Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоор ахлуулсан баг хамт олон 12 дугаар сарын 13-ны өдөр И Ли буюу “Elion” группийн Бээжин дэх ерөнхий төвд айлчлан Хөвчийн цөлжилтийг сааруулсан 30 жилийн үр дүнтэй танилцаж, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаагаа Монгол Улсад уламжлан хэрэгжүүлэхийг хүссэн байна.

Ц.Элбэгдоржоор ахлуулсан баг хамт олон Хятад улсад зохиогдож буй “Сүн Дү дэх Олон улсын дээд хэмжээний уулзалт 2018” арга хэмжээнд оролцохоор ирсэн ба “Дэлхийн цөлжилтийн эсрэг ажлын тэргүүлэх аж ахуйн нэгж” хэмээгдсэн И Ли групптэй танилцах хүслийн дагуу Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам зуучилсан байна.
Ц.Элбэгдоржоор ахлуулсан баг 13-ны өдөр И Ли группийн Хөвчийн элсний цөлжилтийг сааруулсан үр дүнгийн үзэсгэлэнгийн танхимд зочилж, Хятад улсын дээд түвшний удирдагчдын И Ли группд үзүүлж буй анхаарал дэмжлэг, мөн тэдний 30 жилийн туршлага, мэргэжил, засвар болон үзэл баримтлалтай танилцсан байна. Зочин багийнхан мөн И Ли группийн цөлжилтийг сааруулах, экологи, үйлдвэрлэл, ядуурлыг бууруулах зэрэг дөрвөн салбарыг тэнцвэртэй хөгжүүлэх талд гаргасан амжилт бүтээлүүдийг магтан сайшааж, өндрөөр үнэлэн, уг группийн ТУЗ-ийн дарга Ван Вэньбяо группээ удирдан Хөвчийн элстэй 30 жил тулж ажилласан нөр их хөдөлмөрт хүндэтгэл дэвшүүлж буйгаа илэрхийлсэн байна. Ц.Элбэгдорж хэлэхдээ:
- Монгол Улс болон Хятад улс нь хөрш орон. Монгол Улсын цөлжилтийн асуудал жил өнгөрөх тусам ноцтой болж байгаа. Хоёр орон цөлжилтийн эсрэг хамтдаа тэмцэх ёстой. Мөн И Ли групп цөлжилтийн эсрэг загвараа Монгол Улсад оруулж, экологийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.
Ажлын үр дүнтэй танилцсаны дараа хоёр тал уулзалт зохион байгуулав. И Ли Цэвэр эрчим хүчний ХК-ийн ерөнхийлөгч Шюй Вэйхүй И Ли группийн Морокко, Нигери зэрэг оронд хэрэгжүүлж буй ажлын загварыг зочдод танилцуулсан байна. Ц.Элбэгдорж И Ли компанийн гадаад дахь үйл ажиллагааны туршлагаас суралцах, бодитой төслийн хүрээнд хамтран ажиллахыг хүссэн байна.
Уулзалтын үеэр хоёр тал хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх талд санал нэгдэн, “Бүс ба зам” дагуух улс орнууд хоорондын хамтын ажиллагааны төслийн талаар зөвшилцсөн байна. Мөн хамтын ажиллагааны санамж бичиг найруулан, И Ли групп Монгол Улсад баг томилон судалгаа хийх төлөвлөгөө боловсруулж, судалгааны үр дүнг үндэслэн бодитой хамтын ажиллагааны хөтөлбөр зохиохоор болсон байна.
