
Кени улсын Лимуру хотын Sunrip үйлдвэр 08-р сарын 02-нд Хятадад авокадог анх удаа экспортлох ёслолын арга хэмжээг зохион байгуулав. Дөрвөн чингэлгээр дүүргэсэн авокадо жимсийг тэр өдөртөө савлаж, ачуулсан бөгөөд Бээжин, Шанхай, Гуанжүө болон бусад хотуудад борлуулах юм. Энэ нь Африкийн авокадо анх удаагаа Хятад руу экспортлогдож байгаа явдал болно.

Кени улсын Аж үйлдвэр, худалдаа ба аж ахуйн нэгжүүдийн хөгжлийн яамны дарга Давид Ашния тус ёслолд оролцон хэлсэн үгэндээ "Авокадо жимсийг Хятад руу экспортлох нь Африк тивд түүхэн ач холбогдолтой. Кени улсын гадаад валютын орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжлийг ахиулах ба холбогдох салбарын ялангуяа авокадо жимсийг тарьж ургуулж буй тариаланчдад чухал ач тусаа өгч байна" гэжээ.

Хятадын Кени улсад суугаа элчин сайд Жан И-Жүнь "Кени улс нь Хятад руу авокадог экспортолсон хамгийн анхны Африкийн улс болно.Энэ нь хоёр улсын дотно харьцааг харуулсан бас нэгэн гэрч болно. Авокадо жимст холбогдсон салбарын хөгжлийн боломж их бий. Ирээдүйд илүү олон шинэ ажлын байр бий болохыг дагаад тухайн газрын иргэдэд их ашиг тус авчрах болно" гэжээ.

Кени улс нь дэлхийн зургаадугаар том авокадо экспортолдог орон бөгөөд тус жимсийг экспортолдог Африкийн хамгийн том улс болно. Өнгөрсөн гурван жилд тус улсын авокадо экспортлох хэмжээ жил дараалан нэмэгдсэн боловч ерөнхий ургацын 10 хувийг л эзэлдэг. Хятад улс Кени улсын авокадо экспортлох хамгийн том зах зээл болно гэж Кенийн Засгийн газар үзэж байна.
