solongonews
Сүүнээс ариун идээ үгүй, сэтгэлээс том далай үгүй
2018-04-12 22:36
Энэ жил 49 настай Цагаанхүүхэн Баяннуур аймгийн Урадын хойд хошууны Цог-Өндөр суурингийн Цагаан-Овоо багийн малчин.

 

1992 онд Урадын хойд хошууны Монгол дунд сургуульд ахлах болон дунд ангиа дүүргээд хөдөө нутагтаа харьж, аав ээждээ туслан мал маллажээ. 2008 онд охиноо сургуульд оруулахаар тус хошууны төв Баянбулаг сууринд очиж дэлгүүр худалдан авснаар бизнесийн замаа эхлүүлсэн.

Цагаанхүүхэн ажилсаг хөдөлмөрч, зоригтой бүсгүй. Тэрээр “Хүнээс гурван хуруу доор амьдравч, ухаанаар гурван хуруу дээр яв” гэсэн аавын сургаалыг санаж, дараа жил нь монгол уламжлалт цагаан идээ, борц борлуулах дэлгүүрээ нээсэн байна.

Цагаанхүүхэн тухайн үед охиноо сургуульд зөөхөөр хот орж ажил хийж явахдаа үйл оёдолд суралцан, цагаан идээний дэлгүүрт үйлчлэгчийн ажил ч хийж байлаа.

- Өөрөө цагаан идээний дэлгүүр ажиллуулдаг хүн бусдыг хараад байж яаж болох билээ. Малын ашиг шимийг боловсруулах тусгай хоршоо байгуулах хэрэгтэй. Ингэж байж өөрөө илүү ашиг орлого олохоос гадна, ойр хавийн малчдаа хөтлөн дагуулж ашиг орлогыг нь нэмэгдүүлэн амьдралыг нь сайжруулна. Анх дэлгүүр нээхэд хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй, арга туршлага ч дутах зэрэг олон талын бэрхшээл тулгарсан гэж Цагаанхүүхэн ярьж байлаа.

Дэлгүүр нээсний дараа тэрээр Цагаан-Овоо багийн хэдэн малчидтай хамтран “Баян-Өлзий борцны тусгай хоршоо” үүсгэн байгуулж, өөрийн эрхэлж байсан дэлгүүрээ цагаан идээ, борцны худалдааны тусгай дэлгүүр болгож, дэлгүүрийн нэрээ өөрийн өсч төрсөн нутгийнхаа нэрээр “Баян-Өлзий борцны дэлгүүр” гэж нэрлэв.

Цагаанхүүхэн тусгай хоршоогоо Цагаан-Овоо багийн хуучин мал аж ахуйн суурин дээрээ байгуулж, анх эхлэхэд зургаан өрх малчидтай хамтарч байсан. Харин одоо хөгжөөд 16 гишүүн өрхтэй болсон байна. Хоршооны ажлын цагийн хуваарийн хувьд тэр өөрөө борц хатаах газар, машин, мэргэжлээр хангахаас гадна, борлуулалт хариуцаж, хоршооны малчдаа малын махаар хангах, ээлжлэн мах борцолж хатаах, хайрцаглаж савлах зэрэг ажлуудыг хийдэг. Арав гаруй жилийн хугацаанд ажлын хуваариа тодорхой болгож, ашиг орлогоо тэнцүү хуваарилснаар тусгай хоршооны бүхий л ажил урагштай болсон юм. Улмаар Цагаанхүүхэн ашиг орлого олсноор барахгүй хоршооны малчдын орлого ч нэмэгдээд хамтдаа баяжин чинээлэгжих шинэ зам нээсэн байна.

- Одоо манай энэ дэлгүүр сууриндаа цар хүрээгээрээ нэлээд томдоо орно. Бусдаас ялгаатай зүйл гэвэл борц, тэмээний айраг, саалийн архи, шар тос, хатаасан өрөм зэргийг өөрсдөө үйлдвэрлэн боловсруулж байна. Сайн тал нь гэвэл борц ба зарим цагаан идээний бүтээгдэхүүн чанар сайтайн дээр шинэ соргог. Ялангуяа идээ ундааны аюулгүй байдлыг анхаарч байгаа өнөө үед ариун цэвэр, хольцгүй монгол уламжлалт идээг хэрэглэгчдэд хүргэх нь юу юунаас ч чухал хэмээн дэлгүүр ажиллуулж ирсэн арга туршлагаасаа танилцууллаа.

Цагаанхүүхэн хэдийгээр бичиг соёл төдийлөн их үзээгүй боловч цагаан идээний худалдаа хийсэн арав гаруй жилийн туршид нэг талын итгэлийг чухалчлан борлуулалт хийхийн зэрэгцээ цаг заваараа бусад цагаан идээний зах, дэлгүүрт судалгаа хийжээ. Хөххот, Эрээн хот, Шилийнгол аймаг, Хөлөнбуйр, Ордос хот, Алшаа зэрэг аймаг, хотын цагаан идээ, борц боловсруулж байгаа аж ахуйн нэгж болон хувь хүнээс дэлгүүр ажиллуулах арга туршлага суралцаж, өөрийн арга хэлбэрээ шинэчлэн сайжруулсан байна. Жишээлбэл, цагаан идээний дүр төрхийн зураг урлал, боловсруулж байгаа мэргэжлээс аваад худалдааны байдал, зах зээлийн үнэ ханш зэрэгт бүх талын судалгаа хийсэн байна.

Одоо “Баян-Өлзий борцны бүрэн дэлгүүр” нь Өвөр Монголын нутаг бүрээс цагаан идээ худалдан авч борлуулж байна. Тухайлбал: Ааруул, цагаан тос, дашмаг, хуурсан амуу, чихэр, үхэр, хонь, ямааны борц, мөн үндэстний эдлэл хэрэгсэл, хурим найрын эд зүйлс, монгол хувцас засал, хос уянга, арьсан зураг, шашны эдлэл хэрэгсэл зэргийг худалдан авч борлуулж байгаагаас гадна, өөрсдөө борц, саалийн архи ба хэсэг цагаан идээг боловсруулж байна.

Тэрээр арав гаруй жил цагаан идээ худалдан борлуулах явцдаа “Хэрэглэгчдийг хүндэтгэн чанарыг чухалчилж, итгэлтэй, халуун найрсаг үйлчилгээ үзүүлэх” арга хэлбэрийг баримталснаар ажил үйлсийн харгуйгаа илүү өнгөтэй болгов. Өөрөө ч өдий төдий шагнал медалиар энгэрээ мялаалгасан байна. 2009 оноос хойш Цагаанхүүхэн “Өвөр Монголын аж үйлдвэрлэл эрхэлсэн хамгийн сайн үлгэр жишээч эмэгтэй”, “Өвөр Монголын Цахилдаг цэцэг нэрэмжит эмэгтэйчүүдийн сургуулийн онц урьсан багш”, “Бүх хошууны бэлчээрлүүлэхийг зогсоож, аж үйлдвэр эрхэлсэн үлгэр жишээч өрх”, “Хошууны зэрэглэлийн аж үйлдвэр эрхэлсэн эмэгтэйчүүдийн шилдэг төлөөлөгч”, “Хошууны үйлдвэр, худалдааны холбоот хурлын шилдэг гишүүн” зэрэг олон олон нэр хүнд, шагнал урамшуулал хүртсэн байна.

Цагаанхүүхэн итгэл зүтгэлээр үйлсээ дээдэлж, өгөөмөр хайраар өрөөл бусдад тусалдаг эмэгтэй бизнес эрхлэгчдийн шилдэг нэгэн төлөөлөгч. Тэрээр өөрийн эрхэлж байгаа үйл хэрэгтээ бүхий л сэтгэл зүрхээ зориулан ажиллаж, ганц охиноо хүний дайтай өсгөлөө. Бас амьдрал нь ядуу айлын охиныг үрчлэн тэжээж, бичиг соёлын мөр хөөлгөн, Юньнань мужийн Лижянгийн Урлагийн сургуулийн Зар сурталчилгааны дизайн төлөвлөлтийн мэргэжлээр дөрвөн жил суралцуулан төгсгөжээ. Охин нь өнгөрсөн намар Хөлөнбуйр хотын Хайлаар дүүргийн нэгэн компанид арьсан сийлмэлийн дизайн төлөвлөгөөний тусгай мэргэжлээр ажиллаж байна. Үүнээс гадна, тэрээр өөрийн сайн дураараа тус хошууны монгол бага сургуулийн хоёрдугаар ангид суралцаж буй өнчин хүүхэд Нандинд “Баасан гарагийн ээж” нь болж, түүний сар бүрийн амьдралын зардлыг даахын зэрэгцээ хувцас хунар авч өгөн, бяцхан Нандинд амьдралыг дэмжиж, тав дахь өдөр бүр гэртээ авч ирэн эхийн хайр, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлж явна.

“Сүүнээс ариун идээ үгүй, сэтгэлээс их далай үгүй” гэдэгчлэн говийн гүнээс их үйлс ачсан “Баян-Өлзий борцны дэлгүүр”-ийн захирал Цагаанхүүхэний үйлсийн ариун харгуй нь илүү гэгээн саруул болох болтугай!

Зохиогч: ЦОГДАЛАЙ, ХАСТАНА
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл