Хятадын Үндэсний статистикийн газрын 04-р сарын 17-нд нийтэлсэн тоо баримтаас үзвэл: Энэ жилийн эхний улирлын ДНБ өнгөрсөн оны мөн үеэс 6.8 хувиар өсөж, эдийн засгийн үйл ажиллагааны гараа сайн бөгөөд тогтвортой, чанар, үр ашиг нэмэгдэж, хөгжлийн зөв хандлагаа баталгаажуулан, энэ оны эдийн засгийн эрүүл, тогтвортой хөгжилд сайн суурь тавьж өгсөн байна.
Хятадын албаны талын статистикаас үзвэл, урьдчилсан тооцоогоор энэ жилийн эхний улирлын ДНБ-ий хэмжээ 19 их наяд 800 тэрбум юаньд хүрч, харьцуулсан үнээр бодвол өнгөрсөн оны эхний улирлаас 6.8 хувиар өссөн нь энэ оны эдийн засгийн өсөлтийн хэмжээг 6.5 хувьд хүрнэ гэж тооцоолсноос арай өндөр үзүүлэлт гарчээ.
Хятадын Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Шин Жыхун хэлэхдээ: Макро хяналтын гол гол үзүүлэлтээс үзвэл, энэ жилийн эхний улиралд Хятадын эдийн засгийн өсөлт тогтвортой, ажил эрхлэлт нэмэгдэж, барааны үнэ тогтвортой, олон улсын орлого зарлагын баланс тэнцвэртэй, ерөнхийдөө сайн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Эдийн засгийн өсөлт 6.8 хувьд хүрсэн нь өнгөрсөн оны 4-р улиралтай ижил, эдийн засгийн өсөлтөө 11 улирал дараалан 6.7-6.9 хувийн хооронд барьсаар байна. Ажлын байрны хангамж тогтвортой нэмэгдэж, нэг улирлын сар бүрийн хот хөдөөгийн ажилгүйдлийн түвшин 5 орчим хувь, барааны үнийн ерөнхий байдал тогтвортой, аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн үнэ удаашрах байдал илэрч, олон улсын орлого зарлага үндсэндээ тэнцвэртэй байна. Он гарснаас хойш, Хятадын экспорт импорт хурдтай нэмэгдэж, ялангуяа импортын өсөлт экспортын өсөлтөөс илүү гарч, ашгийн зөрөө багасан, экспорт импорт улам тэнцвэртэй болж, гадаад валютын нөөц үндсэндээ тогтвортой байна гэжээ.
Бүртгэлээс үзвэл, нэгдүгээр улиралд Хятадын эдийн засгийн инновацийн хөдөлгөх хүчний үр ашиг тодорхой, эдийн засгийн бүтэц, аж ахуйн нэгжийн үр ашиг үргэлжлэн сайжирч, оршин суугчдын орлого нэмэгдэн, ногоон хөгжилд идэвхтэй ахиц гарчээ. Хятадын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх хэрэглээний үүрэг улам нэмэгдэж, хөрөнгө оруулалт нь ханган нийлүүлэлтийн бүтцийг сайжруулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа нь улам илэрхий болж байна гэж Шин Зихүн үзэж байна. Тэрээр хэлэхдээ: "Нэгдүгээр улиралд хэрэглээний зардлын оруулсан хувь нэмэр 77.8 хувьд хүрлээ. Энэ үзүүлэлт ноднин 58.8 хувьд хүрсэн юм. Хэрэглээний зардал 5 жил дараалан Хятадын эдийн засгийн өсөлтийн хамгийн том хөдөлгөх хүч боллоо. Хөрөнгө оруулалтын бүтцээс авч үзвэл, хамгийн чухал нь иргэний хөрөнгө оруулалт эрчтэй байж, бүх хөрөнгө оруулалтын 60 гаруй хувьд хүрч, нэгдүгээр улиралд өсөлтийн хэмжээ нь 8.9 хувьд хүрч, өсөлтийн хурд нь ноднин жилийнхээс 2.9 нэгжээр нэмэгдсэн" гэжээ.
Ирээдүйн тухай Шин Жихун хэлэхдээ: Олон улсад худалдааг ивээх үзэл гарч байна. Гол гол эдийн засгийн цогцын валютын бодлогын зохицуулалт гадаадад нөлөөлж, үүний зэрэгцээ банк санхүүгийн зах зээлд хэлбэлзэл гарч байгаа нь Хятадын эдийн засаг, үйлдвэрлэлд нөлөөлж болзошгүй юм. Гэвч Хятадын эдийн засаг эрчимжсэн, нөөц ихтэй байгаа ба ирээдүйд үргэлжлэн тогтвортой хөгжих болно гэжээ.
Төсөөллөөс үзвэл, шинэчлэл нээлт, инновацийн хүчин чадал нэмэгдэж байна. Бид үр өгөөжтэй, цуврал бодлого явуулна. Зах зээлийн гол гол цогцын эдийн засгийн төсөөлөл сайн, итгэмж нэмэгдлээ. 3-р сарын үйлдвэрлэлийн худалдан авах менежерүүдийн индекс 51.5 хувьд хүрч, 20 сар дараалан өргөжив. Үйлдвэрлэлийн бус бизнесийн үйл ажиллагааны индекс 7 сар дараалан 54 хувиас дээш үзүүлэлттэй байна. Хэрэглээний итгэмжийн индекс 122.3 хувьд хүрсэн нь маш сайн үзүүлэлт юм. Хангамж, хэрэглээ, урьдчилан төсөөлөл гурван талаас үзвэл, эдийн засгийн дотоодын хүчин чадал нэмэгдэж байна. Энэ нь Хятадын эдийн засгийн эрүүл, тогтвортой хөгжлийн гол тулгуур болно гэжээ.
