solongonews
“Нутаг”-таа ивлэсэн Цэрцэгмаагийн их хайр
2016-10-25 16:38
ӨМӨЗО-ны намын төлөөлөгчдийн X их хуралд зориулсан ӨМӨС-ны Үлгэр булангийн нийтлэл 1

Цэрцэгмаа болон цэцэрлэг холбоотой юм шиг атлаа үнэндээ холбоогүй. Гэхдээ яагаад зэрэгцүүлэх болсны учир нь Хөлөнбуйр хотын Эвенк үндэстний өөртөө засах хошууны Шинэхэн баруун сумын “Нутаг хүүхдийн цэцэрлэг”-т байдаг юм.

 

“Нутаг хүүхэд”-ийн анхны холбоо

“Нутаг хүүхдийн цэцэрлэг”-ийн анхны хүмүүжигч хүүхэд нь одоо оюутны амьдралд хөл тавьсан гэхэд л үр өгөөж ихтэй болох нь мэдэгдэх боловч анх эхлэхдээ харин хүнд хатуу замаар бүдчиж, хал жаргалын чулууг ээлжлэн долоож ирсэн гэдэг. 15 жилийн аяныг биеэрээ туулж, хүнд үеийнх нь бэрхшээлийг амсаж, хураалт бүтэмжийнх нь жаргалыг мэдрэх цөөн хүний нэг бол Цэрцэгмаа гэгч буриад бүсгүй байснаар “Цэрцэгмаа, цэцэрлэг” хоёрын барилдлагатай болсны учир тэр ажээ.

Цэрцэгмаа “Нутаг хүүхдийн цэцэрлэг”-ийн захирал. 2002 онд тэрээр нөхөр Жаргалын хамт “Нутаг хүүхдийн цэцэрлэг”-ийг үүсгэн байгуулж, санаа бодол нийлсэн Сээндаа зэрэг хэдэн хүнтэй цэцэрлэгээ эрхэлсээр өнөөдрийг хүрэв. Нийт 16 багш ажилчинтай, 87 хүүхэдтэй уг цэцэрлэг нь хошуу сумандаа алдартай монгол цэцэрлэг болж, цаашлан аймаг хот, орны хэмжээнд ч алдар нэр нь дуурсжээ.

Жаргал, Цэрцэгмаа нар Японд суралцаад нутагтаа ирснийхээ дараахан “Нутаг хүүхдийн цэцэрлэг”-ийг үүсгэн байгуулсан юм. 2002 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Японоос ирээд 7 дугаар сарын 1-ний өдөр нь цэцэрлэгээ нээсэн гэдгийг сонсоод тэдний ажилд шуурхай, амьдралын зорилго тодорхой байсныг нь мэдэрсэн билээ. “Буцаж ирээд нутаг усандаа ашигтай сайхан үйлийг хийх хүсэлтэй байсан. Японд байхдаа л хүүхдийн цэцэрлэг байгуулъя гэж шийдсэн” хэмээн Цэрцэгмаа ярилаа. Японд 4 жил ажил хийж цуглуулсан хэдээрээ энэхүү үйлийг бүтээхэд ойлгож ядсан зарим хүмүүс “Японд жаргаж суухгүйгээр энэ хөдөө нутагт хэрэггүй хүүхдийн цэцэрлэг байгуулаад яах гэсэн юм бол” гэдэг байжээ. Тэгэхэд ажил хийвэл дуустал гэдгээр тэд мал унаагаа заран байж, эхний 5 жилээ маш хүнд хэцүү өнгөрөөжээ.

Нэг малчин айлын байшинг худалдаж аваад Цэрцэгмаа, Жаргал хоёроос гадна гурван багш ажилчинтай, найм есөн хүүхэдтэй ажлаа эхэлсэн “Нутаг хүүхдийн цэцэрлэг” нь тэдний зүтгэл болон сайхан сэтгэлт хүмүүсийн тус дэмээр анхны гараагаа ингэж эхэлсэн билээ.

Нутагтаа хайртай болохоор хүүхэд гомдохгүй

-Цэцэрлэг эрхлэх гэдэг хэдэн хүүхдээ харж багш нартаа цалинг нь өгч байвал болдог юм биш, ажил тасрахгүй. Ялангуяа жил бүр засвар хийнэ гээд бага бус мөнгө зарцуулна. Одоо байгаа энэхүү байшингуудын олонх нь анх эхэлж байхад байгаагүй.  Малчин айлуудын байшинг худалдаж аваад өргөтгөн байгуулсан маань энэ билээ гэж Жаргал ярилаа.

2007 онд саахалт айлынхаа байшинг худалдан авч анхны удаагаа өргөтгөсөн бол 2009 онд үйл ажиллагааны төв байгуулж, 2011 онд хошуунаас нь хашаа барьж өгчээ. Ингэж алхам алхмаар хашаа байшингаа өргөтгөж, сурагч нь ч улмаар нэмэгдэн, багш ажилчин нь олширсоор байлаа.

Энэ оны 10 дугаар сарын 14-ний өдөр сэтгүүлч биднийг “Нутаг хүүхдийн цэцэрлэг”-т хүрэхэд олон хүүхдүүд хөөрөлдөн тоглож, хашаа дүүрэн хүүхдийн инээд, жаргалын дуугаар бялхаж байлаа. “Та сайн уу?” гэж найрсаг мэндчилэх хөөрхөн хүүхдүүд, дуранд хандаж дүрсгүй алиалах бяцхан жаалуудыг хараад сэтгүүлч бид нар ч өөрийн эрхгүй тэдний баяр жаргалын дунд ууссан байлаа. Яг тиймээс Цэрцэгмаагийн хэлсэн “Дуртай ажил болохоор ядарна гэж байхгүй. Хүүхдүүдийн жаргалтай байхыг харахаар бүх зүйл мартагдана” гэсэн үгний утгыг сэтгэлээрээ мэдэрсэн билээ.

Ийм л хүсэл тэмүүлэлтэй байснаас Цэрцэгмаа, Жаргал нар олон олон хүнд бэрхийг туулж, өнөөдөрт хүрсэн байх. Бусад багш ажилчин нь ч тэдэнтэй сэтгэл нэгдэн “Нутаг хүүхдийн цэцэрлэг”-ийнхээ төлөө бага бус хүч хөдөлмөр гаргасан тухай Цэрцэгмаа хэлэхдээ: -Цэцэрлэгийг ажиллуулж эрхэлснээс аваад Сээндаа багш, бас манай тогооч үргэлж хамт ажилласаар ирлээ. Тэд ч монгол хүүхдээ, монгол соёлоо гэсэн буцашгүй сэтгэлтэй байснаас л үлдэж байгаа юм. Харин зөвхөн мөнгө төгрөг олох зорилготой бол хэн нь ч өдий хүрч чадахгүй байсан” гэлээ. Хэдий хүнд хэцүү байсан ч тэд хүүхдүүддээ халуун хайраа ивлэж, олон жилийн турш маш олон хүүхдийн сурлагын төлбөрийг хөнгөлж, одоог болоход хасаж хөнгөлсөн сурлагын төлбөр нийт 200 мянган юаньд хэрчээ.

Хүүхдээр тэлсэн нутаг уудам

“Нутаг хүүхдийн цэцэрлэг” нь одоо Улалж (бага) анги, Мойл (дунд) анги, Үрэл ( том) ангитай, хичээллэх өрөөтэй, цэцэрлэгтээ гал тогооны өрөө, үйл ажиллагааны төв, сан хөмрөгийн байр, үндэстний соёлын үзүүлбэрийн танхим зэрэг олон барилга цогцолбортой болжээ. Мөн хүүхдийн тоглож наадахад зориулсан иж бүрэн төхөөрөмжтэй, тосож хүргэх машинтай, хоол хүнсний дээжийг үлдээн 48 цаг хадгалж асуудал гарвал шалгах ажлын дүрэмтэй, урлагийн тоглолтод зориулсан тайз дэвжээтэй болж, хошуу нутагтаа нэр нөлөөтэй цэцэрлэг болон хөгжлөө.

2014 оны эцэс 2015 оны эхээр цэцэрлэгийг тэтгэн дэмжих төрийн бодлого гарч, тэдний цэцэрлэг ч засгийн газрын 300 мянган юанийн санхүүжилтийг хүртсэн билээ. Сүүлийн жилүүдэд засгаас тэдэнд хашаа байшин барьж өгөх, санхүүжүүлэх, төрийн бодлогын дэмжлэг хүртээх зэрэг олон аргаар туслан дэмжсээр байна.

“Сүүлийн таван  жилийн ололт амжилтаа олонтой хуваалцах уу?” гэхэд Жаргал: - 2010 оноос хойш манай цэцэрлэг хүмүүсийн анхааралд их орох болсон. Энэ нь нэг амжилт. Малчид хүүхдээ заавал цэцэрлэгт суулгая гэсэн бодолтой болсон. Малчдадаа ийм ухамсар өгч чадсан маань бас нэгэн амжилт. Аав ээж нь хүүхдээ хүргэж ирэхдээ согтуу хөлчүү ирдэг тохиолдолтой байснаа одоо маш цөөрсөн бол үр хүүхдээр нь дамжуулан эцэг эхчүүдэд ийм үр нөлөөг өгсөн нь мөн бидний нэгэн амжилт мөн гэж гурван талаар дүгнэж билээ.

2014 онд Цэрцэгмаа “Өөртөө Засах Орны хөдөлмөрийн жишээч”-ээр өргөмжлөгджээ. Энэ нь түүний хийж бүтээсэн ажлыг нийгэм нийтээрээ үнэлэн зөвшөөрч байгааг харуулж байна.

Цэрцэгмаа: - Би ганцаараа энэхүү ажлыг бүтээж чадахгүй. Энэ бол бидний хамтын яруу алдар юм гэв.

Зохиогч: Шюан Ши, Бүрэнбаяр, Хөвчин, Бүргэд
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл