117 жилийн түүхтэй болсон Ургамал судлалын салбарын “олимп” хэмээгдсэн тус хурлаас энэ удаад олон улсын ургамал судлалын ангиллын хамгийн дээд шагнал “Энглер” алтан шагналыг Хятадын Шинжлэх Ухааны Академийн академич Хун Дэ Юань-д олгож, энэ нь тус шагнал анх үүссэнээс хойших 30 жилд анх удаа Хятадын эрдэмтэн авсан явдал боллоо. Ингээд энэ тухай сурвалжлагч Чэнь Хүй Тиний Шэнь Жэнь хотоос ирүүлсэн мэдээллийг хүргэе.
Хун Дэ Юань академич бол Хятадын ургамал судлалын нийгэмлэгийн ТУЗ-ийн нэр хүндэд дарга юм. Тус удаагийн хурлын зохион байгуулах комиссын дэд дарга, АНУ-ын Смитсоны институтийн Ургамал судлалын газрын захирал хадагтай Вэнь Жүнь эрдэмтэн Хун Дэ Юань академичийн тухай андах сайн мэддэг.
“Дээр зууны 80-аад онд тэрбээр ургамлын биосистемийн шинж чанарт шинэ баримт нотолгоо дэвшүүлж, Бээжинд биосистемийн судалгааны хэсгийн нээлттэй лаборатори байгуулж байсан. Энэ лаборатори биосистемийн судалгааны нэг үеийн эрдэмтэн судлаачийг төрүүлж гаргасан. Сүүлийн жилүүдэд тэрбээр Хятадын Ургамалын Тэмдэглэлийг англи хэлэнд буулгах, Гималайн бүс нутгийн ургамлын тэмдэглэл зэрэг төслийг санаачлан хэрэгжүүлж, олон улсын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлсний зэрэгцээ залуу эрдэмтэн судлаачдыг бэлтгэсэн. Профессор Хун эрдэм шинжилгээний 370 гаруй өгүүлэл нийтэлсэн. Тэрбээр Хятадын үндэсний цэцэг Цээнэ цэцгийг судлахад гарамгай хувь нэмэр оруулж, Хятад болон Азийн цээнийн ягаан цэцгийн төрөл зүйл, онцлог ялгааг тодорхойлжээ. Нэмж хэлэхэд Хун Профессорын хичээл зүтгэл байгаагүй бол энэ удаад нээгдсэн ургамал судлалын их хурал өдий зэрэг амжилтад хүрч чадахгүй байлаа.”
Энэ жил 81 хүрсэн Хун Дэ Юань академич ургамал судлалын салбарт олон арван жил ажиллаж, Хятадын ургамал судлалын өөрчлөлт шинэчлэлт, хөгжил ба олон улсын түвшинд хүрэхэд гарамгай хувь нэмэр оруулжээ. Хятад улс Олон улсын ургамал судлалын 19 дэх их хурлыг зохион байгуулахад тэрбээр ихээхэн хичээл зүтгэл гаргасан бөгөөд Олон улсын биологи ангилал зүйн нийгэмлэгт Хятад улсын алба байгуулсан байна. “Энглер” шагналыг түүнд олгосны дараа Хун академич догдолсон сэтгэгдлээ ярьж байсан байна.
“Миний амьдрал биологийн ангилал, биосистемийн судалгаа, ургамлын олон янз байдлыг хамгаалах судалгааны салбарт зориулагдсан. Олон улсын биологи ангилал зүйн нийгэмлэгээс надад Энглер алтан шагналыг олгосон явдалд талархаж байна. Би бас дотоод гадаадын ажил нэгтнүүд, миний сурагчид болон судалгааны багийнхандаа маш их баярлан талархаж байна. Тэд урт удаан хугацааны турш дэмжиж, хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энэ үед бас нэгэн хүнийг мартаж чадахгүй, тэр бол гэргий минь юм. Тэр намайг ямагт зоригжуулан дэмжиж ирсэн.”
Олон улсын биологи ангилал зүйн нийгэмлэг 1986 онд хоёр төрлийн “Энглер” шагналыг тогтоожээ. Тухайлбал Энглерийн алтан шагнал ба Энглерийн мөнгөн шагнал. 1987 оноос эхлээд “Энглер” алтан шагналыг 6 жил тутамд нэг удаа сонгон тодруулж, биологийн ангилал зүйд гарамгай хувь нэмэр оруулсан ургамал судлалын эрдэмтдийг шагнадаг болсон ба удаа бүрийн олон олон ургамал судлалын их хурлын үеэр нийтэлдэг уламжлалтай болжээ.
Энэ удаагийн хуралд анхдагч удаа “Шэньжэний олон улсын ургамал судлалын шинжлэх ухааны шагнал”-ыг олголоо. Тус шагналыг ургамал судлалын олон улсын хэмжээний эрдэмтэн, Америкийн шинжлэх ухааны академийн академич Peter·H·Raven-д олгов. Тэрбээр хурлын хаалтын ёслолд энэ удаагийн хурлыг “төгс амжилттай нээгдсэн хурал болов” гэж сайшаасан юм.
“Маш амжилттай нээгдсэн хурал боллоо. Эх дэлхийгээ хайрлагч, эх дэлхийгээ хамгаалагч хүмүүсийг нэгэн дор нэгтгэж чадсан юм. Бидний оршин амьдарч буй дэлхий гаргаа хайрлан дэмжих төдийгүй олноороо бие биенээ хайрлан хамгаалж, дэлхийн тогтвортой хөгжилд шинэ арга зам сүвэгчилж, хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө гар холбон чармайн тэмүүлэхийг хүсэж байна.”
Энэ удаагийн их хурлаар хүрсэн чухал үр бүтэмж бол “Биологи судлал: Шэньжэний тунхаглал” хэмээх баримт бичиг байв. Энэ тунхаглалд зарим чухал үйл ажиллагааны ба тэргүүлэх салбарыг тодорхойлж, олон улсын биологи судлалын том гэр бүлд нэн нягт харилцаа тогтоох найдлага тавилаа. Түүнчлэн ургамал судлалыг дэмжихээ эрчимжүүлэх, олон улсын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх зэрэг 7 тэргүүлэх салбарт зориулагдсан үйл ажиллагааны стратеги дэвшүүллээ.
Олон улсын ургамал судлалын 20 дахь хурлыг 2023 онд Бразилын Рио Де Жанейрод хийхээр болсон байна.
Уртнасан.
