solongonews
“Байгаль дэлхийгээ хамгаалъя” уралдааны 200 шилдэг бүтээлийн үзэсгэлэн дэлдэгдэж байна
2018-06-05 16:03
Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий Консулын Газар, Өвөр Монгол дахь Монгол Улсын Иргэдийн нийгэмлэг, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас Олон улсын хүүхдийн баярын өдрийн хүрээнд “Байгаль дэлхийгээ хамгаалъя” гар зургийн уралдааныг Хөххотноо саяхан зохион байгуулав.

Уралдааныг 6-17 насныхны дунд гурван ангиллаар зарлахад нийт 1003 бүтээл ирүүлсэн байна. Ангилал тус бүрд зургаан оролцогчийг шалгаруулсан ба шилдэг 200 бүтээлийг дэлгэн харуулсан үзэсгэлэн Хөххотын  Үндэстний туршилтын сургуулийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 07-ныг хүртэл гарч байна.

Тус уралдаан нь анх 7 жилийн өмнө зөвхөн Хөххотод амьдарч буй монгол хүүхдүүдийн дунд зарлагдаж, 70 бүтээл хүлээж авч байжээ. Сүүлийн жилүүдэд уралдааны цар хүрээ тэлж ӨМӨЗО-ы бүх аймаг хошуудаас гадна Монгол Улсаас оролцох хүүхдүүдийн тоо өссөөр байгаа юм. Энэ жилийн тухайд Монголын Хүүхдийн Урлан бүтээх төв хамтран зохион байгуулагчаар оролцсон ба тус төвийн Сургалтын албаны дарга Б.Чулуунцэцэг, багш А.Үржинханд, “Дойче шүле” сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Ундарьяа, 105 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Батцэцэг нарын багш сурагчдын төлөөлөл "Байгаль дэлхийгээ хамгаалъя” гар зургийн уралдааны шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсаас хүрэлцэн ирж оролцсон байна.

Уг гар зургийн уралдааны сэдвийг жил бүр зохион байгуулагчдын зүгээс сонгон зарладаг. Өнөө жил хүүхэд багачуудад байгаль, эх дэлхийгээ хайрлах үзлийг төлөвшүүлэх, хүүхдийн урлан бүтээх чадварыг нэмэгдүүлэх, тэдний сэтгэлгээг хөгжүүлэх зэрэг зорилгын хүрээнд дээрх сэдвийг сонгон зарласан аж. Хөх хотын  үндэстний туршилтын сургуулийн үзэсгэлэнгийн танхимд гарч буй үзэсгэлэн ирэх сарын 20-ноос долоо хоногийн хугацаатай Монгол Улсын Хүүхдийн урлан бүтээх төвийн галерейд гарах юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл