3000 өнчин хүүхэд Өвөр Монголд ирсэн түүх нь тэртээ 1960-аад оноос эхтэй. 1959-1961 онд Хятад улс байгалийн гамшигт өртөж, олон бүс нутгийн иргэд хоол хүнсний хомсдолд тулгаран, ялангуяа Шанхай, Жянсү, Жэжян, Аньхуй зэрэг муж өлсгөлөнд автсан байв. Цөхрөнгөө барсан олон эцэг эхчүүд Шанхай дахь асрамжийн газруудад хүүхдээ хүргэж, амьд мэнд үлдээхийг хүсэж байлаа. Гэхдээ тухайн онцгой цаг үед асрамжийн газрууд ч хүүхэд өсгөх асар их дарамттай нүүрлэн, хоолгүйн улмаар хүүхдүүд амьд үлдэхийн аргагүй болсон эгзэгтэй мөчид БНХАУ-ын Ерөнхий сайд агсан Жөү Эньлай болон ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга, засаг дарга агсан Улаанхүү нар "3000 өнчин хүүхэд”-ийг Өвөр Монголд авчран, малчдад үрчлүүлэхээр хэлэлцсэн байна.
Өвөр Монголд ирсэн эдгээр хүүхдүүд 11 аймаг, хотын 37 хошуу шяний 1000 гаруй гэр бүлд үрчлэгдэн, "Улсын хүүхэд" гэж нэрлэгдэх болжээ. Тэр цагаас хойш өнчин хүүхдүүд гэр оронтой, шинэ аав ээж, монгол нэртэй болж, тал нутаг дахь шинэ амьдралаа эхлүүлсэн байна.
Энэ бол хүний ертөнцийн их хайр. Хятадын үндэстнүүдийн их эв нэгдлийн амьд жишээ бөгөөд түүхийн хуудсанд мартагдахааргүй аугаа түүх юм. УТЗЗ-ний БХХ-ны гишүүн Алтансангийн хэлснээр “Манай улс шиг олон үндэстэнтэй нэгдсэн улс орны хувьд үндэстний эв нэгдэл бол нарны гэрэл, агаар, ус бөгөөд бүх үндэстний ард түмний амин судас юм”.
