
Зохиолч М.Хасбагана гэхээр түүний анхны роман болох “Засгийн хотгор” гэдэг нэр зайлшгүй дурсагддаг. Ууган романаараа уран зохиолын “Солонго” шагнал хүртэнэ гэдэг олны анхаарлыг эрхгүй татах том явдал билээ. Үүний дараа “Тэр холын бараа”, “Бүсгүй бараан замбуулин”, “Нутгийн халуун шороо” нэртэй дөрвөн романаа хэвлүүлэхэд олон бүтээлтэй зохиолч гэж уран зохиолын салбарт ам дамжин яригдаж байлаа.
М.Хасбагана тэтгэвэрт гарсныхаа дараа улам идэвхтэй бичиж, дараалан “Төрийн хар хүмүүс”, “Алтан яст өрлүүдийн Түмэн өлзий” нэртэй хоёр номоо хэвлүүлж, “Төрийн хар хүмүүс” номтойгоо зэрэгцүүлэн бичиж байсан “Салхи” хэмээх орчин үеийн сэдэвт романаа хэвлэлд оруулах тухай яриа сонсогдож байлаа. 2010 — 2011 онд “Цамын урд өдөр” нэртэй баримтат кино, олон ангит кино “Ордос хурим”-аа зураг авалт хийж, энэ киног нь телевизээр нэвтрүүлсэн байдаг.
2010 оны үеэр би зохиолч М.Хасбаганатай золгож, сүүлийн үед ажил ихтэй байна уу гэхэд зохиолч маань: -Мөн хийдгээ л хийж байна. Одоо тэтгэвэртээ гарчихсан” гэж байлаа. Зохиолч маань тэтгэвэрт гарсны дараа бичих нь олширч, олон шагнал ч хүртсэн байна. “Зуун намрын заяа” телевизийн олон ангит кино, “Ордос хурим” дуу нь Өвөр Монголын “Тав нэгийн төсөл”-ийн шагнал хүртэж, “Чонотой дуутай нутаг” тууж нь “Дорно” утга зохиолын шагнал, “Дахин хүмүүжил” тууж нь “Өнөрцэцэг шагнал”-ын хоёрдугаар байранд жагсаж, “Дуугүй ертөнц” өгүүллэг нь “Өнөрцэцэг шагнал”-ын тэргүүн байранд шалгаран, “Монгол бөхийн дэвжээн дээр” хэмээх тууж нь “Ордос утга зохилын шагнал” тус тус хүртсэн байна.
- Тэтгэвэрт гарснаас хойшхи дөрвөн жилийн хооронд шүү дээ. Та ч бас бичээд л байна, ямар хүч таныг ингэж бичүүлээд байдаг вэ? гэхэд зохиолч маань: -Улс үндэстний төлөө гэвэл үнэн ч юм уу, худал ч юм уу, их үг ч юм уу юу ч байж мэднэ. Шулуухан хэлбэл дур биеийг голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэхчилэн би дуртайдаа л бичиж байна. Хичнээн жилийн хийж сурсан ажил, бичиж байхгүй бол нэг л тогтворгүй байдаг. Жаахан юм биччихлээ гэхээр нэг л их юм хийчихсэн шиг санагдаж сэтгэл дүүрэн байдаг” гэж хэлэв.
Саяхан би зохиолч М.Хасбаганы намтрыг үзэж байгаад энэ хүн зохиол бичсэнээсээ хойш эхлээд шүлэг, дараа нь өгүүллэг найруулал, өгүүллэг, тууж, роман бичиж, хорин хэдэн тууж, долоон роман бичсэнийг мэдсэн юм. Дараа нь кино уран зохиол, олон ангит кино, дуулалт жүжиг, бас дөчөөд түмэн үсэг бүхий “Нэгэн зохиолчийн 365 өдөр” гэсэн өдрийн тэмдэглэлээ “Цолмон” сэтгүүл дээр нийтлүүлж байгаа. Мөн “Өвөр Монголын их сургууль”-ийн хэвлэлийн хорооноос түүний Ордосын зан үйл соёлын сурвалжлагын эмхтгэлийг ном болгон хэвлэж байна. Тэрээр бас гэргийтэйгээ хамтран “Ордос холбоо хоршоо үгийн эмхэтгэл”, мөн “Ордос хавт хэллэгийн эмхэтгэл” /хавт гэдэг нь хоршоо холбоо үгийг хэлнэ/ гэсэн хоёр номоо торгон цаасан дээр бийрээр бичээд хадгалж байгаа юм байна. Тэгж байтал нэг нөхөр надад зохиолч М.Хасбагана ойрын үед найраглал бичиж байгаа гэдгийг дуулгав. Гурван мянга гаруй мөр биччихэж, заримдаа “Миний энэ ер нь шүлэг мөн үү, биш үү?” гээд гайхчихсан сууж байна гэдэг. Саяхан би эрхэм зохиолчтой золгож, “Та ажил ихтэй байна уу?” гэхэд “Танай залуучуудаар компьютер дээр үсэг бичүүлье” гэж байлаа. Зохиолч маань: -Тэр юмыг нь чадахгүй бас нэг их гай. Өөртөө Засах Орны Намын Хорооны ухуулах хэлтсээс “Соёлын орд хонгил”-ын үйл ажиллагаа өрнүүлж, олон арван ном гаргана гэнэ. Ингээд надад ”Ан агнах соёл”, “Монгол тариалах соёл”, “Монгол арилжаа худалдааны соёл” гэсэн гурван ном бичих үүрэг өгчихлөө. Тэгээд зохиолын тоймоо заавал компьютер дээр бич гэнэ!” гээд явж байсан. Найраглал бичиж байгаа тухайгаа яриагүй л дээ, шүлэг гэгчийг залуу насанд бичдэг гэсэн биш үү? Одоо “Жаран насыг өнгөрч заж нь цайчихаад шүлэг бичив” гэгчээр илүү үг байлгүй гэж би өөрөө бодох боллоо.
Тэгж байтал “Өвөр Монголын өдрийн сонин ”-оос Ордос нутагтай зохиолчийн тухай сурвалжлах үүргийг надад найдан даалгаснаар би М.Хасбагана-ыг сурвалжлахаар очсон юм.
-Сайн байна уу? Таны товч намтартай танилцлаа. Та өгүүллэг, найруулал, тууж, роман, жүжгийн зохиолоос гадна бас өгүүлэл шүүмж, өдрийн тэмдэглэл, мөн хоёр номоо биччихээд нийтлэхгүй хадгаллаа гэж байна. Үүнийхээ тухай ярихгүй юу?” гэсэн асуултад зохиолч: -Өгүүлэл шүүмж гэгч нь ийм юм. Яг өгүүлэл шүүмжийн хандлагаар бичих гэсэнгүй. Хүн гэдэг нэгэн жаран жил өнгөрвөл хуучин хүн болчихдог юм байна. Таних, танихгүй хүмүүс эсвэл радио, телевизийн сэтгүүлчид өнгөрсөн үйл явдлын тухай асуудаг. Мэдэхийгээ хэллээ, мэдэхгүй зүйлийг нь асууж мэдэж аваад хэллээ. Дөчин жил өнгөрвөл түүх гэдэг соёл болчихдог юм байна. Үгүй, үүнийг бичиж тавихгүй бол орхигдох юм байна гээд бичсээр байгаад олширч хуримтлагдсаар нэг ном болчихдог. Өдрийн тэмдэглэл гэгчийн хувьд цаг зуурын уушигны хатгаа дэлгэрч, хүн ардыг айлгасан тэр жил би өдөр бүр тэмдэглэл хийсэн юм. Сүүлд нь түүнийгээ “Цолмон “ сэтгүүлд өгчихсөн гэлээ.
— Аан, тийм юм байна. Тэгвэл тэр нийтлэхгүй дарсан хоёр ном нь ямар учиртай вэ? гэж асуувал зохиолч маань аргаа барсан байдалтай инээмсэглээд: -Өө, нэг найз минь өглөө бүр бийрээр бичиж дадвал амьсгалын дасгал хийсэнтэй эн тэнцэнэ гэж хэлсэн юм. За тэгвэл энэ амархан дасгал байна гэж бодоод л бичсэн. Анх энэ шүлэг, тэр бадаг гээд бичиж эхэллээ. Хожим нь бодоод байхад нэгэнт л бичвэл бичсэн шиг жаахан дорвитой юм бичье гэж бодоод Ордос холбоо хоршоо, холбоо үгийг эмхэтгэе гэж бодлоо. Учир нь би Ордос холбоо хоршоо үг өвөрмөц онцлогтойг өмнө нь сэрж мэдсэн юм. Ингэж эмхэтгэхэд гэргий минь сүрхий тус болж миний мартсан буюу үл мэдэх орон зайг нөхсөн юм. Үүнийг хийж дуусгаад Ордос хавт хэллэгийг эмхэтгэсэн ухаантай. Одоо цагт тийм ч ашигтай юм биш магадгүй, он удвал бас тус болж юуны магад гээд бичээд хадгалсан юм” гэлээ.
Бодоод байхад энэ зохиолч зорилготой, зорилгогүйгээр уран зохиолын төрөл зүйлийг бүгдийг оролдсон байх нь уу? Тэгвэл найраглал бичиж байна гэдэг үнэн юм болов уу? гэх бодол төрж: -Таныг бас найраглал бичиж байна гэж сонслоо, энэ үнэн юм болов уу?” гэвэл зохиолч маань толгой дохиод: -Үнэхээр нэг юм бичиж байна, болох эсэхийг мэдэхгүй. Болчих болов уу гээд бодож байна. Би дууны үг ч бичиж үзсэн, миний нэг зээ хүү дууны ая сайхан бичдэг. “-Хүнд дууны цомог хийж өгөх гэж байна. Надад дууны үг хурдан бичиж өг!” гэсэн юм. Тэр үед би хөдөө “Ордос хурим” -ын зураг авалттай зав багатай явж байсан. Яаралтай гэхээр нь нэг юм эвлүүлээд өгөөд явуулчихсан. Дараа нь “Тав нэгийн төсөл”-ийн шагнал авсан байна лээ. Тэгээд болдог юм байна гэх бодол төрсөн юм. Өмнөх хэдэн жил би шүлэг бичиж сэтгүүл дээр нийтэлсэн. Тэгээд: -Миний энэ шүлэг мөн үү, үнэнээр нь хэл!” гэхэд нь “Шүлэг мөн!” гэж хэлцгээлээ. За тэгээд зохиолч хүний хувьд бүгдийг нь нэг бичиж үзье гэж бодоод одоо энэ найраглалтайгаа ноцолдож байхгүй юу” гэлээ.
Хэлж буйгаас нь үзвэл хүндэт зохиолч маань юу бүгдийг нэг бүрчлэн бичиж үзье гэж бодсон хүн юм байна.
-Хүн бүхэнд өөрийн гэсэн бодол байдаг. Харин ингэж хийхэд хичнээн ур ухаан, оюуны хөдөлмөр зарцуулдгийг нэг бүрчлэн ярьж барахгүй. Авьяас билэг гэдэг үнэхээр байдаг юм билээ? гэж би асуулаа.
— Тэр ч тийм байх, авьяас билэг ч бол яах вэ, бас бага сага байх хэрэгтэй байлгүй. Хамгийн чухал нь итгэл зориг хэрэгтэй! Юуг ч хийгээд нэг хэмжээнд хүрвэл юм бүхэн нь амархан болчихдог ёс бас бий гэж зохиолч хэлэв.
Зохиолч М.Хасбагана зохиолтойгоо адилхан уурлах, баярлахаа нуухгүй, сэтгэл хөдлөлөө гаргаж чаддаг хүн. Үг байвал ил хэлчихдэг. Заримдаа хүнийг уурлуулдаг боловч хүний араар бусдыг муулдаггүй, түүнийгээ гэгээнээр тайлж явдаг хүн. Цагаан цайлган, ямар ч үед ямар ч хүнтэй нэг л зангаараа харилцдаг зантай. Энэ бол нийгэм түүнд өгсөн дүгнэлт билээ. Зохиолч М. Хасбагана гэгч ийм л хүн билээ.
