Жирэмсэн эмэгтэйд хэлж болохгүй 12 зүйл
2015-12-28 18:21
Хэн нэгэнд хэлж болдоггүй үг гэж байдаг. Ялангуяа, гомдоох, сэтгэлд нь толбо үлдээх зүйлсийг хэн нэгэнд хэзээ ч хэлж болохгүй. Үүнээс гадна жирэмсэн үед эмэгтэй хүний сэтгэл санааны байдал энгийн үеийнхээс огт өөр болдог учраас ийм эмэгтэйчүүдэд хэлэх, хэлэхгүй үг гэж бий. Магадгүй бусад хүнд зүгээр л сонсогдох ганц үг тань бие давхар бүсгүйд насан туршид нь сэтгэлийн толбо үлдээж мэдэх юм. Тэгвэл хөл хүнд эмэгтэйд ямар үг хэлэхээс цээрлэх ёстой вэ. Энэ талаар сонирхоцгооё.
Чиний гэдэс ямар том юм бэ, ихэр юм биш биз?
Ингэж хэлэх нь нэг талаасаа түүнийг хэвийн харагдахгүй байна гэдгийг илэрхийлэх гэсэн оролдлого. Хүн бүхний биеийн онцлогоос шалтгаалаад жирэмслэлт бүхэн өөр өөрийн онцлогтой байдаг шүү дээ.
Чи хүүхдээ хөхөөр хооллох уу, эсвэл угжих юм уу?
Шинэхэн ээж хүүхдээ хэрхэн өсгөж, хооллохоо өөрөө л мэднэ. Хүүхдээ хөхүүлэх, эсвэл угжих нь зөвхөн түүний л хэрэг. Тэгэхээр ингэж асуух нь нэг талаараа тухайн эмэгтэйг дутуу үнэлж буйгаа харуулж буй хэрэг.
Чи үүнийг идэж, ууж болохгүй, бас тэрийг хийж болохгүй
Хамгийн чухал зүйлсийн нэг бол жирэмсэн эмэгтэй юу идэх, уухаа өөрөө болон эмчийнхээ заавраар шийдсэн байгаа шүү дээ. Тэр юу идэх, идэхгүйгээ хангалттай мэдэж байгаа. Тиймээс энэ тайлбараа өөртөө үлдээ.
Би ингэж төрсөн. Тэгэхээр чи ч бас тэгж төрөөрэй
Магадгүй та өөрөөрөө, бас өвдөлт багатай, эсвэл бүр олон цагаар өвдөж, зовж байж төрсөн байж болно. Эсвэл та гэртээ ч төрсөн байж болох юм. Гэхдээ ингэлээ гээд хэн нэгэн жирэмсэн эмэгтэйг өөртэйгөө ижил сонголт хийхийг тулгах нь зохисгүй юм. Тухайн эмэгтэй танаас зөвлөгөө хүсээгүй л бол энэхүү зөвлөмжөө “залгиад” өнгөрөө.
Карьераа өсгөх боломжоо алдаад гэртээ суух хэрэг үү, эсвэл Яг одоо ажилдаа эргэн орох гэж байгаа чинь маш муу сонголт байна даа
Жирэмсэн болон амаржсаны амралтаа аваад гэртээ суух нь хүүхдээ асарч, толгой өвтгөсөн их ажлын ачааллаас холдох нэг завшаан. Хамгийн гол нь хүүхдээ асарч, нялх үрийнхээ ангир уургийн үнэрт өдөр бүр уярч, бяцхан иргэнээ хэрхэн өсч торниж байгааг мэдэрнэ гэдэг хамгийн гайхамшигтай мөчүүд. Тийм болохоор хэзээ ажилдаа орох, хэзээ амралтаа авах нь тухайн эмэгтэйн хувийн асуудал. Түүний хувьд ажлын амжилтаас илүү үр хүүхдээ хэрхэн том болохыг харахыг хүсч буй нандин хүсэл дээр нь та элдвийг хужирлаж янз бүрийн тайлбар хийгээд байвал сэтгэлд нь толбо үлдээхээс өөр зүйл болохгүй. Тиймээс түүнийг зүгээр л дэмж.
