Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ны сайд Ван И 07-р сарын 06-ны өдөр Вена хотод Ираны цөмийн асуудлаарх гадаад хэргийн сайд нарын хуралд оролцсоны дараа хэвлэлд ярилцлага өгчээ.
Тэрээр: Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээр салаа замын уулзварт ирээд байгаа үед хуралдаж буй учраас энэ бол тун чухал, цагаа олсон хурал юм. Хуралд оролцсон талууд хариуцлагатай, санал нэгтэй сонголт хийж, хамтарсан мэдэгдэл гаргалаа. Үүний хамгийн гол агуулга нь бүх талын хэлэлцээрийг үргэлжлэн хамгаалж, мөрдөхийн зэрэгцээ, олон улсын хууль дүрмийг зөрчин ганц талаасаа хориг тавихыг эсэргүүцэж, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх олон улсын системийг үр ашигтай хамгаалах зэрэг болно.
Ираны цөмийн асуудлаар БНХАУ дараах таван зүйлт санаачилга дэвшүүлж байна. Нэгд, олон улсын дүрэм журмыг мөрдөх ёстой. Холбогдох орон дотоодын улс төрийн өөрчлөлтөөсөө шалтгаалж олон улсын үүрэг хариуцлагаасаа зугтах ёсгүй. Хоёрт, Бүх талын хэлэлцээрийг хэрэгжүүлэх ёстой. Бүх талын хэлэлцээр бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр батлуулсан олон улсын гэрээ хэлэлцээр учраас талууд түүнийг хянуур хэрэгжүүлэх үүрэгтэй. Бүх талын хэлэлцээр Ираны цөмийн хямралыг зохицуулсан төдийгүй цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх олон улсын системийг хамгаалахад идэвхтэй үүрэг гүйцэтгэснийг сүүлийн гурван жилийн практик гэрчиллээ. Хэлэлцээрийг хэрэгжүүлэхгүй байх учир шалтгаан бидэнд байхгүй. Гуравт, Дундад Дорнодын тогтвортой байдлыг хамгаална. Өдгөө Дундад Дорнодын байдал зангилаа үе шатандаа орж, бүх талын хэлэлцээрийн хэрэгжилт бүтэлгүйтвэл тус бүс нутагт төсөөлөхийн аргагүй сөрөг нөлөө үзүүлнэ. Талууд үүнийг зүгээр харж суух ёсгүй. Түүхэн үүргээ ухамсарлах байр сууринаас зөв, ухаалаг магадалгаа, сонголт хийх ёстой. Дөрөвт, ганц талаас хориг тавихыг эсэргүүцнэ. Ганц талаасаа хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг БНХАУ эсэргүүцсээр ирсэн. Энэ бол зарчмын асуудал. Ираны цөмийн асуудлаар ч мөн адил юм. Тавд, яриа хэлцлийг баримтлах ёстой. Ямар ч асуудлаар, ямар ч санал зөрөлдөөнтэй байсан тулж сөргөлдөх нь зөв гарц биш. Талууд бүх талын хэлэлцээрийг цааш хэрэгжүүлсэн нөхцөлд уужуу, нээлттэй, илэн далангүй яриа хэлцлийн индэр байгуулж, хоёр талт болон олон талт зөвшилцлийг ашиглан, бусад асуудлыг бүтээлч байр сууриар зохицуулж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамт хамгаалахыг Хятадын тал сайшаан дэмжинэ гэжээ.
