Хятадын Засгийн газрын гаргасан гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг бууруулах төлөвлөгөө нь 400 мянга орчим ажилчдыг ажлаас халахад хүргэж болзошгүй байгаа талаар Хятадын "Синь Хуа" мэдээллийн цахим хуудсанд бичжээ.

Хятадын Төмөрлөгийн үйлдвэрлэлийн хөгжил, төлөвлөлтийн судалгааны хүрээлэнгийн тэргүүн Ли Шиньчуаны үзэж буйгаар, гангийн үйлдвэрүүдийн 400 мянган ажилчнаас гадна энэ салбартай холбоотой олборлох үйлдвэрүүд болон эцсийн бүтээгдэхүүнийг борлуулдаг компаниудад илүү олон хүн ажлын байраа алдаж болзошгүй. “Гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг ийм их хэмжээгээр бууруулах нь нийгмийн тогтвортой байдалд аюул учруулна” гэж шинжээчийн хэлснийг Синь Хуа цахим хуудсанд уламжилжээ.
Хятадын Засгийн газар гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг ойрын хугацаанд 100-150 сая тонноор бууруулахаар төлөвлөж байна гэж Хятадын Коммунист намын хэвлэлийн гол байгууллага болох "Рэньминь Рыбао" сонинд нэгдүгээр сарын 25-нд мэдээлсэн байна. Үйлдвэрлэлийн аюулгүй байдал, байгаль орчин, чанар, эрчим хүчний хэрэглээний орчин үеийн стандартад нийцэж байгаагаар нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг бууруулах ёстой аж. 2015 онд Хятадын үйлдвэрлэл сүүлийн 34 жилд анх удаа буурсан үзүүлэлттэй гарсан байна. Өнгөрсөн онд тус улс 804 сая тонн ган үйлдвэрлэсэн нь 2014 оныхоос 2.3 хувиар буурсан үзүүлэлт аж.