Ээ бурхан минь, арьс чинь аймар язарчихаж, үс чинь унаад дууслаа, ямар их жин нэмээ вэ?
Тухайн эмэгтэй жирэмсэн бол хэзээ дээрх үгийг хэлж болохгүй. Яагаад гэвэл тэр энэ үед өөртөө ч анхаарал тавих чадалгүй асар их ачааллыг биедээ авч, хүүхдээ өсгөн бойжуулах гэж ядарч, нойргүйдэж, стресстэж байгаа. Ийм үед таны дээрх тайлбар түүнд сэтгэлийн зовлон өгөхөөс цаашгүй.
Чи хүүхэд тээж, төрүүлж өсгөж чадах юм уу?
Дахиад хэлье. Жирэмсэн болон төрсөн эхчүүд сонголтоо өөрсдөө хийсэн. Түүний сонголтыг гэр бүлийнхэн нь хүндэтгэн хүлээн авсан. Тэр магадгүй таны нүдэнд өөртөө анхаарал тавих ч сөхөөгүй ядруу, үс нь арзайсан, хормойгоо чирсэн арчаагүй амьтан мэт харагдаж мэдэх л дээ. Энэ бол төрсөн эхчүүдийн эхний хэдэн сарын ачааллаас шалтгаалсан түр зуурын үзэгдэл. Тэр өөрийгөө чадна гэдгийг мэдэж байгаа учраас л хүүхэд төрүүлсэн. Тиймээс түүнд бүү муу үг хэл. Харин түүнд тусла.
Чи хүүхэдтэй болоход хэтэрхий залуу, эсвэл хэтэрхий хөгшиднө шүү дээ?
Хүүхэд гаргахад нас биед хүрсэн эмэгтэй хүний нас, биеийн харьцаа, өндөр нам огтхон ч хамаагүй. Эрүүл биетэй эмэгтэй хүн бүр л үрийн зулай үнэрлэж, бяцхан үрийнхээ сүүний үнэрийг дахин дахин үнэрлэхийг хичээдэг шүү дээ. Тухайн бүсгүй хүүхдээ тээхээр, төрүүлэхээр шийдсэн л бол та хэчнээн тайлбар тавиад юу ч өөрчлөгдөхгүй. Харин ч таны тайлбар түүнийг гомдоож, бухимдуулах болно.
Хөөх, чи аймшигтай таргалжээ, эрүүл үү?
Хэн нэгний жингийн талаар хэзээ ч бүү сөрөг зүйл ярь. Тэр хэчнээн их жин нэмсэн байсан ч гэлээ танд муугаар хэлэгдэхээр юм хийгээгүй. Тэгээд ч төрсний дараа жингээ хасахад тодорхой хугацаа хэрэгтэй байдгийг мэдэж ав.
Чи жирэмсэн гэхэд арай дэндүү туранхай юм аа
Дээрхийн нэгэн адил хэн нэгний жингийн талаар та дүгнэлт хийх эрхтэй хүн нь биш.
Чи “гоол” алдчихав уу, эсвэл төлөвлөж жирэмсэлсэн юм уу?
Энэ бол жирэмсэн эмэгтэйд хэлэхэд дэндүү цээртэй үг. Та хэчнээн асуухыг хүссэн ч энэ тухай март. Хүүхэд бол бурханы хишиг. Тиймээс та энэ үгийг хэлснээрээ түүнийг “Хүсээгүй жирэмслэлт” болсон юм уу гэж асууснаас өөрцгүй. Иймд энэ үг зөвхөн тухайн эмэгтэй болон түүний нөхөрт хамаатай асуудал.
Алив, гэдсэнд чинь хүрье
Жирэмсэн эмэгтэйчүүд гэдсэндээ тэр бүр хэн хүнийг хүргээд байх дургүй байдаг. Яагаад гэвэл энэ бол түүний хувийн орон зай шүү дээ. Та түүний дотны хүн, гэр бүлийн хүн нь бол та түүний гэдсэнд хүрэхэд тэр огтхон ч дургүйцэхгүй. Харин та түүнийг танихгүй нэгэн бол энэ тухай хэзээ ч бүү асуугаарай.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
