solongonews
Цоорын дууны анхны цомог сонсогчдын хүртээл боллоо
2023-11-30 16:53
Цоорын дуу нь монгол ардын язгуур урлагийн нэгэн төрөл бөгөөд одоогоор зөвхөн Өвөр Монголын Шилийнгол аймгийн Авга хошуу, Шилийнхотын бүс нутгуудаар өвлөгдөн уламжлагдсаар байгаа аж. Цоорын дуу нь 2008 онд монгол ардын уртын дууны хамт ЮНЕСКО-д бүртгэгдэн, хүн төрөлхтний соёлын биет бус өв болсон байдаг.

  

Цоорын дууны ӨМӨЗО-ны зэрэглэлийн өвлөн уламжлагч, “Монгол үндэстний цоорын дуу” номын зохиогч Д.Дорж /баруун/, Д.Улаангэрэл нар

   Шилийнгол аймгийн Шилийнхотын Соёл, спорт, аялал жуулчлал ба радио телевиз товчоо болон Шилийнхотын Утга урлагийнхны холбоогоос ивээн тэтгэж зохион байгуулсан Цоорын дууны өвлөн уламжлагч Д.Доржийн “Монгол үндэстний цоорын дуу” ном болон “Язгуур урлаг цоорын дуу” CD цомгийн тархаалтын ёслол 11 дүгээр сарын 28-ны өдөр Шилийнхотод болж өнгөрлөө. Уг цомог нь зохиогчийн хориод жилийн судалгаагаар дамжин цуглуулсан 12 цоорын дуу, дархан дуучин Лхажавын 7 цоорын дуугаар сонсогчдын сонорыг мялааж, угаас дуулагдаж ирсэн цоорын дуу болон мартагдан орхигдож байгаа цоорын дуунуудыг эмхлэн дэглэсэн анхны цомог болж байгаагаараа онцлогдож байгаа билээ.

   “Монгол үндэстний цоорын дуу” ном нь цоорын дууны эх үүсэл, түүхэн улбаа, өнөө цагт Авга, Авханар нутагт дуулагдаж байгаа байдлыг танилцуулан тодорхойлсноос гадна Сэргэлэн /1880—1944/, Тэмдэн /1904—1954/, Лхажав /1922—2005/ зэрэг үе үеийн алдарт цоорын дуучдын намтар түүхийг тэмдэглэн төгөлдөржүүлжээ. Тус номд 24 ширхэг цоорын дууг ноттой нь тэмдэглэн, цоорын дууг сурах, дуулах, заан сургах талаар онолын маш нарийн тайлбарлалт хийснээрээ үнэт бүтээл болсон юм.

   “Язгуур урлаг цоорын дуу” цомогт орсон “Эрдэнэ мэт эзэн богд”, “Төрсөн эх орон”, “Хүч” зэрэг дээр үеийн цоорын дуунуудын балархай, тодорхой бус зүйлсийг сэлбэн сэргээж, Тэмдэн, Лхажав зэрэг алдарт дуучдын дуулахуйн хэв намба ба арга барилыг шингээн үлдээсэн учраас хөгжимт урлагийн судалгааны ховор нандин үнэ цэнтэй болжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл