solongonews
Ханш нээх өдөр Хятадын иргэд албан ёсоор амардаг
2017-04-01 16:37
Ханш гэдэг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Энэ өдрийн цаг агаар, байдлыг шинжиж зун намрын өнгийг тодорхойлдог байжээ.

Аргын тооллын билигт сайн өдөр буюу ханш нээх өдөр энэ сарын 4-нд тохионо. Ханш нээх гэдэг нь хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь нь ажээ. Энэ бага улирал билгийн тоолол буюу сарны зурхайн ёсны хаврын дунд үед тохиодог. Харин аргын буюу нарны зурхайн ёсны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр /зарим жилд 4-ний өдөр тохионо/ эхэлдэг байна. Ханш гэдэг нь ээлтэй сайн гэсэн утгатай ажээ. Энэ өдрийн цаг агаар, байдлыг шинжиж зун намрын өнгийг тодорхойлдог байжээ.

Монгол оронд:

Ханш нээх өдөр өмнө зүгээс хур буувал өвс ургамал муу ургаж, үр тарианы ургац муудаж тааламжгүй болно хэмээн үздэг. Мөн амьтад хөдөлж, ичсэн тарвага зурам нүхнийхээ ам руу харж хэвтдэг байна. Энэ цагт булгийн ус задгайран оргилохоос гадна голын мөс ханзарна. Цох хорхой гэнэт олширч энд тэндгүй гүйж харагдвал зун нь хуурай болно хэмээн зөгнөдөг ажээ. Хэрвээ шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өв ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн үздэг байжээ.

Ханш нээх цагаар малчид морь, сувай гүүнийхээ дэлийг авч засахаас гадна дөрвөн настай хязаалан үрээг хөнгөлдөг.Тийм ч учраас унаганд нь уяашуулж, дааганд нь давтуул, шүдлэнд нь шүттүгэй, хязааланд нь хөнгөлж өднөөс хөнгөн сумнаас хурдан, хүлэг болтугай хэмээн ерөөдөг байна. Мөн хонь малынхаа хашаа хороог сэргээж, ямааныхаа ноолуурыг самнаж эхэлдэг ажээ.

Хятад оронд:

Хүмүүс ханш нээх өдөр өөд болсон хүмүүсийнхээ газрыг эргэдэг болоод удаж байна. Энэ нь сүүлдээ ёр болж, хэрвээ очихгүй бол муу юм болно хэмээн бодох болж. Угтаа энэхүү ёсыг дорно зүгийн ард түмэн мөрддөг аж. Хятадууд ханш нээх өдрийг гэгээн тунгалаг сайн өдөр хэмээн билэгшээж өвөг дээдсийнхээ шарил, онгоныг хүндэтгэн тахидаг заншилтай байна.

Тийм учраас БНХАУ 1935 оноос эхлэн 4 дүгээр сарын 5-ны өдрийг ханш нээх өдөр хэмээн Засгийн газрын тогтоолоороо баталж, 2009 оноос эхлэн гурван өдөр амрахаар тогтоосон байдаг аж.  

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл