solongonews
Дэлхийн миссээс бид юу сурах ёстой вэ?
2015-12-28 18:21
Дэлхийн миссийг тодруулах ёслол өчигдөр болж өнгөрлөө. Орон орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж ялалтын титмийг тэргүүндээ зүүж, улс орныхоо нэрийг гаргаж, өөрөө домог болон үлдэнэ гэдэг гайхамшигтай хэрэг билээ. Мэдээж, энэ бол гоо сайхны олимп гэж хэлж болох юм. Улс орноо төлөөлөн оролцсон Т.Батцэцэгээ дэмжиж, зүрх сэтгэлээрээ нэгэн бие болж монголчууд маань хором тоолон цэнхэр дэлгэцээ харж өнжлөө.
Дэлхийн миссийн тэмцээн болоод өнгөрлөө, дараа жилийн ялагчийг хүлээхээс өөр зүйл үлдсэнгүй гэж бодохоосоо өмнө бүсгүйчүүд бид энэ тэмцээнээс юу сурах ёстой вэ гэдгийг нэг эргэцүүлэн бодоцгооё. 
 
Бүсгүй хүн бүр эхээс төрөхдөө л ялдамхан, турьхан, хөөрхөн байдаг. “Муухай эмэгтэй байдаггүй. Харин арчаагүй эмэгтэй л гэж байдаг” гэж үг бий. Энэ үгийг бид хамгийн түрүүнд Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнээс цээжилж авах ёстой. Эмэгтэй хүн залуу насаа гоо сайхнаараа чимж, өөрийгөө арчлахгүй үлдээх ганц хормыг ч өөртөө зөвшөөрч болохгүй. Хичээж, хөдөлмөрлөж чадвал бүх зүйл боломжтой гэдгийг даян дэлхийн гоо бүсгүй болохоор өрсөлдөж буй эдгээр бүсгүйчүүд бидэнд баталж харуулж байна. 
 
Тиймээс яг одоо та хаана ч, ямар ч байдалтай байсан гэлээ бүсгүй хүний заяамал гоо сайхнаа хэзээ ч алдаж болохгүй гэдгээ санаж яваарай. 
Яагаад зөвхөн залуу бүсгүйчүүдийг л дэлхийн мисс-д өрсөлдүүлдэг шалтгааныг та мэдэх үү. Учир нь залуу насанд л гоо үзэсгэлэнгийн оргил нь оршдог болохоор тэр. Тиймээс залуу насаа цог золбоотой байж, өөртөө заяасан үзэсгэлэн гоогоороо өдөр бүр өнгөлж, зүлгэ. Одоо л биш бол хэдхэн жилийн дараа та хэчнээн ч хичээгээд залуу нас хэмээх титмээ цаг хугацааны салхинд элээж орхих болно. Байгаа гоо сайхнаа байгаа дээр нь бүх чадлаараа өнгөл. Өөрөө өөртөө сэтгэл хангалуун, аз жаргалтай байхад танаас өөр хэн ч танд тусалж чадахгүй. 
 
Та өөрөө гоо сайхан байж чадвал таныг хүрээлж буй хүн бүр таныг хүндлэн харьцах болно. Гоо сайхан байна гээд заавал үнэтэй брэндийн хувцсаар гоёж, тансаг сүрчиг түрхэх албагүй. Байгаа хувцсаа зохицлыг нь тааруулаад өмсчихдөг, үс зүсээ сэтгэлдээ хүртэл янзалчихдаг, хажуугаар тань өнгөрсөн хүнд нялуун энгэсэг, хир буртгийн аль нь ч биш харин цор ганц танд заяасан тэр л өөрийн тань давтагдашгүй сайхан үнэр үнэртдэг байхад л хангалттай. 
Та ингэж чадвал өөрөө өөрийнхөө мисс байж чадна. 
 
Монголхатагтай 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл