solongonews
Хот хөдөөгийн зайд амьдралаа цогцлоосон малчин
2017-08-28 12:05
Энэ жилийн зун бид Зүүн Баруун Үзэмчин хошуугаар гангийн байдлын тухай сурвалжилга хийж явахдаа Баруун Үзэмчин хошууны Баянхошуу сумын Сайханнуур багийн малчин Билэгбаатарын хөдөөний гэрт нь хүрэхээр утсаар нь залгахад “Би одоо хошууны төв дээрх махны дэлгүүртээ байна. Та нар наашаа хүрээд ирээрэй” гэсэн билээ. Ингээд бид Билэгбаатарын хошууны төв дээрх махны дэлгүүрт хүрч түүний хот хөдөөгийн зайд үйлдвэрлэл амьдралаа зохицуулж яваа тухай сурвалжлан мэдсэн билээ.

Хотод махны дэлгүүр нээж, хонио үнэ хүргэсэн зах зээлийн ухаан

Билэгбаатар хошууны төв Балгаргол сууринд махны дэлгүүр эрхлээд гурван жил болж байгаа юм гэнэ. Ингээд хонины үнэ буугаад эхлэхэд л махны дэлгүүр нээж, өөрийн хонио өөрөө борлуулж эхэлсэн ажээ.

Тэднийх 300 гаруй эх мал өвөлжүүлж энэ хавар 310 хурга тоссон байна. Зуны эхээр гантай байснаар 6 дугаар сарын сүүл 7 дагаар сарын эхээр 260 хургаа хошууны хөлдөөх агуулахад худалдахад нэг хурга дунджаар 660 юань (80 юанийн нөхвөр мөнгө орж байгаа) хүрсэн байна. Ингэж хургаа урьдчилан зарж, бэлчээр нутгийн дарамтыг зохих хэмжээгээр хөнгөлсөн Билэгбаатар гахай элсэнд байрладаг бэлчээр усны байдал, жилдээ өвс бордоо худалдан авах зардал, нутгийн түрээсний мөнгө ч өсч байгаа бодит байдал зэрэг олон талын шалтгаанаас болж энэ жил хонио бүгдийг зарж, үхэр маллахаар шийдэж хонио эхлээд өөрийн махны дэлгүүртээ нарийн борлуулж байжээ.

- Би махны дэлгүүртээ өөрийн хонио гаргаж, нүдлэн борлуулдаг. Жилдээ 200 орчим хонь борлуулдаг. Энэ жил үлдсэн том хонио бүгдийг өөрийн махны дэлгүүрээрээ дамжуулан борлуулна. Ингэж байж хонио илүү үнэ хүргэнэ гэж Билэгбаатар ярив.

Тэр хонины махаа хаа гуя, цул мах, ястай мах гэж олон төрөлд хуваан хэсэглэж, 500г цул махыг 30 юань, ястай мах 28 төгрөг гэхчлэн тус тусдаа үнэ тогтоож борлуулахад хонь нь шууд борлуулсныг бодвол илүү үнэ хүрч, нэг хонины махнаас 300-400 юанийн илүү орлого олдог байна. Малчин Билэгбаатар ингэж махны дэлгүүр гарган хонины махаа өөрөө борлуулснаас өмнөх хоёр жил хонины үнэ буурсан ч тэрээр хонио өндөр үнэ хүргэж чадсан ажээ.

Хөдөө үхэр маллаж нутгаа хамгаалахаар шийдсэн холч ухаан

Малчин Билэгбаатар энэ жилээс хонио зарж үхэр маллахаар болсон юм. Билэгбаатар хөдөө нутагтаа мал аж ахуйн үйлдвэрлэлээ хөгжүүлж явахдаа нутаг усаа хайрлаж хамгаалахыг үргэлж чухалчлан үзэж өөрийн 187 га нутаг дээрээ нэмээд гаднаас 667 га нутаг түрээслэн, мал бэлчээрийн тэнцвэрээ хадгалан малаа малласаар ирсэн юм.

- Малчин хүний хувьд нутаг бэлчээрээ хамгаалах нь мал аж ахуйгаа хөгжүүлэх суурь болдог. Тиймээс бид мал аж ахуйгаа хөгжүүлж явахдаа нутаг бэлчээрээ хамгаалах ажлыг ч хийж байвал мал аж ахуй үргэлжлэн хөгжих баталгаатай болж чадна. Нутаг бэлчээргүй болоход бид хаана малаа маллах билээ гэж Билэгбаатар холын бодолтой ярьж байв.

Сүүлийн хоёр жил Үзэмчин нутагт ган болж, нутаг бэлчээрийн дарамтыг хүндрүүлж байгаа энэ нөхцөл байдалд нутгаа хамгаалах нь тэргүүн чухал асуудал хэмээн үзэж, энэ жил үүлдэр сайжруулсан 100 гаруй үхрээ үлдээж, бог малаа бүгдийг зарахаар төлөвлөөд байгаа ажээ. Малчин хүн бэлчээр нутаг хоёр амь нэгтэй байдаг гэдэг энэ билээ.

Малчин Билэгбаатар ингэж бог малаа зарсан ч үхрийн үүлдрээ сайжруулах, махны дэлгүүрээ илүү сайн эрхлэхээр дамжин ашиг орлогоо нэмэгдүүлэхээр чармайн ажиллаж явна.

Зохиогч: Хадаа
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Шилийнгол өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл