Элсэрхэг газрын таанын үнэртэй салхи, эсгий өргөөний дээврийн хормойд алиална. Авто машины эргэлдэх хүрдний тоололтоор үнээ тугал мөөрөлдсөн зэлнээс бөгтөр нуруундаа аргалтай араг үүрч, сүүний үнэртэй эсгий өргөөн зүг ганхалзаж явахдаа хүүгийнхээ ирэхийг махир хуруугаа даран даран тоолж байдаг. Ээжийн минь зандан аяганд ээзгий дэвтсэн шаргал цайн амтанд шүлсээ залгисаар ирэхэд ээж минь махир хуруугаар зулайг минь илж магнай дээр минь үнсдэг сормуус дэвтсээр…
Ямсган арьсан дэвсгэртэй богинохон өргөөний зүүн талын тэгшхэн хураасан бараан дээр айраг сүүний үнэр шингэсэн ээжийн минь бүрэн хаваастай хүрэн үч, тэгшхэн тавиастай харагдахаар би элгэндээ наалдуулж дасал болсон сайхан үнэрт нь согтуурч удаан зогслоо. Ээж минь наян насны мөнгөн дөрөө жийж явахдаа, хэчнээн олон хавар намрыг элээж, алтан дэлхийд нялхын дуугаа сонордуулан аав ээжийнхээ амин сахиа болсон хүний үрсийг амар мэндээр өсгөж ирснийг энэхүү хаваастай хүрэн үчийн хаваас бүрийн тоонд бичээстэй байдгийг нутаг усны минь ээж аав бологсдын сэтгэлд үүрд дурсгалтай байх нь лавтай.
Ээж минь, хэчнээн удаагийн хур бороо, салхи шуурганаар өрүүлж явсан ч, атираа буусан царай дээрээ тайван мишээл тодруулж, эх бариачийн туршлагаараа эх нялхсыг халуун үнэсэлтээр золгуулж ирснийг энэхүү нутгийн буурал салхи л зөөлөн шивнэж, гарыг нь ганзага атгуулж, хөлийг нь дөрөө өнгөлүүлсэн үр хойчис бүхний ариун зүүдэнд хоногшоод, баларшгүй дуртгал болж, амьдралын замд нь алтан жолоо тодруулсан тайлбар толь болжээ.
Ээжийн минь хаваастай хүрэн үчид хэчнээн олон үр нялхсын асааг шингэн, орчлон дэлхийд буянаа эдлэх хишиг буян тагшруулаад, далан давхар хаваасандаа хадгалж байна буй? гэдгийг хэн магадлах билээ! Ээж минь энэхэн хорвоогийн хатуу зөөлөн амьдралын нугалаанд учрахдаа хаваастай өчөө өмсөхөд хан дэлхийн аливаа сайн сайхан бүхнийг хурайлсан бусдын үрийн нялх хонгор дуу л сэтгэлийн хүч тамирыг сэргээдэг байжээ.
Эрээн хаваастай ээжийн минь хүрэн үч бөгтөр нуруунд нь он жилийн буурал салхиар илбүүлж ирснийг бодоход бид ах дүүгийн амин сахиа алтнаас үнэтэй ховор эрдэнэ болжээ. Нэн ч нутаг усны минь бор хөрсөнд өсч бойжих хувь тавилантай хэчнээн олон, алиа нялхаас идэр залуугийн анхны өлгий болсон сайхан түүх нь энэ л хаваастай үчид л түүхээ хадаж үлдээсэн байжээ.
Нар тунарсан дулаан орчлонд ээжийн минь уран гараараа оёсон хаваастай элбэг үч, мөнхийн үлдэгдэл болон хойшдоо хонгор үрийн торгон манцуй болж ээжийн ариун бүүвэйтэй үйлсийн сайхан залгах уламжлалын мөнгөн түлхүүр болсныг ээж минь огторгуйн цээлд анивалзах одон орноос бахдан харах юм.
Ээжийн минь эх бариачийн ариун гарт амьдралын халуун илчээр элдэгдэж, хаваастай хүрэн үч нь эмсийж өтөлсөн бөгтөр нуруунд нь хуниасгүй элбэг хэлэхээр харагдаад, залуу хойчсын амьдралын урт аянд, аюул зовлонгоос хэлтрүүлэх бурхан аврал агуулагдсан, энэ дэлхийд үрийнхээ төлөө энсэрдэг ээж аав бологсдод гэгээн толь болон хадагшина.
Өдрийн цагаа хэмждэг нарны тунгалаг гэрэл эсгий гэрийн ханын хагас таалан, ээжийн минь бусдын үрийг бүүвэйлэн тэвэрсэн, уураг сүний үнэртэй эрээн хаваастай, элэгдсэн үч дээр удаахан тунарахад, бодлын минь ханцуйнаас бүлээн нулимс энгэр дэвтээн шингэж, ээзгийтэй зандан аяга хоймор тал арслан тоглосон авдар дээр мөнх асах зулын гэрлээр гэгээрлэн, ээжийн минь энэрэнгүй дүртэй хамт таван тарианы үр, Тараг айргаар дүүрэн мэлмийж, алаг хорвоогийн сайхныг буян хишгийг эдлүүлсэн үрстээ эрүүл энхийн ивээл хайрлан амарлингуй мишээнэ.
Богинохон өргөөг нь гийгүүлдэг алтан нар уулын толгой улайтал үнсэх үеэр буцах замаа эвхэх энэхэн агшинд, тугал бяруу мөөрөлдсөн үнээний зэлнээс ээжийн минь махир таягтай мөр тагширсаар… энгэртээ тоссон алиа хонгор үрс нь алгаа хавсран мөргөж, даатгалын мөрөөдөлтэй хоцроход уураг тархинд ээжийн минь бурхан сэтгэлтэй дүр тодхон харагдаад, нутгийн минь энгэрт нарс болон сүглийж, энгэр нуруунд нь эрхэлж бойжсон үр хойчис нь ээжийн минь ариун сүнсэнд залбиран, наадгайн чулуугаа хураагаад тахил өргөж, эрүүл энх, сайн сайхнаа хурайлан даллана.
Нутгийн үгсийн тайлбар:
Ямсган (yamasgan ) арьсан ямаан арьсан дэвсгэр.
Хайг: Ганьсу мужийн Сүвэй шяний телевиз хороо
