзыг харан харан, зүрхээ эмтэлнэ. Эвий дээ, эвий биднийхээ төлөө хүсэл сэтгэлээ ч хумиж чаддаг ээж минь. Ингэж бодох зуурт хэлхийж, томдсон хувцастай ээж минь нүдэнд харагдлаа. Урьдийнхаасаа арай л өөр харагддаг болсны учрыг сая л ухаарлаа. Ээж минь энэ жил дахиад л жижгэрчихэж дээ...
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх