solongonews
Эдийн хишиг өөдөө
2017-02-14 17:35
”Хишиг”компанийн монгол үндэсний хувцасны урлан


Эрээн хот Монголчуудын хувьд хэдийн танил дасал болсон газар. Нэгийг хийж бүтээе гэж зорин ирсэн цөөнгүй монгол иргэд байдгаараа энэ хот илүү онцлог. Тэдний төлөөлөл Монголын хөрөнгө оруулалттай Хятад компани болох ”Хишиг”компанийн монгол үндэсний хувцасны урлан , “Хишиг” хоолны газрыг ажиллуулж буй Ё.Батчулуун, Д.Сумандашийн гэр бүлтэй танилцлаа.

”Хишиг”компанийн монгол үндэсний хувцасны урлан 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай бөгөөд 2013 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Монгол үндэстний олон загварын дээл хувцас, малгай, гутал зэргийг урлан оёдог.

Ё.Батчулуун анх 1998 он буюу одоогоос 19 жилийн өмнө ээжийнхээ хамт Эрээн хотод ирж байжээ. Тухайн үед ээж нь Эрээн хотоос бараа татаж хувийн жижиг бизнес эрхэлж байв. Тэр үеийн Эрээн хотыг одоогийн байдалтай харьцуулахын аргагүй. Өнөөдрийн Эрээн хотын зам харгуй, цэцэрлэгжилт, хот төлөвлөлт нь сайжирч хурдтай хөгжиж байгааг тэрээр ажигласан байна. Мөн тэдний хувьд амьдрахад тав тухай, цэвэр тохилог, нам гүм. Ялангуяа хүн олон, иргэдийн өндөр хэрэглээний чадвар нь бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлж байгаа талаар бидэнтэй хуваалцсан юм.

Хүүхдүүд нь сургуульд орох насанд хүрч, Хятад хэл сургахыг хүссэн нь Хятад улсад ирэх нэг шалтгаан болсон бол нөгөөтээгүүр Ё.Батчулуун эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах, Европ загварыг монгол загварт шилжүүлэн урлах ажлаа үргэлжлүүлэн хийхээр Эрээн хотод хөлжих шийдвэр гаргажээ.

Үйл ажиллагаагаа явуулаад дөрөв дэх жилээ угтаж байгаа “Хишиг” компанийн онцлог, давуу талыг Ё.Батчулуун танилцуулан ярихдаа:

- Компанийн бараа бүтээгдэхүүн монгол үндэстний онцлогоороо хамгийн давуу талтай. Одоогоор нийтдээ 15 монгол ажилчинтай. Дээл тэрлэг оёх 1 эсгүүрчин, 1 дизайнер, шилбэ товч хаддаг 2 хүн гээд нийт 4 хүн ажилладаг бол малгайн дизайнер 1 хүн, оёдолчин 1 хүн. Гутал урладаг 1 оёдолчин, 2 дизайнер нийт 3 ажилчин байдаг ба бусад туслах ажилчин байдаг. ”Хишиг”компанийн монгол үндэсний хувцасны урлан сард дунджаар 150–180 захиалга авдаг бол дэлгүүрээсээ 100-150 ширхэг дээл тэрлэгийг шууд борлуулж байна. Барааны материалын хувьд Хятад торго, Индонези улсаас оруулсан торго гэсэн хоёр сонголттой. Материал болон ажиллагаанаас хамаарч энгийн хэрэглээ, дундаж хэрэглээ, өндөр зэрэглэлийн хэрэглээ гэж хуваагдах бөгөөд 650-3500 юанийн хооронд үнэлэгддэг.Одоогоор Эрээн хотоос гадна Шилийнхот, Ордос, Сөнид баруун хошуунд “Хишиг” брэндийн барааг борлуулдаг дэлгүүрүүд бий. Компанийн зүгээс ажилтнуудад өндөр шаардлага тавьдаг. Тухайн хүний төгссөн сургууль болон оёдлын чиглэлээр хэдэн жил ажилласан болон оёх оёдлын чанарыг харна. Хамгийн гол шалгуур нь энэ компанийн төлөө сэтгэлээсээ ажиллаж чадах залуусыг ажилд авна. “Хишиг” нэр дээр үйлдвэрлэн гарч байгаа бараа ажилтны гараас үйлчлүүлэгчийн гар дээр очих учир зөв сэтгэлтэй, ажилд шантардаггүй байх нь хамгийн гол болно. Бид оёсон оёдлын үнэлгээгээрээ цалин олгодог.

Онлайн худалдаа газар авч байгаа нь ирээдүйн зах зээлийн хандлага. Харин Ё.Батчулуун үүний тухай өөрөөр боддог байжээ. Сэтгэл гаргаж урласан дээл хувцсыг хэн ч өмсөж болохоор энгийн худалдааны зориулалттай хувцастай харьцуулбал ялгаа нь тодорхой, үйлчлүүлэгч өөрөө зорьж ирээд таалагдсан дээл хувцсаа худалдан авах буюу хүссэнээрээ захиалга өгч хийлгэх нь илүү үр дүнтэй, сайн чанарын бүтээл гарна. Тиймээс хаана сайгүй харагдах загварыг онлайнаар худалдахын оронд онцлог шингэсэн гарын ураар бүтсэн жинхэнэ урлагийн бүтээлийг хийхээр тэд зорилго тавин ажилладаг. “Хишиг” урлангийн бүтээгдэхүүн ихэвчлэн Өвөр Монголын зах зээлийн худалдаанд гардаг учир Монгол Улсаас бусад 9 ястны хувцас загварыг судлан урлаж байгаа бөгөөд тэр дундаа илүү их хөдөлмөр, гарын ур шаарддаг Үзэмчин тэрлэгийг ч оёж байгаагаас мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн нь ажиглагдана.

Өөр өөрсдийнхөө чадах бүхнийг сэтгэлээсээ хийх нь тэдний ижилхэн чанар. 2013 онд Д.Сумандаш “Хишиг” урлангийнхаа хажууд 200 квадрат талбай бүхий байр түрээслэн монгол ресторан ажиллуулсан байна. Хоолны газартаа 6 Монгол зөөгчтэй. Санаа заяа нийлэн зорьсон үйлсийнхээ төлөө шантрахгүй ажиллаж байгаа энэ гэр бүл хөдөлмөрийн үнэ цэнийг илүү мэдрэн жаргалтай амьдарч байгаа нь илхэн.

Хятад, Монгол хоёр орны эдийн засаг, эрх зүйн, бизнесийн орчин өөр. Бизнес эрхэлж байгаа хүний нүдээр харахад энэ ялгаа илүү тод харагддаг болов уу. Эрээн хотод ажил хэрэг хөөцөлдөхөд цаг хэмнэнэ. Монголд 10-15 газар орж бичиг баримт бүрдүүлдэг бол Хятад улсад 3 газрын цогц үйлчилгээнд хандвал ерөнхийдөө шийдэгдэнэ. Эрээн хотын засгийн газраас 3 жилийн турш түрээсгүй орон сууц, дулаалгын нөхвөр, засал чимэглэлийн нөхвөр хангадаг зэрэг давуу талыг түшиглэн өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой гэж Ё.Батчулуун ярьж байв.

“Хишиг” компани энэ оны нэгдүгээр сарын 10–ны өдөр “Хишиг” нэрэмжит Хятад, Монголын үндэстний хувцасны загварын шоуг Эрээн хотод зохион байгуулсан юм. Компаниа өргөтгөн ажиллуулах төлөвлөгөөний хувьд Ё.Батчулуун өөрийн гэсэн бодолтой.

Ё.Батчулуун: - Хоёр хүү маань одоо Эрээн хотын Олон улсын дээд сургуульд сурч, бага охин Эрээн хотын Монгол үндэстний бага сургуульд суралцаж байна. Дараа нь бид хүүхдээ Шанхайн сургуульд явуулахаар төлөвлөж байна. Тэр үеийг хүртэл одоогоос хойш 5-6 жил бид Эрээн хотод ажиллаж амьдрах болно.Сургалт, боловсролын үзүүлэлтээрээ Шанхайн сургууль Европын сургуулиудаас дээгүүр ордог. Хүүхдүүд маань өөрсдийнхөө сонирхдог мэргэжлээрээ суралцахын зэрэгцээ Хятад хэлийг сайн эзэмших гэж бодож байна. XXI зуун Азийн зуун, тэр дундаа Хятадын зуун болж байна. Одоо цагт Хятад хэл сурахгүй бол их зүйлээс хоцрох магадлалтай гэж миний хувьд бодож байна.

       “Бүтэх төрийн бүс, мандах төрийн малгай, дэвжих төрийн дээл” гэдгээр тэр сайхан бүтээлийг хүнд зориулан урладаг болохоор гаднаас муу зүйл тусахгүй гэж Ё.Батчулуун итгэлтэй ярьж байлаа.

       Нутаг усны хишгийг олж явах гэгээн мөрөөдөл нь биелэн, эдийн хишиг нь өөдөө байх болтугай.

Гэр бүлээрээ

Зохиогч: Б.ХҮҮДҮҮТ
Найруулагч: huuduut
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл