Тэр чамайг орхиод явчихсан уу. Эргэж харалгүйгээр, ганц удаа ч залгахгүйгээр шүү. Яаж ч гуйж, мөрөөдөөд тэр ирэхгүй байна уу. Тэгвэл түүнийг зүгээр л явуул.
Чиний дэргэд үлдэх шалтгаангүй болсон хүнийг тэр чигт нь үдээд л явуул. Яагаад гэвэл энэ бол түүний сонголт. Чамд хаяглаагүй аз жаргалыг хүчээр өөрийн болгох гэж оролдох нь сарыг атгах гэж дэмий л үсрэхээс цаашгүйгээс ялгаагүй.
Ер нь хараад байхад ихэнх салалт аз жаргалын эхлэл байдаг юм шиг ээ. Миний нэг найз л гэхэд саяхан хайртай дуртай гээд явж байсан залуугаасаа салаад бөөн уйлаан майлаан болсныг санаж байна.
Тэр бүр нойргүй хонож, хоол унднаас гарсан гэж надад ярьж байсан. Гэхдээ тэр өөрийгөө ялж чадсан юм даа. Яаж гэж үү. Маш амархан жор надад хэлсэн. Зүгээр л өөр зүйл бод. Өөр зүйлд анхаарлаа хандуул. Орхиод явсан хүнд гомдох шалтгаан өөртөө бүү олго. Тэгэх тусам л чи зовох болно гэж тэр өөртөө хэлдэг байжээ.
Тэр өнөөдөр өнгөрсөн тэр салалтандаа баярладаг гэсэн шүү. Тухайн үед хэчнээн хэцүү байсан ч одоо бодоход аз жаргалын түлхүүр байжээ гэж тэр хэлдэг юм. Яагаад гэвэл тэр одоо жинхэнэ аз жаргалтайгаа учирсан болохоор.
